Та Дархан-Уул аймагт нэр дэвшсэн. Яагаад энэ тойргийг сонгож авсан бэ?
Эвслийн жагсаалтын эхэнд 2, 3 дахь дугаарт нь нэрээ оруулчихаад Улаанбаатарт сууж байгаад шууд л УИХ-ын гишүүн болчих арга зам надад болон надтай цуг нэр дэвшиж байгаа БуяагийнТулга бид хоёрт хангалттай байсан.
Нам, эвслийн ажил зохион байгуулж байгаа бидэнд биеийн амрыг хайгаад суух эрх байхгүй. Улаанбаатар, Дархан гээд хамгийн том хоёр хотод эвслийн байр суурийг зөв ойлгуулж дэмжлэг авах том үүрэг бидэнд ногдож байгаа юм
Ард түмэн, улс оронд минь тулгараад байгаа өнөөдрийн зовлон бэрхшээлийг яаж шийдэх талаар Дарханчуудтай нүүр тулан уулзаж байж, амьдралын үнэнийг тэднээс дахин сонсох хэрэгтэй байна.
Миний хувьд 1993, 1996, 2004 оны УИХ-ын сонгуулиудыг удирдаж байхдаа болон Ерөнхий сайд, Шадар сайдаар ажиллаж байхдаа Дарханд ажил төрлийн шугамаар их ирж байсан. 1996, 2004 онуудад Дарханд эвслээс нэр дэвшигчид маань ч 100 хувь сонгогдож байсан. 2005 оны сонгуулиар ч Дарханыхан надад өндөр санал өгч байсан.
Дархан бол 1990 оны ардчилсан хувьсгалын гал анхлан асссан газруудын нэг. Цаг үргэлж шинэчлэлийн төлөө санал өгдөг, шүүмжлэлтэй хандаж чаддаг, оюунлаг боловсролтой чанар нь Дарханчуудыг бусдаас тод товойлгон харагдуулдаг. Дарханчууд биднийг ойлгож хүлээн авах болов уу гэж найдаж байна.
-МАХН-МҮАН-ын “Шударга ёс эвсэл”-ийн 2012 оны сонгуульд дэвшүүлж байгаа мөрийн хөтөлбөр бусад намуудаас юугаараа онцлог болсон бэ...?
“МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл” өөрийн гэсэн бяцхан улс төрийн түүхтэй, нэг өдөр бий болчихсон байгууллага биш гэдгээс эхэлж ярья.
Монголын нийгэм нэг л биш ээ, бид буруу болоод байна гэдэг мэдрэмж олон хүмүүст байсан. Чухам юунаас болоод байна вэ гэдэг дээр санаа бодлоо чилээх хүмүүс их байлаа. Гэтэл 2008 оны сонгууль булхайтай болж, таван сайхан залуугийн амь настай тэнцэх стандарт бус үнэн хэрэг дээрээ хууль бус Засгийн газар байгуулагдсан юм.
Энэ цагаас хойш Монголын хоёр том нам өвөр түрийдээ орж МАНАН хэмээх улс төрийн үзэгдэл гаарах болсон. 2009 оны Ерөнхийлөгчийн сонгууль хэрэг дээрээ Оюу Толгойг гадныханд өгөх үү, үгүй юу гэдгийг шийдэх сонгууль байсан. МАНАН-г эсэргүүцэх зохион байгуулалттай улс төрийн хүчин бүрдэх ажил хэцүү ч гэсэн хийгдэж л байлаа. Чухам ийм бодлоор анх МАХН, МҮАН нийлж Улс төрийн холбоо байгуулж байв. Бид сонгуульд эгнээгээ улам өргөтгөх бодолтой байсан. Н.Энхбаяр даргыг сүр дуулиантай баривчилсан нь хэрэг дээрээ томоохон сөрөг хүчин үүсэхээс айсан, тэдэнд цохилт өгөх гэсэн эрх баригчдын алхам юм. Бид ч нөхцөл байдлыг харж байгаагийн хувьд Улс төрийнхөө холбоонд суурилж Шударга ёс эвсэл байгуулсан.
