Өнөөдөр шинэ парламентын анхны чуулган боллоо. Энэ үеэр УИХ-ын сонгуулийн 19 дүгээр тойрог буюу Дархан-Уул аймагт бие даан нэр дэвшиж, үнэмлэхүй ялалт байгуулсан С.Ганбаатартай ярилцлаа. УИХ-ын шинэхэн гишүүний ирэх дөрвөн жилд ямар чиг шугамыг барьж ажиллахыг зорилгоо болгосон тухай түүний ярилцлагаас сонирхоно уу.
-Юуны өмнө УИХ-ын гишүүнийхээ тангаргийг өргөсөн танд баяр хүргэе.
-Баярлалаа. Надад итгэж, дэмжсэн бүх сонгогчиддоо талархал илэрхийлье. Та бүхнийхээ итгэлийг алдахгүй гэдгээ хэлмээр байна. Би ард түмнийхээ төлөө тууштай зүтгэх болно.
-Шинэ парламент бие даагч гурван гишүүнтэй боллоо. Энэ хүмүүсийг аль нэг намд худалдагдаж магадгүй гэсэн хардлага байна. Таныг Иргэний зориг-Ногоон намд нэлээд элэгтэй хандаж байгаа учир дээрх намд нэгдэж магадгүй гэсэн таамаг гараад байгаа. Үүнд хариулт өгөхгүй юу?
-Иргэний зориг-Ногоон нам, Ардын нам, Ардчилсан намтай би нээлттэй харилцдаг. Ер нь би бүх л намтай нээлттэй харилцаатай байхыг эрхэмлэдэг. Тэд миний дайснууд биш шүү дээ. Тэд бол Монголын ард түмнийг сайхан амьдруулъя л гэж бодож яваа хүмүүс. Заримдаа андуураад өөрсдийнхөө амьдралыг сайжруулах гээд зүтгэчихдэг болохоос биш. Хэрвээ би ямар нэгэн намд орохоор болбол сонгогчдоосоо асууж байж шийднэ. Түүнээс биш энэ асуудал бол миний хэрээс хэтэрсэн зүйл. Энэ талаарх миний хатуу байр суурийг мэдсэн юм байлгүй, санал тавьсан нам одоогоор алга байна. Итгэлцлийн хүрээнд зарим нэг намын найз нөхөд маань асууж байсан. Би байр сууриа илэрхийлсэн. Миний хувьд би бол бие даагч. Намайг сонгогчид маань нам, бүлэглэлүүдийн идэж ууж байгаа арчаагүй байдалд хяналт тавиулж, жирийн хүмүүсийн төлөөлөл болгон явуулсан гэж би боддог. Би энэ ажлаа хариуцлагатай хийнэ. Түмнийхээ итгэлийг дааж ажиллах болно.
-Бие даагч гэдэг ямар нэгэн шийдвэрт нөлөөлж, асуудлыг бүрэн гүйцэд шийдэж чаддаггүй гэсэн ойлголтыг өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд З.Алтай гишүүн хангалттай харуулсан шүү дээ. Гэтэл та заавал бие даагчаараа үлдэх шаардлагатай гэж үү?
-Би З.Алтай гишүүнийг маш их хүндэлдэг. Өөрийн гэсэн бодолтой, хүчтэй, эх оронч хүн. Гэхдээ би бол С.Ганбаатар. Би түмэн олонтойгоо их ойрхон хүн. Миний ард аль ч намаас илүү хүчтэй 450 мянган хүнтэй үйлдвэрчний байгууллага байна. Би хүмүүсийн эрх ашгийн төлөө тэмцээд найман жил болохдоо маш олон жагсаал, цуглаан, өлсгөлөн, тэмцлүүдийг хийсээр ирсэн арвин туршлагатай. Тиймээс бие даагч гэхээсээ илүү ямар ч нам бүлэглэлээс хараат бус гишүүн байж үндсэн ажил руугаа орно.
