Ш.Раднаасэд: Бидэнд сонгуулийн дүн будилаантсан гэж хардах үндэслэл хангалттай бий

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 30

  Ард түмэн нэгэнт сонголтоо хийжээ. Тэрхүү  сонголтыг СЕХ өөрөө урьдчилсан байдлаар зарлачихсан. Гэсэн ч автомат машинаар тоолсон саналын хариунд үл итгэсэн улс төрийн зарим намууд гар ажиллагаагаар  саналын хуудасыг дахин тоолохыг шаардсаар байна. Харин  “Автомат машинаар санал тоолох ёстой гэдгийг аль, аль намууд өөрсдөө хүлээн зөвшөөрөөд сонгуульд оролцсон байж ингэж эсэргүүцэх нь буруу гэж  үзэх хүн олон байгаа юм. Ямартай ч  МАН-ын байгуулалтын хэлтсийн дарга Ш.Раднаасэдийн байр суурийг хүргэе.   

-Та бүхэн сая сонгогчдын саналын хуудасыг гараар тоолох хэрэгтэй гэсэн шаардлагыг дэвшүүллээ. Гэтэл өчигдөр танай нам /МАН/ бусад намуудын хамт  яг энэ асуудлаар СЕХ-д санал хүргүүлсэн шүү дээ?

            Өчигдөр  МАН бусад намуудын хамт “УИХ-ын сонгуулийн урьдчилсан дүнг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь иргэдийн сонгох, сонгогдох эрхийг дээдлэн сонгуулийг шударга, хуулийн хүрээнд явуулах ёстой. Мөн олон түмний автоматжуулсан систем, машин тооллогод хандах эргэлзээг арилгах үүднээс улс орон даяар сонгуулийн бүх тойрог, хэсэгт тооллогыг гар ажиллагаагаар хийж дүнг шалган баталгаажуулахыг шаардаж” СЕХ-д бичиг хүргүүлсэн. Харин МАН өнөөдөр иргэд, сонгогчиддоо энэ удаагийн сонгууль будилаантай боллоо гэдгийг тайлбарлахыг зорьлоо.

-Сонгуулийн санал тоолох ажиллагаа будилаантай байна гэж хардах болсон үндэслэл нь юу вэ?

 Юуны өмнө дээрх санал тоолох машиныг оруулж ирсэн  компанууд тус машиныхаа талаар  өнөөдрийг хүртэл мэдээлэл хийгээгүй . Мөн программ хангамж нь хууль ёсны дагуу хүлээн зөвшөөрөгдөж,  холбогдох хөндлөнгийн хяналтын байгууллагуудаар хянуулсан дүгнэлтийн хуудас байна уу гэсэн асуултад хариу өгөөгүй байна. Тиймээс үүнийг "санал авах" ажиллагаанд санаатайгаар зохион байгуулсан үйлдэл гэж хардахаас аргагүйд хүргэж байна.  Хоёрдугаарт энэ компани нь  “Бодь”  групптэй холбоотой  юм шиг байгаа юм. Дээрээс нь энэ  компанийг шалгаруулж сонгуулийн санал тоолох төхөөрөмжийг оруулж ирэхдээ тендер зарлаагүй гэх мэтчилэн бидэнд хардах үндэслэлүүд хангалттай бий.

-Тэгвэл яг энд, ийм будилаан орчихлоо гээд нэрлэх баримт байгаа юу?

Санал тоолох машины талаарх аймаг, нийслэл, сум, хороодод маш их гомдол гарч байгаа. Ард түмнийг саналаа өгөхөөр ороход сонгуулийн хэсгээс “Та нарын гар чинь бохир байж болохгүй, ямар нэгэн байдлаар норсон байж  болохгүй, бал гаргадаг бөгж зүүсэн байж болохгүй” гэх мэтчилэн маш олон шаардлагыг тавьж байсан. Үнэхээр л нягт нямбай ажилладаг машин юм байна.  Санал маань хүчингүй болчих вий хэмээн  иргэд айн байж саналаа өгсөн. Гэтэл өнөөх саналын хуудаснууд нь машиных нь толгойгоор бохирдчихсон байх жишээтэй. Тухайлбал Нарантуяагийн нэрний өмнө бөөрөнхий цэг үүссэн. Ингээд хэдэн цэг дугуйлсан нь мэдэгдэхгүй энэ хуудас бол хүчингүй. Гэтэл ийм байдалтай саналын хуудсуудаар сонгуулийг   дүгнэсэн байна. Үүнээс үзэхэд сонгогчдын санал энэ машин руу ороод хүчингүй болсон гэж үзэж болно.



