Ардчиллынхан “Рашаантын 18”-ыг хөгжүүлнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 09

НИТХ-ын сонгуульд АН-ын нэр дэвшигчид “Хүн шиг амьдаръя, Хот шиг хөгжье” гэсэн уриатай оролцон ОЛУУЛАА ЯЛЖ ардчиллын 22 жилийн түүхэнд анх удаа Нийслэлийг удирдах эрхтэй боллоо. Эрх мэдэлтэй зэрэгцэн Их хариуцлагыг мөн өөрсдийн нуруунд үүрэв.

Сонгогчдын талархлыг хүлээн, хамгийн их дэмжлэг авсан гол санаа нь Нийслэлийн гэр хорооллыг хөгжүүлэх асуудал байлаа. Тэгвэл одоо яг ямархуу төрхтэй гэр хорооллыг тэд хүлээж авч байна вэ?

Өнөөгийн байдлаар их хот руу чиглэсэн иргэдийн нүүдлээс улбаалж гэр хорооллын бүтэц, зохион байгуулалт замбараагаа алдан, засаж залруулах талаар үе үеийн хотын удирдлагуудын зүгээс дорвитой, далайцтай ажлыг тэр бүр өрнүүлж чадаагүйгээс УТАА, ХОГ гэх мэт Улаанбаатарын нүүр царайг гутаасан сөрөг үр дагавар жилээс жилд нэмэгдэн гамшгийн хэмжээнд хүрээд байгаа билээ.

Шинээр шилжин ирэгсэд газрын хомсдолоос шалтгаалан уулын энгэр налуу, дов жалгын ирмэг дээр, хүний хөл байтугай нүд хальтирмаар сонин газруудад орон гэрээ босгон амьдарцгаасаар. Энэхүү байдал нь эрсдэлийг араасаа дагуулж, ялимгүй ширүүн бороонд л орон гэртэйгээ урсаад явчих нөхцлийг бүрдүүлж байна.

Гудамж, хорооны нэр, хаягжуулалт хагас дутуу, шинээр ирэгсэд бол бүр байхгүй.  Улаанбаатарын гэр хорооллын айлыг зорьж олж очно гэдэг “Улаанбаатарт байгаа миний аав”-аас дутахааргүй бүрхэг, хэцүү зүйл.

Тэдгээр “гэгээн алсад” орших айлуудын нийгмийн хамгааллын асуудал гэж нойл. Тийшээ дөхдөг нийтийн тээвэр, тэдний хүүхдүүдийг асарч тойлдог цэцэрлэг, сургууль гэж алга, ойр орчимд нь.  Ёстой л бор зүрхээрээ зүтгэцгээн ажил, сургуулиа зохицуулцгаадаг бололтой.

Ардчиллынхны дэвшүүлээд буй гэр хорооллыг цахилгаанаар халааж, инженерийн шугамтай холбох санаа нь Улаанбаатарын утааны асуудлыг шийдэхэд маш эерэгээр нөлөөлөх боломжтой зүйл юм. Улсаас асар их мөнгө зарлагадсан “Утаагүй зуух” төсөл тэр бүр үр дүнгээ өгсөн гэж хэлэхэд хэцүүхэн, учир нь өнгөрөх өвөл гэхэд юун утаагүй болох нь бүү хэл бүр нэмэгдсэн мэт хачин байдалтай өнгөрснийг хүн бүр мэдэж байгаа.

Утаагүй болох талаар урд хөршид галлагаатай айлуудын янданд шүүлтүүр тавих, айлуудыг цахилгаанаар халаах гэсэн хоёр гол аргаар хэрэгжүүлж байсан туршлага зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дурдагдаж байсан. Жишээ нь, айлуудын янданд шүүлтүүр тавих төсөл хэрэгжүүлэхдээ улсаасаа бараг сохор зоос ч зарцуулалгүй, гарын доорх материал ашиглан, хэрхэн ямар технологиор хийх ёстойг нь телевизээр ард түмэндээ зааж өгөөд өөрсдөөр нь хийлгэж тавиулсан гэх. Манайд бол эсрэгээрээ ямар нэгэн төсөл хэрэгжүүлэх болбол юуны түрүүнд улсын мөнгө рүүгээ гараа шургуулж, аль болохоор их хэмжээгээр зарлагадах сонирхолтой гэхэд нэг их хилсдэхээргүй.  Хятадуудын тэр төслийн хэрэгжилтдээ хяналт тавьсан байдал бас сонирхолтой. Жишээ нь, нэг хашаанд 3 айл байлаа гэж бодоход 2 нь шүүлтүүрээ хийж тавиад, 1 нь тавиагүй байвал нөгөө хоёр нь коммунист намын үүртээ очиж ховлон, асар өндөр торгуулиар нөгөө залхуу нөхрийг шийтгүүлэх үүрэгтэй байжээ.  Энэ аргыг хэрэгжүүлье гэж бодоход манайд бас түвэгтэй. Учир нь Монголчууд өөрөөсөө дээр гарснаа л матна уу гэхээс, доор байгаа нөхрийг өрөвдөөд хэзээ ч ховлож мууг нь үзэхийг хүсдэггүй “сайхан” зантай улс.

Тэгэхээр манайд цахилгаанаар халаах санаа л хамгийн дөхөмтэй байна. Хамгийн гол нь цахилгааны үнэ асар хямд байх шаардлагатай. Санаагаар болдог бол 5-р цахилгаан станцыг Улаанбаатарт биш, Багануурын уурхайн дэргэд бариад туузан дамжуулагчаар нүүрсийг нь зөөдөг бол. Тэгвэл өдөр бүр Багануураас вагон вагоноор нүүрс зөөж зарлага гарахгүй, ганц удаа том зарлагадаж Багануураас цахилгаан дамжуулах шугамаа Улаанбаатар руу татаад болчихмоор ч юм шиг. Мөрөөдөхөд мөнгө төлөхгүй ээ гэж...

Энэ мэтчилэн Нийслэлийн хэмжээнд тулгамдаад буй асуудлууд түм бумаараа байгаа. Одоо зөвхөн зөв гаргалгаатай, зөв шийдвэрүүд л чухал байна. Тэгээд хүн бүр хариуцсан ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг болчихвол. Энэ л бидний ирээдүйн гэрэл гэгээтэй амьдралын эхлэл болох нь дамжиггүй.

Тэртээх  22 жилийн өмнө, өвлийн тэсгим хүйтэн өдрүүдэд талийгаач С.Цогтсайхан агсны “Хонх” хамтлагийн залуусын дуулдаг байсан, гэр хорооллынхны гундуухан амьдралыг өгүүлдэг “Рашаантын 18” хэмээх гунигтай дуу одоо ч чихэнд сонсогдсоор...

Д.Мягмарсүрэн

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top