Зүдүү иргэдийн ядуу сэтгэлгээг тавласан улс төрийн амлалт

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 05

Бохир заваан орчин, утаа униар, архичин тэнүүлчин, арчаагүй амьдрал гээд шийдэхийг шаардсан олон асуудлыг дагуулсан гэр хорооллын нэгэн шинэ суурьшил бий болох шахав. Хэдийгээр Монгол Улс нүүдлийн удамтай, гэр гэх уламжлалт сууцтай ч тэр нь суурьшмал амьдралтай хот газар тохирохгүй байгааг бид өдөр бүр харж, мэдэрч байгаа. Тиймээс ч гэр хорооллыг багасгая, цааш нь тэлэхгүй гэсэн бодлогыг баримталж буй.

Сонгуульд оролцсон нам эвслүүд ч үүнийг л ярьдаг. Гэтэл Яармагт хачирхалтайгаар эхэлж, эмгэнэлтэйгээр өрнөсөн газрын төлөөх иргэдийн алалцаан энэ бодлого, зорилгыг эсрэгээр нь хэрэгжүүлэх дөхөв. Тэнд болсон үйл явдлыг Монгол орон даяар харсан, аль хэдийнэ болоод өнгөрсөн учраас давтаж нуршихыг хүссэнгүй. Харин амлалтад хууртсан ядуу сэтгэлгээ, түүгээр тоглосон улс төрийн шоглоомд эгдүүцэх сэтгэл төрснийг энд илэрхийлэхийг хүслээ. Тэр нэгэн цагт америкчууд газрын төлөө үхэн хатан тэмцэлдэж байсан түүхийг бид цэнхэр дэлгэцээр олонтаа харсан.

Харуудыг газрын тэмцэлдээ ашиглаж, цагаан арьстнууд эзнээр нь сууж байсан тэр тэмцлийн бодит байдлыг харуулсан дүр зургийг Яармагийн дэнжээс саяхан бид харлаа. Гэхдээ америкчуудын гаргасан тэр тэмцэл улс төрийн ямар нэг эмгэнэлт жүжиг байгаагүй. Баяжихыг хүссэн зарим хүмүүсийг эс тооцвол ихэнх нь амьдрах газартай болохын төлөө тэмцсэн. Гэтэл монголчууд улс төрийн шоглоомын золиос болж, жүжигчний гараар хөдөлдөг утсан хүүхэлдэйнүүд болсон. Тэнд монгол хүмүүс бие биен рүүгээ хараалын үг чулуудаж, бүр маажилцаж сөөм газрын төлөө хүн чанараа уландаа гишгэж байсан.

Иргэдийн энэ ядуу сэтгэлгээгээр тоглогчид бол улстөр. Товчхондоо Яармагт болсон газрын төлөөх алалцааны гол буруутан нь сонгууль, улс төрийн амлалт. Нэр дэвшигч хэн ч байсан эцсийн дүнд тэр хүн улс төр гэх ёроол нь харагдахгүй том тогоонд орохын төлөө амаа мэдэхгүй чалчсан нь иргэдийг хөл толгойгүй болгоход хүргэсэн. Хамар доорх хагархайгаа хорьж цагдахгүй ярьсан хэдхэн үг монголчуудыг эвий гэмээр эмгэнэлтэй болгож харагдуулсан. Тэр өдөр Буянт-Ухаад хэчнээн гадаадын иргэн бууж, яг тэр үйл явцын дундуур хот руу чиглэсэн бол.

Онгоцноос бууж байсан гадныханд Монгол Улсын хөгжил дэвшил харагдаж, дэлхийд тайван сайхнаараа гайхагддаг тэр амгалан тайван байдал мэдрэгдэх байсан, тэгэх ч ёстой. Тэгтэл Монголд тэмцэл харагдсан. Юуны төлөө вэ гэсэн гадны хүний асуултад орчуулагч нь газрын төлөө гэж хариулсан нь мэдээж. Харин тэр харь хүн сонирхож шохоорхохоосоо илүү инээд нь хүрч байсан гэдэгт итгэлтэй байна. Америк тив дөнгөж үүсч, хөгжих гэж аядаж байхдаа газар нутгийнхаа төлөө ингэж тэмцэж байсан.

