Бүсгүйчүүдэд бүлэг байгуулах боломж олдох болтугай

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 27

Өнөөдөр сонгуулийн сурталчилгаа хийж болохгүй. Яагаад гэвэл монголчууд бид маргааш төрийн эрхийг хэндээ бариулах вэ гэдэг түүхэн сонголтоо хийнэ. Тиймээс нэр дэвшигчид болон сонгуулийн их сунгаанд өрсөлдөж буй нөхдийн талаар “а” дуугарахгүй байх нь бидний “үүрэг”. Товчхондоо монголчуудынхаа сэтгэлийг урвуулж хөрвүүлэх үг өгүүлбэр хэлж хийж бас бичиж болохгүй гээд хуулинд заачихсан хэрэг л дээ. Гэхдээ хэлж яримаар зүйл их л байх юм.

Хэлээ хазаад ч болов тэсэх л учиртай учраас тэсэхгүй гээд яахав. Ёстой л буянаараа болог... гэдэг монголч сэтгэлгээгээр асуудлуудад хандахаас өөр арга зам алга байхад чинь. Тэснэ тэснэ гэхэд үүнээс илүү яаж тэсэх вэ гэх үг бас бий. Хэн нэгнийг муулж бас сайлахгүй ч хэл загатнуулаад байгаа асуудлын талаар дурсахгүй өнгөрч чадамгүй нь. Ингэлээ гээд хууль зөрчсөн, хүүхнүүдээ өмөөрч пиардсан гэж буруутгахгүй байх хэмээн сохроор найдъя. Хүсэх юм байна, монголчуудаасаа... Сонгуульд нэр дэвших эрхээ намууд хүйсийн ялгавартай өгсөн. Өгмөөргүй байсан ч хууль нь тусгайлсан заалттай байсан учраас наашаа харж инээж, цаашаа харж уйлж байж өгсөн. Өөрөөр хэлбэл хамгийн их эрсдэлтэй тойргууддаа бүсгүйчүүдээ “сойсон”. Ажаад байхад айхтар хатуу давааг улстөрч эмэгтэйчүүд маань давж таарах нь нэгэнт тодорхой болчихлоо. Уг нь УИХ-ын сонгуулийн тухай хуульд хүүхнүүдийн квотыг яг таг тогтоосноор парламентад шингэн дуутууд нэмэгдэж, тэр хэрээр нийгмийн жижиг сажиг асуудлууд шийдэгдэх гарц болох нь гэж олзуурхаж байсан юм. Гэхдээ одоо хамгийн харамсалтай нь найдвар алга. Намуудын листэнд бичигдсэн хүүхнүүд, “Намаа бодоод бие дааж нэр дэвшсэнгүй. Сонгогчид маань бие даагаад ир гээд л байсан даа” хэмээн өгүүлсэн нь нэгээр тогтохгүй. Гэхдээ өдгөө энэ талаар ярьж гоншигнох нь илүүц хэрэг.

Чухам л өнгөрсөн борооны хойноос цув нөмөрч гүйхтэй агаар нэгэн асуудал болчихсон. Тиймээс эцсийн найдвар болгож сонгогчдодоо шивнэх шивнээ байна. Парламентад хүүхнүүдийн тоог нэмэгдүүлэх боломж байна, цаана чинь. УИХ-ын тухай хуульд наймаас дээш хүн бүлэг байгуулах эрхтэй гээд цагаан дээр хараар бичиглэчихэж. Уучлаарай, гэхдээ тэр найм нь нэг намынх байх эсэхийг нарийвчлан заагаагүй байна лээ. Гэхдээ эрчүүд, найман бүсгүйтэй парламентад орж суучихаад бүсгүйчүүдийн бүлэг байгуулагдахад саад тотгор болж новшрохгүй байх. Өнөөгийн нийгэмд ачааны хүндийг үүрч яваа хүүхнүүдийн асуудлыг хүүхнүүд л сайн ойлгоно.

Улстөрч эрчүүд үүргээ сайн ухамсарладаг учраас эхнэрүүд нь энэ цагийн хатуу ачааг нуруундаа үүрсэн нь ховор. Тэр хэрээр тэд гашуун бэрх зовлон ойлгож мэдрэх нь бага гэх гээд байна л даа. Харин бүсгүй хүн өөр. Ядаж л найз бүсгүйгээ нийгмийн хатууд шидэгдэж явааг илүү дөхөм сайн ойлгоно, хүний хүүхдийн зовлон гашуун нулимсыг хараад өөрийнхтэйгөө жиших нь их гэж найдаад байгаа хэрэг л дээ. Тиймдээ ч УИХ-д найман бүсгүй гарч өнөөгийн амьдралын ачааны хүндийг турьхан нуруундаа үүрч яваа олон олон бүсгүйчүүдийн өмнөөс төрийн хэмжээнд бодлого боловсруулаасай гэж хүсээд байгаа юм. Эмэгтэй хүний шунал барагдахгүй гэж ярихтай олон таарсан ч энэ удаа шунахгүй ээ. Нийлээд ч болов найман бүсгүй сонгогдож, парламентад анх удаа бүсгүйчүүдийн бүлэг байгуулагдаасай гэж хүсээд байна...

Х.Хүслэн 

Эх сурвалж: "Улаанбаатар таймс" сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top