Манай эвслийн хөтөлбөр асар өргөн, гүнзгий агуулгатай. Ардчиллын хэмээх 20 жилд олсон зүйл байдаг ч алдсан зүйл чамгүй. Хур их хогийг тийм ч амархан зайлуулахгүй. Хамгийн том алдаа бол монголчууд өөр хоорондоо хэмлэлдэн харь хүмүүсийн хоол болж байгаа нь эмгэнэлтэй.
Өс хонзон өвөрлөж бие биеэ үгүйсгэх нь төрийн бүр дээд түвшинд хүрснийг бүгд харж байгаа. Энэ бол бидний систем, тогтолцоо Монгол үндэстэнд үйлчлэхээ больсны том нотолгоо.
Үүнийг бид засахгүй бол хэн засах юм гэсэн бодлыг тээж явна. Товчхондоо бол бид таван хувьсгал гэсэн хөтөлбөртэй. Буу шийдэм хангинуулах биш, Монголын нийгэмд чанарын өөрчлөлт авчрах Сонгуулийн хувьсгалын тухай яриа юм л даа.
Намууд олигтойхон юм ярьж өрсөлдөөсэй гэж боддог. Бодлогын өрсөлдөөнөөс Монгол хожих учиртай. Харамсалтай нь МАН болон АН энэ талаар дэндүү хоосон байна.
Их хуралдай боллоо. Шударга ёс эвсэл нэр дэвшигчдээ ямар шалгуураар тодруулсан бэ. Мэдээж ялалт авчрах бүрэн итгэлтэй хүмүүсээ сонгосон байх гэж бодож байна?
Тавьсан шалгуур бол бидэнтэй зүрх, сэтгэлээрээ нийлж нэгэн баг болж ажиллах чадварыг чухалчилсан. Алсын хараагаа ойлгосон, ард түмэндээ ойр байж чадах баг бүрдүүлсэн гэж бодож байна. Бидний дунд төрийн болон улс төрийн зовлонг үзэж, алдаж онож, унаж тусаж явсан том лидерүүд олноор байгаа.
Бидний дунд олны мэдэх Ойдов аварга, Нарангэрэл хуульч, дуучин Жавхлан гээд олон хүн бий. Би тэдний ярихыг чих тавин сонслоо. Биднээс дутахгүй улс төрчид л байна гэж бодогдсон шүү. Бидний дунд өндөр боловсролтой, ирүүдүйд итгэж болох сайхан залуус байгаа. Ер нь хольцыг нь тааруулах гэж хичээсэн. Эцсийн эцэст Монголоо зөв болгон өөрчлөх том баг бий болсон гэж бодож байна.
МАХН, МҮАН сонгуульд нэр дэвшигчдээ тодруулахдаа 70:30 гэсэн харьцаатай оролцсон гэж сонссон…?
Чухам ямар харьцаатай болсныг ер нь сонирхоогүй. Энэ бол чухал биш. Бид ялбал хамтаараа, ялагдвал хамтаараа гэсэн зарчимтай л яваа. Энэ жилийн сонгууль Монгол монголоороо үлдэх, эс үлдэхийг шийдвэрлэнэ хэмээн бодож байна.
МАХН, МҮАН гэдэг нэрийг брэнд гэж ярьцгаах болсон. Амжилт олох нэг шалтгаан нь энэ мөн үү. М.Энхсайхан, Н.Энхбаяр хоёроос гэхээсээ энэ нэрэнд сонгогчид төөрөлдөх вий гэсэн болгоомжлол МАН, АН-ын дотор байгаа нь анзаарагдаж буй. ..?