Гэтэл хөгжиж байгаа гэсэн муугүй статустай Монгол Улсын иргэд аль эрт болоод өнгөрчихсөн үйл явцыг энэ цаг үед бусдад харуулсан нь үндэсний эмгэнэл болсон. Гэхдээ бүр тэр эмгэнэлийн эх үүсвэр нь улс орны хөгжлийг тодорхойлж, түүний төлөө сэтгэл гар нэгдэх ёстой улстөрчид, улс төр байсан нь монголчуудыг дээр дооргүй сэтгэлгээний ядууралд орсныг бусдад зүгээр л үйлдлээрээ харуулчихсан. Өөрийн нэр дээр газартай ч хүүгийнхээ, охиныхоо, хоёрхон настай зээдээ газартай болохыг хүссэн иргэдийн шунал.
Түүгээр нь тоглосон улс төрийн хий хоосон амлалт.

Ер нь өнөөдрийг хүртэл улс төрийн нам эвсэл, улстөрч хэлсэн үгэндээ эзэн болж, хийсэн үйлдэлдээ гэмшиж байсныг та бид харсан билүү. Сонгуулийн сургаар та бидний өмнө тогоруу шиг тонголзож, хөхөө шиг уран донгодчихоод бусад цаг нь нэг нүдээрээ ч хардаггүй л биз дээ. Энэ занг нь мэдсээр байж Монгол Улсыг, монголчуудыг өчүүхэн сэтгэлгээний боол болгож харагдуулах хэрэг байсан юм уу? Ард түмэн гэдэг хэн ч юу ч бичиж болдог цагаан цаас гээд дуртай нэгнээр нь сараачуулаад байж болохгүй. Тэгээд ч хотын газрыг дуртай нэг нь хүссэн үедээ хэмжиж өгөөд байдаг зүйл биш.

Аливаа хот, дэлхийн бүх суурин газар өөрийн гэсэн төлөвлөгөөний дагуу хөгждөг. Тэр төлөвлөгөөгөөр хаана, ямар хэмжээтэй газрыг өгөхийг шийддэг. Аль нэг нам, улстөрчийн үгээр наймаалцдаг эд нь газар биш. Яармагт ямар эмгэнэлтэй жүжиг тоглогдож байсныг та бүхэн харсан байх. Тэр энэ газар ав гэсэн иргэд, бид мэдэхгүй, эрх мэдэл нь надад байхгүй гэсэн төрийн албан хаагчид, хэрүүл зодооныг зохицуулах гэсэн цагдаа гээд улс төр, улстөрчийн амлалт зөвхөн иргэд гэх цагаан цаасыг базаж хаяагүй. Монгол Улсын нэрийн өмнөөс төрийн үйлчилгээг иргэдэд хүргэдэг албан хаагчдыг даапаалсан.

Хамгийн чухал нь Монгол Улсын 2.7 сая, Улаанбаатар хотын 1.3 сая хүний өмчийг амаараа хуваарилж, шийддэг тэр нам, нэр дэвшигч ямар “том” юм бэ. Дөрвөн жил загас шиг суухын төлөө бүх нийтийн өмчид ингэж халдаж, зүдүү иргэдийн ядуу сэтгэлгээгээр тоглосон нь жинхэнэ хууль зөрчсөн хэрэг. Цөөнгүй жил ярьж, чамгүй тунгаан шүүсэн гээд байдаг нөгөө Сонгуулийн хуулийн амлалт өгөхгүй гэсэн заалт хаачаа вэ, салхивчаар хийсчихсэн үү? Газартай болчих гэсэн иргэдийн шунал, хүсэл, хэрэгцээгээр тоглоом хийж, зүдүү амьдрал, ядуу сэтгэлгээгээр нь тавласан тэр нэгэн хэтэрхий өндрөөс даравгараасаа болж унах вий дээ. Амлалт гэдэг үг хий хоосон гэсэн утгыг агуулдаггүй. Амлалт бүхэн бодитой байхаас гадна биелэлт гэсэн үгийг ардаа дагуулж байх учиртай. Тэр дундаа улс төр гэх шатрын хөлгийн нүүдэл бүхэн оновчтой, үнэн зөв, бодитой байх ёстой.

Хуурамч амлалт ямар сөрөг үр дагавар дагуулдгийг та бид хангалттай харсан, мэдэрсэн. Харин одоо залхаж байна. Хүссэн нүдэнд нүүдэг шатрын хүү, дуртай нэг нь сараачдаг цагаан цаас байхаас ард түмэн залхаж байна. Зөвхөн биелэх боломжтой амлалтыг бидэнд дуулгаж, түүнийхээ төлөө зүтгэдэг тийм улс төрийг, улстөрчийг бид хүсч, хүлээж байна. Амлалт гэдэг амтай болгоны чулууддаг сул үг биш.

В.ХЭРЛЭН

Эх сурвалж: "Улаанбаатар таймс" сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top