Мөн  хяналтын туузан цэс байна.  Хуулиар зөвшөөрөгдөж гарч ирсэн энэхүү цэс дээр нийт уншигдсан саналын тоо 473, өгсөн сонгогчдын саналын хуудасны тоо 473. Энэ хоёр тоо хоорондоо мөргөж байх ёстой. Энийг нэмээд үзэхэд УИХ-ын хоёр мандаттай Баянгол дүүрэгт хоёроор үржигдэж  946 болно гэсэн үг. Гэтэл энэ тоо 876 болж, хүчингүй саналын тоо 37 гэсэн байгаа. Харин цаана нь 33 саналын тоо нь хаачисан нь мэдэгдэхгүй байна.

-Сонгууль өгч байхад саналын хуудасыг буруу бөглөсөн байна гээд  санал тоолох машин буцааж шидээд байсан ш дээ. Гэтэл хүчингүй саналын хуудас  машинаас яагаад гараад ирэв ээ?

Журамаа барьж ярих үүднээс хэлье л дээ. Энэ ямар учиртай хүчингүй саналын тоо гэсэн юм бэ гэхээр Сонгуулийн ерөнхий хорооны  тавдугаар сарын 22-ны өдрийн 67-р хавсралтаар  хүчингүй саналын хуудас гарна гээд батлагдчихсан юм. Гэтэл  СЕХ-ын даргаас үүнийг 2012 оны 6-р сарын 26-ны өдрийн 127-р тогтоолын нэгдүгээр заалтаар “Санал тоолох төхөөрөмжинд уншигдсан бүх саналын хуудасыг хүчинтэй саналын хуудсанд тооцсугай” гэсэн байна. Гэтэл автоматаар санал тоолсон чинь хүчингүй санал 37 гээд гараад ирсэн. Тийм ч учраас бид ямар учиртай юм болчихов гээд бүх хэсгийн хороодоос ирсэн матералуудаа нэгтгэж тоолоод үзэхэд Баянгол дүүргийн хувьд 23482 санал алга болсон байна. Ер нь хамаг  асуудал нь машинд байх шиг ээ.  Ард түмэн маань саналаа өгсөн. Харин ямар саналын хуудсыг нь хүчингүй болгочихсон  юм, алийг нь хүчинтэй гэж үзээд байгаа юм? Энэ бүхэн ойлгомжгүйгээр дүн нь гарсан.Тиймээс Монголын ард түмэн үнэн мөнийг нь л олох гэсэн  асуудал тавьж байгаа юм. Ард түмний сонголтоор аль нэг нам нь ялах нь тодорхой. Гэхдээ сонгууль бол шудрага явагдах ёстой. Сонгууль шудрага явахад будилаантуулсан ганцхан асуудал бол сонгуулийн санал тоолох төхөөрөмжүүдийг ашиглах туршлага өнөөдөр монголд байхгүй байгаа явдал.

Сонгууль болохоос өмнө санал тоолох машиныг шалгах боломж нэлээн байх шиг байсан. Эрх баригч намын хувьд энэ дээр ямар нэгэн хяналт тавьж байгаагүй юмуу?  

Өмнө нь ямар хяналтуудыг хаанаас хийснийг яг үнэндээ мэдэхгүй байна. СЕХ, Тагнуулын байгууллага, Төрийн байгуулалтын байнгын хороо гэх зэрэг гурван байгууллагаас тест хийж үзсэн  юм гэсэн.   Тэгээд  нэг тест хийж үзээд гаргах,  хоёр мянган саналын хуудас тоолох хоёрын хооронд маш их зөрүү байгаа шүү дээ.

Дөнгөж сая сонгуулийн ерөнхий хороо мэдээлэл хийхдээ дахин гараар тоолох хууль эрх зүйн ямар ч боломж байхгүй гэж байсан л даа?

Үнэхээр хууль ёсны дагуу тийм байх эсэх нь яг үнэндээ бол өнөөдөр тодорхой бус байна. Хэрвээ хууль гараар тоолох ёсгүй гээд заасан байгаа бол ямар нэгэн байдлаар хууль батлаад ард иргэдийн санал болоод хүсэлтийг баталгаажуулах хэрэгтэй.

А.Алтантуяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top