Өнөөдөр”Монгол ньюс” мэдээллийн төвд УИХ-ын 16-р тойрогт бие даан нэр дэвшигч Ц.Адьшаа сонгуулийн дүнд эргэлзэж буйгаа мэдэгдэн хэвлэлийн хурал хийлээ. Тэрээр сонгуулийн хэсгийн хороодод саналын хуудсыг дахин тоолж шалгах хүсэлтийг тавьсан ч үр дүнд хүрээгүй байна. Нэр дэвшигч Ц.Адьшаатай цөөн хором ярилцлаа.
-Хэвлэлийн хурал зарлах болсон шалтгаан юу вэ?
-Сонгуулийн урьдчилсан дүнд эргэлзэж байгаа учраас өнөөдрийн хэвлэлийн хурлыг хийлгэж байна. Яагаад эргэлзээд байгаа юм бэ гэж та нөхөд бодож байгаа байх. Үнэхээр эргэлзээтэй байгаа учраас хэвлэлийнхэнд, хуулийн байгууллагуудад хандаж байгаа юм. Мөн намайг сонгосон сонгогчдын саналыг хамгаалахыг хүсч байна. Би 32 хувийн санал авсан шүү дээ. Хэрвээ сонгуулийн тайлан мэдээ эргэлзээгүй гарсан бол би бусад нэр дэвшигчиддээ баяр хүргэж, цэцэг өгөх байлаа.
-Яг ямар эргэлзээ байгаа юм бэ?
-УИХ-ын 16-р тойрог буюу Ховд аймаг 92 хэсгийн хороотой. Дээрх хэсгийн хороонд санал тооллогын үр дүн янз бүр гарч байсан. Тухайлбал эхний хэсгүүд дээр намайг ялалт байгуулсан тухай мэдээ ирж байсан ч 22 цагийн үед санал тооллогын үйл ажиллагаа зогсонги байдалд орж бүр дараа өдрийн 24 цаг болж байж дүнгүүд гарсан. Уг нь 20-30 минутын дараа л дүнгүүд гарч нийтэд мэдэгдэж байсан шүү дээ.
-Санал тоолох үед сонгуулийн хэсгийн хороодод танай ажиглагчид байсан биз дээ?
-Хэсгийн хороодод ажиглагчид байсан боловч ажиглагчдад тэгш боломж олгохгүй байсан. Бүр баримттай зүйл яръя. 92 хэсгийн хороо дээр сонгогчдын өгсөн саналын цэсийг хэвлэж өгөх ёстой байтал ердөө хоёрхон хэсгийн хорооны цэсийг хэвлэж өгсөн. Бусдыг одоо хүртэл өгөөгүй байгаа. Яагаад гэхээр үүнийг зөвхөн нам эвсэлд өгдөг, бие даан нэр дэвшигчдэд өгдөггүй гэсэн тайлбарыг тухайн нутаг дэвсгэрийн тойргийн хороод хийж байсан. Энэ ч бас эргэлзэх шалтгаан болж байгаа юм. Мөн хоёр хэсгийн хороодын зурган болон тоон мэдээллийг тулгахад эргэлзээтэй зүйл гарсан учраас бид үүнийг нягтлан шалгаж өгөөч гэсэн хүсэлтийг сонгуулийн тойрог, хэсгийн хороонд олон удаа хүргүүлсэн. Гэвч үр дүнд хүрсэнгүй.
-Хоёр хэсгийн хороон дээр эргэлзээтэй зүйл гарсан гэлээ. Энэ талаар тодруулбал?
-Дээрх хоёр хэсгийн хорооноос авсан зурган болон тоон үзүүлэлтүүдийг тулгаж үзсэн. Тухайлбал Жаргалан сумын Цамбагарав багаас ирсэн анхны мэдээллийг шалгаж үзтэл хүчингүй саналын хуудас 18 ширхэг, хүчингүй санал нь 22 ширхэг гарч ирсэн. Гэтэл тойргийн хорооны нэгдсэн дүн дээр хүчингүй санал гэдэг юм огт байхгүй байгаа нь эргэлзээ төрүүлж байгаа юм. Хоёрдугаарт хуулийн дагуу саналын дүнг нэгтгэсэн энэ тайлан дээр хүчингүй саналын тухай бичсэн байгаа юм. Тухайлбал 33-р хэсгийн саналын цэс дээр хүчингүй саналын тоо 20 гэж гарсан. Харин УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 47-р зүйл дээр хүчингүй санал, хүчингүй саналын хуудас гэдэг бол хоёр өөр ойлголт гээд заасан байгаа. Гэтэл энэ тайланд дээрх хоёр ойлголтуудыг ялгаж, салгаж дүгнэгдээгүй байна. Энэ нь хүчингүй саналын хуудсаар санал тооллогын дүнг гаргахгүй гэсэн хуулийн заат хэрэгжилгүй тооллогын дүнд орчихсон юм биш биз гэсэн эргэлзээг төрүүлж байгаа юм.