Брэнд нэр гэдэгтэй санал нэг байна. Яагаад брэнд нэрнээсээ динозавр намууд татгалзсан бэ гэдгийг тэднээс асуух хэрэгтэй. МАХН гэдэг нэрийн ард Монгол Улсын ХХ зууны түүх бий. МАХН гэдэг нэр Монголын тусгаар тогтнолтой салшгүй холбоотой. МҮАН бас муугүй брэнд нэр. Түүний ард цагаан морин жилийн ардчилсан хувьсгалын нандин эрмэлзэл байсан. Харамсалтай нь намууд үнэлэмжээ гээж, өнгө мөнгөнд татагдсан нь динозавр намууд брэнд нэрээ хогон дээр амархан хаяхад хүргэсэн байх. Хэрвээ Ардын нам, Ардчилсан нам монгол үндэстнийхээ эрх ашгийг бүрэн ухаардаг улс төрийн нам болчихвол би хувьдаа тэр брэнд нэрийг нь буцаагаад өгөхөд бэлэн байна.
Энэ сонгуульд МҮАН-ын баримтлах тактик, тусгайлан баримтлах мөрийн хөтөлбөр байгаа болов уу?
Бидний бүх ажил Эвслийн хүрээнд хийгдэнэ. Сонгуулийн хугацаа богинохон ч сонирхолтой ажиллана гэж бодож байна.
Сүүлийн үеийн судалгаагаар МАХН-ын рейтинг өндөр гарч байгаа тухай яригдаж байна. Ирэх сонгуулийн ялалтыг шударга ёс эвсэл авч магадгүй гэсэн таамаглал байх шиг байна. Ер нь Ардын нам ялагдах нь ч гэж ярих хүмүүс бий. Та энэ талаар ямар бодолтой яваа вэ?
Тааж ярих хэрэггүй байхаа. Миний хувьд Оюу толгойг гадныханд найр тавьж Монголыг өр зээлд унагааж, Таван толгойг өөр хоорондоо хувааж идэж, амлалтаа биелүүлэхгүй ард түмнээ ядууруулж, үндэсний уламжлалаа гээж ирээдүйгээ хүн адгуус болгож, төрт ёсоо гээж улс төрийн хэлмэгдүүлэлт эхлүүлж байгаа эрх баригчидтай манай эвсэл яаж тэмцэх вэ, энэ бүх алдааг яаж засах вэ гэдгийг сонгогчиддоо ярина, ойлгуулна. Монголчууд тэнэг, дүлий, юм бодохоо болчихсон мэтээр хандаж байгаатай эрс тэмцэнэ.
МАХН-МҮАН төрийн эрхийг гартаа авбал өс хонзонгийн төлөө л явна гэсэн зарим хүмүүсийн таамаг үнэн юм байна гэж ойлгож болох уу?
Монгол үндэстэнд бусдын боол болохгүйн төлөө тэмцэх сэтгэлийн хат байх ёстой. Түүнийг өс хонзон гэж нэрлэвэл тэгж ойлгож хочилж байгаа хүмүүс тэрүүгээрээ л ойлгог. Хувь хүний хувьд тэр тусмаа монгол хүн монгол хүндээ өс санахыг би хэзээ ч зөвшөөрдөггүй. Үүнийг уламжлалт шашин маань ч зөвшөөрдөггүй. Би сунаж мөргөөд байдаггүй ч Буддын шүтлэгтэй, өөрийн гэсэн үнэлэмжтэй хүн.
Та барууны хөрөнгө оруулалтыг яагаад ингэтлээ эсэргүүцээд байдаг юм бэ?
“Гадаадын хөрөнгө оруулалт” гэдэг нэр томьёог манайхан бүгдээрээ ярьж мэднэ. Зарим нь бүр тахин шүтдэг. Гэтэл “дотоодын хөрөнгө оруулалт” гэсэн нэр томьёо байна уу. Хэн ярьж байна. Ямар хэвлэл энэ талаар ярьж байна вэ. Огт байхгүй. Өөрийн бие даасан бодлоготой төр шиг төр байсан сан бол ингэхгүй байлаа.
Одоо бол гадныхныг шүтнэ, гадаадын хөрөнгө оруулалт, гадны зээл тусламж гэсэн колони орны сэтгэлгээнд автчихаад байгааг би эсэргүүцэж байгаа юм.
Ер нь энэ улс орныг яавал өөд нь татах бол. Танд ямар төлөвлөгөө байна вэ?
