Иргэний хөдөлгөөний нам дэвшүүлж буй мөрийн хөтөлбөрөө хэт тэгш бус сонгуулийн сурталчилгааны нөхцөлд сонгогч бүрт хүргэх боломжгүй байгаадаа гүнээ харамсаж хүлцэл өчиж байна.
Иймд Та бүхэнд хандаж улс орны өнөөгийн байдалд хийсэн дүгнэлт, эх орныхоо хөгжлийг зөв гольдрилд оруулах тодорхой арга зам, ИХ намын нэр дэвшигчдийн тухай мэдээллийг хүргэхийн ялдамд сонгогч олон түмэнд түгээхэд тус болохыг хичээнгүйлэн хүсч байна.
Иргэний хөдөлгөөний нам Монгол улсынхаа төлөв байдал, ард түмний амьдрал, үндэсний аюулгүй байдлыг дараахь байдлаар дүгнэж байна.
Үндэсний аюулгүй байдал алдагдаж байна
Хараат байдал 1. Шатахууныг 100 хувь нэг этгээдээс авч байгаа ба үүнийг өөрчлөх дорвитой арга хэмжээ авахгүй байна.
Хараат байдал 2. Алт, зэсийн дэлхийн зах зээлийн үнэ ямар байхаас улсын төсөв хамаардаг тул үнэ унавал бид хамт унадаг.
Хараат байдал 3. Үйлдвэрлэл, хүнс болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний 90 хувийг гадаадаас оруулж байна.
Хараат байдал 4. Ихээхэн горьдлого төрүүлж байгаа уул уурхайн салбарын хувь заяа хөрш орны эдийн засгийн өсөлтөөс шууд хамааралтай. Өсөлт буурвал гадаадын компаниуд биднийг хаяад л одож өгнө. Монгол тэдэнд хэрэггүй.
Хараат байдал 5. Мэдлэг, чадлаар дулимаг, сэтгэлгүй, авлигач улс төрчдийн гарт төрийн эрх мэдэл орсон. УИХ-д суудалтай хоёр нам өнгөрсөн 20 жилийн хугацаанд Монгол Улсын Ерөнхий сайдыг 11 удаа сольж төрийн үйл ажиллагааны тогтвортой байдал алдагдсан. Эдэнд Монголын хувь заяа хамаагүй гэж дүгнэхээс өөр аргагүй юм.
Гаарч буй тэгш бус байдал, баян ядуугийн ялгаа
- Монголын нэг хүнд ногдох үндэсний баялаг (дотоодын нийт бүтээгдэхүүн) 1990 онд 300 ам. доллар байснаа 2011 онд 3.400 ам. доллар болж 11 дахин буюу 1100 хувиар өссөн юм.
- Гэтэл ядуурал буураагүй. 2003 онд 36 хувь байсан бол 2010 онд 39.2 хүрч өсчээ.
- Гэтэл 2000 оноос 2010 он хүртэлх 10 жилийн хугацаанд ажилгүйдлийн түвшин зөвхөн 1 хувиар буурсан байна. Өөрөөр хэлбэл, ажилгүй 100 хүний нэг нь л ажил олж 99 нь ажилгүй хэвээр үлдсэн.
- Гэтэл манай ажиллах хүчний хамгийн их хэсэг буюу 27 хувийг өөртөө шингээсэн хөдөө аж ахуйг золиосонд гаргасаар ирсэн. Нийт ажиллагсдын 5-хан хувийг цалинжуулдаг уул уурхайн салбарт улсын бүх хүч хөрөнгийг чиглүүлж байна. 27 болон 5 хувийн хоорондын ялгааг харгалздаггүй энэ гажуудлыг байгалийн баялгийн хараал гэдэг юм.
- Гэтэл малчин өрхийн 75 хувь буюу 120 000 өрх нь 200 хүртэлх толгой малтай ядуу хэвээрээ л байна.
- Гэтэл хадгаламж эзэмшигчдийн 3-хан хувь нь банкны нийт хадгаламжийн 98 хувийг эзэмшиж байна.
