Дарханд нэр дэвшигчдийг шинжихүй

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26



Дархан-Уул аймгийн сонгогчид 2012 оны УИХ-ын сонгуульд урьдныхыг бодвол нэгээр цөөн буюу 2 түшээг сонгох бөгөөд үүндээ ч их хариуцлага өгч байгаа нь дамжиггүй.

 

Тус аймаг буюу УИХ-ын сонгуулийн 19-р тойрогт улс төрийн нам, эвслээс 13, бие даагч 2, нийт 15 нэр дэвшигч өөрсдийн сонгуулийн сурталчилгааг зохион байгуулж, сонгогчдын итгэлийг олох төрөл бүрийн аргаар уралдан өрсөлдсөөр сурталчилгааны ажил өндөрлөх талруугаа хэдийнээ хэвийжээ.

 

    Яг үнэндээ УИХ-ын гишүүн болно гэдэг хүн болгоны хүсээд, хийгээд байж чадах ажил мөн үү  гэвэл биш. УИХ-ын гишүүн нь нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн ажиллахаас биш, хэсэг хүний, эсвэл ямар нэг нийгмийн салбарын ашиг сонирхлыг төлөөлөх хүн яав ч биш. Чухамдаа энэ л утгаар УИХ-ын чуулганы танхимд 76 эрхэм ард түмнийг төлөөлж улсын амин чухал асуудлуудыг тал бүрээс нь анхааралтай судалж, хэлэлцэн олонхиор шийдвэрлэж хууль болон бодлогын бусад баримт бүтээдэг . Өөрөөр хэлбэл оюуны хөдөлмөр эрхлэгчид. Тэдний энэ оюуны хөдөлмөр тухайн хувь хүнээс асуудлын шалтгаан нөхцлийг зөв олох, шийдвэрлэх арга замыг гаргаж ирэх чадвартай байхыг шаарддаг. Энэхүү үндсэн шалгуураар авч үзвэл Дарханд нэр дэвшигч 15 хүнээс тун чиг цөөхөн нь үлдэнэ.

 

Үүнээс гадна УИХ гэдэг бол хамтын байгууллага, олонхиороо шийдвэр гаргадаг. Амласнаа ажил хэрэг болгоход өөрийн бодол саналаа дэмжүүлэх боломж бас бүрдсэн байх хэрэгтэй. Хэрэв энэ боломж үгүй бол түүний сайхан мөрөөдлүүд цаасан дээрээ л үлдэнэ. Үүний горыг сонгогч иргэд л амсаж, хохиролтой 4 жилийг үднэ. Товчхондоо хэлвэл УИХ-ын гишүүнээр ажиллах хүн нь дараах 3 шалгуурын хангаж байвал таны сонгох хүн гарцаагүй мөн гэдэгт итгэлтэй байх хэрэгтэй боловуу.

 

Үүнд:
1.    Оюунлаг хөдөлмөрт дуртай түүнээс зугтдаггүй байх
2.    Төрийн ажлын туршлагатай байх
3.    Амлалтаа биелүүлэх хамтын хүч бүрдсэн байх

 