Ганц нэг үгээр хариулахын аргагүй асуулт байна. Бидэнд үндэсний эрх ашгаар засаглах бүтэн үзэл баримтлал байна, Шинэ Үндсэн хуулийн төсөл байна, Хөтөлбөр байна, он цагийн хугацаанд хатуужиж шалгарсан боловсон хүчний баг байна.
Ард түмэн хариуцлага үүр гэвэл хийх ажил асар их байна.
МАНАН-г хүчирхийлэл, дарангуйллын аргаар дарж устгах тухай МАХН-МҮАН-ынхан ярьдаг гэсэн шүүмжлэл бас болгоомжлол нийгэмд байдаг. Уг нь дайн дажингүй Монгол Улс маань мөнхөд тайвнаараа байвал сайхан байна. Хүчирхийлэл, дарангуйллыг хүсээд байх хүн байхгүй л болов уу. Та юу гэж бодож байна вэ?
Хүчирхийлэл хүчирхийллийг төрүүлнэ гэдгийг улс төрчид ойлгодог. Үүнээс зайлсхийх арга хэмжээ авдаг байх учиртай. Эс бөгөөс Африк нүдэнд харагдаж байна. Цөөн монголчууд өв уламжлалаа, аав, ээжийн сургаалийг дагавал ийм явдал болохгүй. Харин гадны заавар зөвлөгөөгөөр ажиллаад эхэлбэл хэцүү л болох байх шүү.
МАХН-ын дарга Н.Энхбаярт тохиолдсон сүүлийн үеийн үйл явлуудын талаар танаас асуухгүй өнгөрч болохгүй нь…
Үе Үеийн Ерөнхийлөгчид нийлэн байж Монгол төрийн “хар хайрцаг” болдог жамтай. Энхбаярын, Очирбатын, Багабандийн, Элбэгдоржийн ард түмнээс авсан итгэл зүтгэл, нэр хүнд Монгол үндэстэнд үйлчлэх ёстой гэж боддог. Дээрх хүмүүс гадныхантай уулзаж юу ярьж байсныг тэднээс өөр мэдэх хүн байхгүй. Тэд хэлж ярьдаггүй санаагаа, дэлхийд дуурсгасан нэр хүндээ нэгтгэн байж “ хар хайрцаг” бүрдэн жижигхэн Монголын тусгаар тогтнол хадгалагдана. Хар хайрцагийг эвдлэхийг харийнхан сонирхож байгаа. Энхбаяр гэдэг хүний тухай гэхээсээ илүү Монголоо гэсэн алсын хараа үгүйлэгдэж байгаад харамсаж байна. Гэвч өөдрөг байцгаая.
Ер нь та энэ үйл явдлуудыг эргээд харахад ямар дүгнэлт өгөх вэ?
Цэвэр улс төр. Дэлхийд Монголыг гутаасан явдал. Бид бусдыг дуурайж шогтох хэрэггүй. Бид Араб биш. Бид Монгол үндэстэн, монгол соёл иргэншил. Их гүрнүүдийн дунд орших цөөн хүнтэй агуу үндэстний бодлого өөр байх ёстой.
“ӨРГҮЙ МОНГОЛ”-ЫН ТӨЛӨӨ
“Өргүй Монгол” хөтөлбөр гаргах тухай санаа МАХН, МҮАН-ын удирдлагуудын нэгэн уулзалтын үед гарсан юм. Санаа нь амьдралаас ургасан хэрэг.
Ялангуяа малчин Монголчуудын амьдралаас эхтэй байлаа. Хаана ч очсон хэдэн малаа, тэтгэвэр, тэтгэмжээ, цалингаараа барьцаа болгон зээл авч амьдрал залгуулж байгаа хүмүүстэй тааралдана. Тэтгэвэр, хүний хөгжлийн мөнгөний дэвтрээ сумынхаа дэлгүүрт, ломбард, банкинд хадгалуулсан нь тэр чигээрээ Монголчуудын амьдралын дүр зураг болжээ. Жижиг үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа олон арван мянган хүмүүс өрийн дарамтанд өнөө маргаашаа залгуулж явна.