- Гэтэл уул уурхайн орлогын 90 хувь нь хүн амын 10-хан хувийн халаасанд орж байна. Өөрөөр хэлбэл, 100 төгрөгний 90 нь 10 хүнд очиж байгаа бол 10 төгрөгийг 90 хүн хувааж байна.
- Гэтэл 21,000 төгрөгний амлалтаа биелүүлэхийн тулд гадаадын уул уурхайн компаниас зээлдэж байна.
- Гэтэл гадаад өр 10 тэрбум ам. долларт хүрч, хөхүүл хүүхдээс буурал настан хүртэл монгол хүн бүр 5 сая төгрөгийн өрөнд орчихоод байна.
- Гэтэл 2010 байдлаар ял эдэлж байгаа нийт хүний 58 хувь нь 14-29 насны хүүхэд, залуучууд байна.
Иймээс Иргэний хөдөлгөөний нам нь төрийн бодлого тодорхойлох, хууль тогтоох, улсыг удирдах үйл ажиллагаанд зарчмын өөрчлөлт хийх шаардлагатай гэж үзсэн юм. Энэ өөрчлөлтийг бодитой, дорвитой болгохын тулд төрийн эрх барих байгууллагад эмэгтэй иргэдийн төлөөллийг эрс нэмэгдүүлэх нь хамгийн зөв шийдэл гэж ИХ Нам хатуу итгэж байна.
Монгол Улсын Их Хурлын 6 дахь ээлжит сонгуульд Иргэний хөдөлгөөний нам нь нийт нэр дэвшигчдийн 95 хувь, намын жагсаалтаар нэр дэвшигчдийн 100 хувь эмэгтэйчүүдээр бүрдүүлсэн юм.
Тэд бүгдээрээ дээд боловсролтой, 67 хувь нь магистр, докторын зэрэгтэй. Төрийн удирдлага ба улс төрийн ухаан, хууль эрх зүй, хүний эрх, иргэний нийгмийн судлал, философи, санхүү эдийн засаг, бизнесийн удирдлага, байгаль орчны судлал ба хамгаалал, боловсрол, сурган хүмүүжүүлэх болон анагаах ухаан, хөдөө аж ахуй, аж үйлдвэр, барилга угсралт зэрэг олон чиглэлээр мэргэшсэн энэ эмэгтэйчүүд УИХ-ын гишүүний үүрэг гүйцэтгэхэд хангалттай мэдлэг, туршлагатай боловсон хүчин юм.
Нийт нэр дэвшигчдийн 62 хувь нь хүний эрх, байгаль орчны хамгаалал, ядуурал буруулах зэрэг хөгжлийн олон чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудын манлайлагчид байгаа нь Иргэний хөдөлгөөний намын үзэл баримтлал, итгэл үнэмшлийг илтгэнэ. Нэр дэвшигчдийн 90 хувь нь нам бус. Эдгээр эмэгтэйчүүдийг намын хатуу зохион байгуулалт биш, харин эх орон, ард түмэн, Монголын үр хүүхдийн ирээдүйн төлөөх сэтгэлийн дуудлага нэгтгэж байгаа юм.
Иргэний хөдөлгөөний намын нэр дэвшигчдийн боловсруулсан Мөрийн хөтөлбөрт дараах үндсэн санааг тусгасан юм. Үүнд:
- Төрийн бүхий л үйл ажиллагааг ядуурлын түвшинг бууруулснаар дүгнэнэ. Эдийн засгийн өсөлт болон баячуудын тоо нэмэгдсэнээр ядуурал аяндаа арилна гэх үзлээс татгалзаж ядуурлыг төрийн зорилтот, цогц бодлогоор бууруулах зарчмыг баримтална.
- Ажлын байр олноор бий болгодог ХАА, боловсруулах үйлдвэр, үйлчилгээний зэрэг салбаруудыг хөгжүүлж ажилгүйдэл, ядуурлыг бууруулна.
- Өрхийн, жижиг, дунд, том аж ахуйг ажил олгогч, татвар төлөгчийн хувьд хүндэлж тэднийг төрийн хэт зохицуулалт, хүнд суртал, авлигаас чөлөөлнө. Зах зээлийг зөвхөн чанарын стандарт, хэрэглэгчийн хяналтаар зохицуулдаг болгоно.
