Хэвлэлийн хүрээлэнгээс өнөөдөр 2012 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгааны мониторингийн дүнг танилцууллаа.
Энэхүү мониторингийн дүнг Бүгд найрамдахчуудын Олон улсын хүрээлэнгийн Монгол улс дахь хөтөлбөрийн захирал Рафаэл Бэжар, Хэвлэлийн хүрээлэнгийн МСА-ны ахлах судлаач Н.Ганчимэг, төслийн зохицуулагч Б.Одсүрэн нар хийжээ.
Уг судалгаагаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нэг талыг баримталсан мэдээлэл түлхүү цацсан болох нь тогтоогджээ. “Нэг намыг түлхүү сурталчилах явдал нэлээд ажиглагдлаа. Тухайлбал, “Зууны мэдээ” сонин дахь МАХН-МҮАН-ын эвслийн талаарх нийтлэлийн 98 хувь нь эерэг байхад “Нийгмийн толь” сонины энэ эвслийн талаарх нийтлэлийн 80 хувь нь сөрөг байх жишээтэй. Мэдээж ийм байхад сэтгүүл зүйн томоохон чансаатай бүтээлүүд гарах нь багасна” гэж хэвлэлийн хүрээлэнгийн судлаач Б.Одсүрэн ярьлаа.
Мөн хамгийн их сурталчилгаа цацсан намаар МАН тодорчээ. Тэд нийт сурталчилгаа цацсан намын 47,5 хувийг эзэлж байгаа аж. Энэ удаагийн судалгааг АНУ-ын Бүгд Найрамдахчуудын олон улсын хүрээлэнгээс санхүүжүүлж явуулсан бөгөөд өмнө нь 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар яг энэ төрлийн судалгааг хийжээ.
Судалгаанд Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз болон өдөр тутмын “Өнөөдөр”, “Зууны мэдээ”, “Ардын эрх”, “Өглөөний сонин”, “Өдрийн сонин”, “Үндэсний шуудан”, “Нийгмийн толь”, 7-10 хоног тутмын “Маш нууц”, “Хүмүүс”, “Сэрүүлэг” зэрэг нийт 10 сонины сонгуулийн сурталчилгаа (ил далд), сонгуультай холбоотой бусад мэдээллийг судалсан байна.
Судалгаанд хамрагдсан сонинуудын нийт талбайн 1.7 хувь нь сонгуулийн тухай сэтгүүл зүйн мэдээлэлд зориулагдсан бол 2012 онд энэ тоо 8.7 хувьд хүрчээ.
Сонгуулийн тухай мэдээлэлд сэтгүүлчдийн бүтээлийн 30 гаруй хувь нь баримт, үзэл бодлыг тодорхой зааглаагүй, сэтгүүлчийн үзэл бодолд хөтлөгдсөн байжээ. Мөн сэтгүүлч ёс зүйн алдаа гаргасан 55 тохиолдол бүртгэгдсэн аж. Үүнд бусдын өмнөөс ярих, хов живийг эх сурвалжаа болгох, захиалгаар сурвалжлах, мэдээллийн тэнцвэрт байдлыг алдагдуулах, доромжлох, хочлох гэх мэтээр баримтаа гаргасан байна.
Тухайн хэвлэл мэдээллийн байгууллагууд тодорхой нам, хүчинд үйлчлэх хандлага байсаар байгааг судалгаанд онцолжээ.
Харин МҮОНРТ-ийн зургадугаар сарын 6-26-ны 357 цагийн нэвтрүүлэгт ажиглалт хийхэд бүх нам, эвсэл, нэр дэвшигчдэд харьцангуй тэнцвэртэй үйлчилсэн байна. Сонгуультай холбоотой сэтгүүл зүйн бүтээл, тэр дундаа сонгогчдын боловсролд зориулсан мэдээллийг хангалттай хэмжээнд өгч чадсан ч далд сурталчилгааг нэвтрүүлэх явдал гарсаар байжээ.
Х.Даваа
Сэтгэгдэл ( 0 )