Тун чиг цөөхөн үлдэх нэр дэвшигч нараас Дарханчуудын 2008 оны сонголтоор төрийн түшээ болсон МАН-аас нэр дэвшигч Ж.Сүхбаатар дээрх шалгуурыг бусдаасаа хавьгүй илүү хангах нь өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, Дарханчуудын талархал, олонд танигдсан шударга , зарчимч, ажил хэрэгч  чанар нь илэрхий харуулж байна. Тухайлбал нэг дэх шалгуурын хувьд Ж.Сүхбаатар нь өнгөрсөн 4 жилд хамгийн тулгамдсан, цаг үеийн чухал асуудлуудыг хэлэлцсэн нийт 13 ажлын хэсэгт ахлагчаар, 27 ажлын хэсэгт гишүүнээр орж ажилласнаараа УИХ-ын гишүүний үндсэн үүргээ хариуцлагатай гүйцэтгэж ирсний томоохон нотолгоо болохын зэрэгцээ өөрөө санаачлан УИХ-д 12 хуулийн төсөл өргөн барьжээ. Ялангуяа төрд дэг журам, нийгэмд шударга ёс тогтоох тухай ард түмний хүсэл эрмэлзлэлийг бодит ажил болгоход шаардлагатай эрх зүйн орчин болон бүтэц зохион байгуулалтыг бүрдүүлсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх байгуулах тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төслүүдийг санаачлан батлуулж чадсаныг онцлох хэрэгтэй боловуу.    Захиргааны хэргийн давж заалдах шатын шүүх байгуулагдсанаар нийтэд хамааралтай шийдвэр гаргадаг байгууллагын захиргааны дур зоргыг хязгаарлах, иргэд хуулийн этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээх шүүхийн тогтолцоо бүтэн болсон юм. Нийтийн албанд хувийн сонирхлыг зохицуулах боломжтой болсон нь төр тунгалаг байж, гагцхүү нийтийн ашиг сонирхлын төлөө ажилладаг шударга төр төлөвших үндэс бүрдсэн юм. Зөвхөн энэ 2 хуулийн төслөөр л жишээлж үзэхэд тэрээр нийгмийн өөрчлөлт шинэчлэлтэд огцом хурд өгч чадсан юм. Түүнчлэн эмэгтэйчүүдийн жендерийн тэгш байдлыг хангахад томоохон үүрэг гүйцэтгэснийг улс төр дэх эмэгтэйчүүдийн квот баталгаатай болсноор тайлбарлаж болно.

 

Хоёр дахь шалгуурын хувьд 1997 онд МУИС-ийг Эрх зүйч мэргэжлээр төгссөнөөс хойш тасралтгүй 15 жил төрд ажилласнаараа төрийн ажлын мөн чанарыг таньсны зэрэгцээ болохгүй, бүтэхгүйд шүүмжлэлтэй хандаж засан залруулах үйлсэд зүтгэсэн он жилүүд үүнд багагүй ажээ. УИХ-ын гишүүнээр сонгогдсоноор зүгээр нэг сул  гишүүн байсангүй УИХ-ын Байнгын хорооны тэр дундаа Төрийн Байгуулалтын Байнгын хорооны даргаар сонгогдсон нь төрийн ажилд туршлагажсан гэдгийг “ангийн” нөхдүүд нь хүлээн зөвшөөрсний тэмдэг биз.  Цаашид ч төрийн ажлын ачааны хүндийг үүрүүлэхэд итгэлийг даах, нас залуу, шударга, ёс зүйтэй, төрийн туршлагатай түшээ гэдэг нь гарцаагүй юм. Түүнд УИХ-ын гишүүний ажилд суралцах шаардлага одоо нэгэнт үгүй, шууд ажлаа хугацаа алдахгүй үргэлжлүүлэх боломжтой туршлагажсан парламентч гэдэг нь хэнд ч тодорхой.

 

    Гурав дахь шалгуурын тухайд Монгол улсын улс төрийн ууган хүчний нэр дэвшигч гэдэг утгаараа түүний амлалт бодит ажил болох хамт олон, нам түүнд байна. Нам нь ч түүнд итгэдэг. Өнгөрсөн 4 жилд түүний амлалт бодит ажил болсныг Дарханчууд гэрчилнэ. Дарханы хүүхэд, залуучуудын боловсрол, соёл хүмүүжилд зориулсан хөрөнгө оруулалтын томоохон ажлууд нь цэмцгэр Дарханд чимэг нэмсэн нь хөдлөшгүй үнэн. Үүний жишээ нь Дархан-50 цогцолборын гэрлэн эффекттэй  усан оргилуур, хиймэл зүлэгтэй  хүүхэд залуучуудын хөл бөмбөгийн талбай, монголдоо хоёрт тооцогдох төрийн далбааны баганат цогцолбор, сургууль цэцэрлэгийн тоног төхөөрөмж болон Залуучууд театрын тоног төхөөрөмжийн шинэчлэлт зэргийг дурьдаж болох юм. Энэ бүхэн бодит ажил болсон нь түүний цаана улс төрийн нам хүчний дэмжлэг байгаад оршино.

 

    Иймд Дарханы нэр дэвшигчдийг УИХ-ын гишүүнд байх тодорхой шалгуураар шинжихэд Дарханчуудын дархан сонголт нь МАН-аас нэр дэвшигч Ж.Сүхбаатар байх бол хоёр дахь сонголт нь харин хэн байх бол?


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top