-НХХЯ-ыг С.Ганбаатарынх болох нь тодорхой гэсэн яриа гарсан байна лээ?
-Энэ талаар маш олон хүмүүс ярьж байна. Намайг Монголын ард түмэн, Дарханчууд маань бие даагч л гэж сонгосон. Хэрвээ энэ статусыг өөрчлөх хэрэг гарвал энэ миний хэрээс хэтэрсэн асуудал болно. Би сонгогчдоосоо асууж байж өөрчлөх эсэх дээр зөвшөөрөл авах ёстой. Би одоогийн байдлаар бие даагч хэвээрээ дөрвөн жил ажиллана гэсэн бодолтой байна.
-Тэгэхээр Засгийн газарт таныг орохгүй нь ээ гэж ойлгож болох уу?
-Намайг олон хүн сайдын суудалд өргөмжилчихсөн байна лээ, баярлалаа. Гэхдээ надад Ерөнхий сайдын суудлыг өгөөд ч хэрэггүй. Учир нь би ард түмнийхээ төлөөлөл болж, хараат бусаар УИХ-д байгаа нам бүлэглэлүүдийг хянах гэж энд орж ирсэн.
-Та УИХ-ын гишүүн болсноор Үйлдвэрчний эвлэлийн Ерөнхийлөгчийнхөө ажлыг давхар хийх боломжтой юу?
-Үргэлжлүүлж хийх бүрэн боломжтой. Энэ 76 гишүүд чинь бүгд л ТББ-уудын ерөнхийлөгч, дарга нар шүү дээ. Тэгэхээр МҮЭХ бол мөн л төрийн бус байгууллага. Энэ байгууллагыг дахин дөрвөн жил толгойлох эрхийг эвлэлийнхээ нийт гишүүдээс авсан. Үүнд Хууль зүйн яамны сайд нь ч байна уу, ер нь хэн ч хөндлөнгөөс оролцож нөлөөлөх боломжгүй. Манай байгууллагын дотоод асуудал руу улс төрчид өнгийх сонирхолтой байдаг. Яагаад гэвэл бид тэднийг ард түмэндээ үйлчлэхийг их шаарддаг.
-Энэ бол миний хийх ёстой ажил гээд тодорхойлчихсон хамгийн эхний ажлыг тань сонирхвол?
-Одоо улсын төсөв яригдана. Энэ улсын төсөв ард түмэнд нээлттэй, ойлгомжтой байх ёстой. Ард иргэдийн төлөөллийн байгууллагууд, татвар төлөгч ажил олгогч эзэд, бизнесийн төлөөлөл, баялаг бүтээгч үйлдвэрчний төлөөлөл, мөн ахмад, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийн байгууллагуудын оролцоотойгоор энэ төсөв батлагдах ёстой. Тэгэхгүй хэдэн улс төрчид хаа нэг газраас мөнгө олчихоод хувааж авах гэж байгаа юм шиг ярьдаг энэ байдлаа таслан зогсоох хэрэгтэй. Энэ миний эхний ажил. Дараагийн хийх ажил хөдөлмөрийн хуулийг жирийн хөдөлмөр эрхлэгчдэд ээлтэйгээр батлуулах, тэтгэвэр тэтгэмжийн хууль, гадаадаас ажиллах хүч авах тухай хууль гэсэн дөрвөн хууль дээр ойрын үед төвлөрч ажиллана. Мэдээж тав дахь хууль нь ҮЭ-ийн эрхийн тухай хууль байгаа. Энэ бол зөвхөн манай байгууллагын асуудал учраас байгууллага дотроо ярина.
А.Алтантуяа
Сэтгэгдэл ( 1 )
ene *******ursgaad bga nohduud 75 gishuun toriin **ba haagchid tuuniig uzen yadagch luivarchin bertegchin eh ornoo gsn setgelgui amitad gj bogdnom