-Та сая хэвлэлийн хурлын үеэр УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийг хууль зөрчсөн талаар цухас дурьдсан. Энэ талаар дэлгэрүүлвэл ?
-Би УИХ-ын гишүүдийг хуулиа биелүүлэн үлгэр жишээ болох ёстой хүмүүс гэж боддог. Гэтэл төрийн эрх барих дээд байгууллагыг удирдаж байгаа хүн болох УИХ-ын дарга Д.Дэмбэрэл төрийн арваад машин унаад, тусгай хамгаалалт гаргаад, аймгийн цагдаагийн байгууллагаар зам хааж сонгуулийн сурталчилгаа хийж явсан. Ингэж хийх ёстой. Гэхдээ төрийн машин биш намынхаа машиныг унаад явах ёстой. Тэгээд зөвхөн нэг бие даагчийг баллуурдах ажлыг хийж явсан. Тодруулбал намайг уулзалт хийсний дараа 1-2 цагийн дараа уулзалт хийн “Бие даагчийг сонгож болохгүй,бие даагч гэдэг бол юу ч хийж чадахгүй, юм хийдэг хүн биш, түүнийг битгий сонгоорой” гэж уриалж байсныг Ховд аймгийн олон мянган сонгогчид харж байсан. Олон жил УИХ-д суусан туршлагатай хүн ингэж ёс жудаггүй авирлах нь буруу баймаар. Хэрвээ бие даагч хэрэггүй юм бол сонгуулийн тухай хуулинд яагаад ингэж бичсэн байдаг юм, тэрнийг яагаад сонгож болохгүй гээд уриалж явдаг юм? Энэ бол онцгой анхаарал татсан асуудал шүү дээ.
-Үндсэндээ таны эсрэг нам тань ажиллачихлаа гэж хэлэх гээд байна аа даа?
-Тэр ойлгомжтой л доо. Намынхаа бодлогыг сөрсөн учраас тэгж ажиллах нь зөв байсан гэж бодож байна. Буруутгах зүйл байхгүй ээ. Гэхдээ ганц бие даан нэр дэвшигчийнхээ эсрэг бороолдог энэ байдлыг л орхих хэрэгтэй. Ийм зүйл дахиж битгий байгаасай гэж би залбирч байна.
-С.Бямбацогт гишүүн таны саналыг луйвардсан гэсэн яриа байна?
-Надад тийм нотолгоо байхгүй л дээ. Сонгуулийн хороонд ажилласан Алтанбадрал гэдэг хүн байгаа. Энэ хүн ноцтой үйл ажиллагаа явуулсан. Мөн МАН-ын ерөнхий менежер Дүгэржав гээд хүн байна. Энэ хоёр хүн зөвхөн намайг буруутгахын тулд нэр татуулах ажлыг сонгуулиас өмнө зургаан удаа сонгуулийн тойргийн хороонд тавьж байсан. Ер нь С.Бямбацогт гишүүнийг намынхаа төлөө, улс эх орныхоо төлөө явдаг хүн мөн эсэхийг намынх нь гишүүд,иргэд сонгогчид надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа.
-Ш.Адьшаад МАН-аас квот олдоогүй учраас тус намаас нэр дэвшиж байгаа гишүүдийн саналыг хуваах зорилгоор Ховдод бие даан нэр дэвшсэн гэх яриа гараад байсан?
-Би МАН-ын удирдах зөвлөлөөс олонхийн дэмжлэг аваагүй учраас Монгол улсын үндсэн хуулинд заасан сонгох, сонгогдох эрхийнхээ дагуу бие даан нэр дэвшсэн. Энэ бол зөвхөн миний шийдэл байгаагүй. Тэнд байгаа олон мянган сонгогчдын хүсэлт байсан. Үүнийг санал өгсөн сонгогчдын санал харуулж байна. Түүнээс биш би ямар нэгэн хүнтэй нам эвсэлтэй тооцоо бодож хагалан бутаргах тийм бодол байгаагүй. Харин шударга үнэний төлөө намаа шинэчлэе гэсэн хүмүүс намайг дэмжиж байсан.
-Та одоо МАН-ын гишүүн хэвээрээ юу ?
-Би МАН-ын гишүүн мөн. Намын дүрэм зөрчсөн учраас надад мэдээж арга хэмжээ авах биз.
А.Алтантуяа
Сэтгэгдэл ( 0 )