- Төрийн худалдан авалтын 20-иос доошгүй хувийг жижиг, дунд аж ахуйгаар гүйцэтгүүлж тэдгээрийг бодитойгоор дэмжинэ. Татварын тогтолцоог шинэчилнэ. Тэр хүртэл НӨТ-ыг тэглэнэ.
- Малчин өрхийг үйлдвэрлэлийн нэгж гэж үзэж малын өвөлжөө, бууц зэргийг үнэлгээтэй болгоно.
- Үндэсний үйлдвэрлэгчийг хамгаалж, экологийн цэвэр бүтээгдэхүүнээр гадаадын зах зээлд өрсөлдөх чадвартай болгож хөгжүүлнэ.
- Гадаадын банкинд байршиж буй монголын хөрөнгийг татаж үндэсний банкинд төвлөрүүлэх бодлого явуулна.
- Үйлдвэрлэл, хөдөө аж ахуйг дэмжиж жилийн 2-3 хувийн хүүтэй банкны зээлийг нэвтрүүлнэ.
- Иргэдээ цалин, мал, газар, орон сууц барьцаалсан зээл, зээлийн хүүгийн дарамтаас банкуудад эрсдэл учруулахгүйгээр чөлөөлнө.
- Хот, хөдөө дэх нийгмийн үйлчилгээний хэт ялгааг арилгана. Хөдөөгийн иргэдийн нийгмийн хамгааллын үйлчилгээг хүртээмжтэй, шуурхай болгоно.
- Төвлөрлийг сааруулж орон нутагт эрх мэдэл олгоно.
- Бодлого боловсруулах, шийдвэр гаргах, хэрэгжилт ялангуяа төсвийн зарцуулалтыг хянах үйл ажиллагааг иргэдийн оролцоотой болгоно. Оролцоог хангасан чиг үүрэг, бүтцийг төрийн болон нутгийн өөрийн удирдлагын бүх түвшинд бий болгоно.
- Төр нь үүрэг хүлээгч, иргэн нь эрх эдлэгч байх зарчмыг нэвтрүүлж төрийн үйлчилгээг тэгш хүртэх нөхцөлийг хангана. Төрийн хүлээх хариуцлагыг тодорхой болгоно.
- УИХ-ын гишүүн сайд байх, бүх түвшний засаг дарга намын байгууллагын удирдах албан тушаалтан байхыг хориглоно.
- Эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан УИХ-ын гишүүн, Иргэдийн хурлын төлөөлөгч, бусад сонгуультаныг иргэд эгүүлэн татдаг журмыг нэвтрүүлнэ.
Эмэгтэй нэр дэвшигчид Иргэний хөдөлгөөний намаас дэвшүүлсэн
- Иргэний давуу эрх
- Эдийн засгийн эрх чөлөө
- Эзэнтэй нутаг зорилтуудыг хэрэгжүүлэхийн төлөө мэдлэг, туршлага, хүч чадлаа зориулахдаа шударга ёсыг эрхэмлэн ёс зүй, ёс суртахууны хэм хэмжээнээс няцахгүй гэдгээ илэрхийлж байна.
Нэг намаас нийт нэр дэвшигчийн 95 хувь, намын жагсаалтаар нэр дэвшигчийн 100 хувь эмэгтэйчүүд байгаа нь манай орон төдийгүй дэлхийн аль ч орны түүхэнд өнөө хүртэл байгаагүй үзэгдэл юм. ИХ Намын энэхүү зоригтой, ухаалаг, алсын хараатай алхамыг Монголын сонгогч олон түмэн дэмжинэ гэдэгт бид итгэж байна.
Эх хүн үр хүүхдийнхээ ирээдүйг өнөөдрийн хонжоогоор наймаалдаггүй юм.
Иргэний хөдөлгөний намаас нэр дэвшигч эмэгтэйчүүд нь
БАРЬЦААЛАГДААГҮЙ, БАРЬЦААЛАГДАХГҮЙ,
ЗОРИГТОЙ, СЭТГЭЛТЭЙ ШИНЭ ХҮЧИН юм.
Сэтгэгдэл ( 0 )