Өрөнд орсон дарамтаасаа гарч чадахгүйгээ мэдээд амиа хорломоор, гэвч өр тавихгүйгээр үр хүүхдүүдээ тэжээж чадахгүй байна гэж ярих эмэгтэйн ярианаас “Зээл хүний амьдралд тустай зүйл үү, эсвэл хортой зүйл үү” гэсэн асуултыг өөрийн эрхгүй бодох хэрэгтэй болж байна. Барин тавин батлахад хэцүү ч бас нөхцөл байдлыг ойлгуулах хэдэн тоо баримт хэлж болох юм.
Монголын нийт мал сүргийн 10-аас доошгүй сая толгой мал зээлийн барьцаанд байна. Малчин өрхөөр нь тооцвол ил далд, элдэв өрөнд ороогүй малчин өрх байгаа юм уу гэсэн асуулт гарна. Зээлийн барьцаанд байгаа мал маллах нь, тэр тусмаа өрнөөс салах ирээдүй харагдахгүй байгаа нөхцөлд малчны амьдрал хамжлагын хөдөлмөрөөс илүү байж чадах уу даа.
Малаа зараад хот газар бараадья гэх сэтгэлгээний цаана эдийн засгийн ямар хүндрэл нуугдаж байгааг таахад бэрх биш мэт байх юм. Малаасаа салсан Монгол монгол байж чадах болов уу. Монголыг монгол гэж хэлүүлэх соёл зан, заншил, хүний хүмүүжлийн өвөрмөц орчин болсон малчны амьдралыг бусниулснаараа бид хожих уу, алдах уу.
Малаа зээлийн барьцаанаас гаргаж сэтгэл амар амьдрахын хүслэн МАНАН-ийн 2,5 сая төгрөгийн амлалтанд саналаа өгөх үндэс байсан бизээ. Уул шугамандаа 2,5 сая төгрөг биш, өргүй амьдрах хүслэн нь амлалтанд саналаа өгөөд үзэхээс өөр аргагүй байдалд оруулсан байхаа.
Цалингийн зээл 400 гаруй тэрбум төгрөг илүү болжээ. Цалингийн зээлд 150 мянган иргэн хамрагдаж дунджаар 400-500 мянган төгрөгнийхөө зээлд сарын 2,0-4,0 хувийн хүү төлж байна. Сарын 2-4 хувь шүү. Монголын эдийн засаг сард 2,0-4,0 хувиар өсч байгаа гэж үү дээ.
Үгүй шүү дээ. Монгол төр эдийн засаг хэдэн хувиар өснө түүнээс илүүгээр цалинг өсгөж чадахгүй. Ингээд бодохоор цалинг өсгөх арга хэмжээ эцсийн дүндээ хүмүүст биш зээл олгогч эздэд үйлчилж байна гэсэн үг. Тэтгэврийн зээл 100 тэрбум төгрөг хол давсан байна. Тэтгэврийн зээлд 165 мянган хөгшид хамрагдаж дунджаар 100-300 мянган төгрөгнийхээ зээлд сарын 1,3-2,2 хувийн хүү төлж байна. Бас л сарын 1,3-2,2 хувь шүү. Жилд оруулж тооцвол дунджаар жилийн 20 хувь гэсэн үг.
Монголын эдийн засаг жилд 20 хувь өсөөгүй гэдэг нь ойлгомжтой. Монголын эдийн засгийн өсөлтийг банкууд “залгиж” байна. Эдийн засгийн өсөлт иргэн хүнд биш хөрөнгө мөнгөтэй хүмүүст наалдаж байдгийн учир энд байгаа биш үү.
Мөнгөтэй нь улам баяжиж мөнгөгүй нь улам ядуурахын эх үүсвэр энд байгаа нь харагдаж байна. Та телевизийн дэлгэцнээ хөргөгч, угаалгын машин элдэв электрон барааг зээлээр авах боломжийн тухай тасралтгүй зар сурталчилгаа харж байгаа.
Энэ урхинд 130 мянган хүн оржээ. Авсан зээлдээ сарын 4 хувийн хүү дунджаар төлж байна. Өнөөдөр Монголд 400 банк бус санхүүгийн байгууллага байна. Ченж, ломбард бүгд энэ гоё сайхан нэрийн ард бий.
МАНАН-ын УИХ-ын тааллаар ийм хуультай болж. Аливаа шинэ юмыг шинэ л нэр томьёогоор тодорхойлохоос нааш үнэн нүүр царай нь танигддаггүй. Мартагдсан хуучин юмыг шинэ хэмээн гэж бас ярьдаг.
Манай банк, санхүүгийн тогтолцоо “мөнгө хүүлэгчдийн тогтолцоо” болжээ. Мөнгө хүүлдэг бүхэл бүтэн тогтолцоо байгаа цагт монгол хүний амьдралыг өөд татах гэсэн төр, засгийн аливаа оролдлого эцсийн дүндээ үр дүнгүй гэдгийг ойлгох цаг болжээ. Хэдхэн жилийн өмнө Орос оронд төлөх ёстой байсан Их өрөөс мултарсны баярыг тэмдэглэж байсансан.
Өнөөдөр Монголын гадаад өр 4 тэрбум ам.доллараас хэтрээд явж байна. Үүний 50 хувь нь манай хувийн хэвшлийнхний авсан зээл эзэлж байна. Сүүлийн 4 жилд манай гадаад өр 2 дахин нэмэгдлээ. Эрчимтэй өссөн өр зээл нь амьдрал дээрдэж байгаа мэт “хуурамч сэтгэгдэл” төрүүлдэг. Гудамжинд машины тоо багтахаа байтал нэмэгдээд, элдэв барааг зээлээр аваарай гэх реклам сурталчилгаанд умбаад, дэлгүүр зах дээр элдэв шинэ бараа гараад л, мөнгөтэй л бол бүх юм байна гэдэг сэтгэгдэл бол хөгжиж байна гэсэн үзүүлэлт огтхон ч биш. Ил байсан хүндрэл далд байдалд шилжиж өрийн дарамт, сэтгэлийн шарх болж байгааг ухаарах хэрэгтэй байна. Хураангуйлбал ийм шархыг Монголын насанд хүрсэн хүн амын 80 хувь авч байгаа.
Чухам ийм л байгаа учир “Өргүй Монгол” хөтөлбөрийн тухай анхны санаа гарсан. Гэвч хөтөлбөр гэхээсээ эдийн засагт шинээр хандах концепци гэмээр. Яагаад гэхээр хэрэгждэггүй олон хөтөлбөртэй түүнийг адилтгах хэрэггүй. Яагаад гэхээр өргүй байх асуудал банк, санхүү, зээлийн тогтолцоог шинээр зохион байгуулахтай холбоотой асуудал юм.
Өнөөдөр Монголд 14 арилжааны банк байна. Үндсэндээ бүгд гадаад эзэнтэй болжээ. ХААН банк гадаад эзэнтэй. ГОЛОМТ банк гадаад эзэнтэй. ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК гадаад эзэнтэй. ХАС банк гадаад эзэнтэй. Ил далдаар бүгд гадаад эзэнтэй.
Монголын эдийн засгийг УИХ, Засгийн газар, Монголбанк зэрэг төрийн хариуцлагатай байгууллагууд удирдаж байгаа гэж Та бодож байгаа. Үгүй дээ. Манай арилжааны банкуудын гадаад эзэд монголын эдийн засгийг удирдаж байна.
Дээрх банкуудын төлөөлөгчид УИХ-д, Засгийн газарт, Сангийн яаманд аль эсвэл зөвлөхүүдийн албан тушаалд багширахын учир нь ердөө л бид эдийн засгаа удирдах үүрэг ролио гадныханд алдчихаад байгаагийн жишээ болж байгаа юм.
Зээлийн хүү өндөр байгаагийн шалтгаан нь инфляци өндөр байгаагаас болж байна гэх үлгэрийг гадныхан зохиодог. Манайхан тоть шиг давтдаг. Үнэндээ зээлийн өндөр хүү инфляцийг хөөрөгдөөд байгаа гэдгийг бодохыг ч хүсэхгүй байна. Өөрийн толгойгоор биш хүний толгойгоор сэтгэдэг хүмүүсийг өндөр боловсролтой гэж хэлмээргүй байна.
Хүүгүй зээл олгодог зээл, санхүүгийн тогтолцоо олон оронд байгаа. Хүүгүй зээл олгох давуу тал нь банкуудад хүний эд хөрөнгийг барьцаалж мөнгө хүүлэх ажлыг хийлгэхгүй байх, харин банкуудыг жинхэнэ бодит эдийн засагт хэрэгжүүлэх бизнес төслийн ашиг хуваагч болгодгоороо чухал юм.
Мөнгө хүүлэх бол хамгийн том нүгэл хэмээн Библи, Коран, Буддын сударт заасан байдаг юм. Юуг мөнгө хүүлэх гэж хэлэх вэ гэдэг асуудал байгаа.
Японы Төвбанкны бодлогын хүү жилд 0.15 хувь байсныг их байна хэмээн үзээд тэглэх жишээтэй. АНУ бодлогын хүүгээ жилд 6.5 хувь байгааг их байна хэмээн үзээд 0.25 болгосон байна.
Зээлийн хүү хямралын үндэс гэдгийг олон орон хардаг болчихож. Манай эрх баригчид үүнийг олж хардаггүй. Тархийг нь гаднынхан угаачихсан юм. Мөнгө хүүлэх арга замаар монголчуудын бүтээж байгаа баялаг гадагш урсаад байгаад хэргийн учир байна.
Манай банкуудын чадавхийн судалгааг ихэвчлэн гадныхан хийдэг. Монголын арилжааны банкууд гадаад эзэдтэй болж байгаа нь том ололт шүү гэдгийг бичсэн байна лээ. Хэл ам үүсгэх чадвартай монгол мэргэжилтэн байхгүй болж. Тийм судалгааг шагайж харах улс төрч ч байхгүй болж.
Энэ зуур монголчууд өр зээлээ төлөх гэж чардайсаар…. Арилжааны банкууд гадаад эздийнхээ мөнгөний хүүг мөн төлөх гэж гүрийсээр ….. Жижиг зээл авсан хүмүүс л ихэнхдээ зээлээ төлөх гэж чармайдаг. Том зээл авсан нь банкийг эргүүлж хахуульдаад луу унждаг.
Өөрөөр хэлбэл томчуудын зээлийг ард түмэн төлж байна гэсэн үг. Шударга явдал мөн үү. Өртэй хүн өөдлөхгүй гэдэг нь ард түмний соёл. Өртэй хүн баян гэдэг нь олигархийн соёл. Жижиг зээлдэгчид, олигархиуд хоёрыг үүгээр нь хольж хутгах хэрэггүй.
Бүхэлдээ улс орон, хувийн хэвшлийнхний хамтаар өрөнд унаж эдийн засгийн тусгаар тогтнол алсарсаар бид колони орон болон хувирч байна. Ингээд бодохоор “Өргүй Монгол” гэдэг бол том концепци асуудал болж байна. Асуудлыг МАХН, МҮАН өдөөж тавилаа.
Монголчуудын хамтын оюун ухаанаар “Өргүй Монгол” бодлого гарч хэрэгжих учиртай байна.
Энэ аймшигтай сүлжээг таслан зогсоох асуудлаар МАН, АН, МАХН, МҮАН, бусад бүх улс төрийн намууд ухаан бодлоо дайчлах шаардлагатай болжээ.
Шийдэл монголчуудын хүсэл зоригоос хамаарна. Дээр хөндөж ярьж байгаа асуудлыг уул нь ойлгож цөхөөд байх зүйлгүй. Ухаан дутаад байгаа биш ёс суртахуун дутаад байгаа гэдгийг энд хэлмээр байна. Ялангуяа энэ үгийг ард түмнээсээ тасарсан олигархи бүлэглэлд хаяглаж байна. Ухаарах нэгэн байхад ухаарахгүй нь олон байгааг өөрчилье.
Сэтгэгдэл ( 0 )