Бие даагчид зөвлөл байгуулна

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 20

УИХ-ын гишүүнээр бие даан сонгогдсон гишүүд болох Х.Болорчулуун, С.Ганбаатар, Ц.Даваасүрэн нар  сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Өнөөдрийн байдлаар УИХ-д суудалтай нам, эвслүүд өөр өөрсдийн гэсэн бүлгээ байгуулан ажиллах гэж байгаа энэ үед Бие даагч гишүүд маань бид юугаараа дутдаг юм гэсэн шиг хамтран “Би даагчдын зөвлөл” гэж байгуулж байгаагаа албан ёсоор мэдэгдлээ.

УИХ-ын гишүүнээр сонгогдсон бие даагчид өөрийн гэсэн мөрийн хөтөлбөртэй ордог. Түүнийгээ хэрэгжүүлэхийн тулд “Бие даагчдын зөвлөл” байгуулж ажиллана гэнэ.

Ийнхүү Бие даагч гишүүд сэтгүүлчдийн асуултад дараах хариултыг өгсөн юм.

-Хамтарсан Засгийн газар байгуулах хэлэлцээр хийсэн эвсэл, намууд бие даагчид Засгийн газарт орох эрх нээлттэй гэдгийг мэдэгдсэн. Үүнийг хэрхэн хүлээж авч байгаа вэ?

С.Г: -УИХ анх удаа гурван бие даагч гишүүнтэй боллоо. Цаад утгаараа УИХ 76 бие даагч гишүүнтэй. Сонгогчид намыг биш хүнийг сонгосон. Гэтэл намаас гарсан юм шиг нам, нам гэж ярьж байна. Тэгвэл иргэд намуудын генсекийг сонгоод тэр нь гишүүдээ сонгож байя. Сонгогчдын эрх ашгаас намын эрх ашгийг дээгүүр тавьж байна. Бид бол сонгогчдлын эрх ашгийг хамгаалж ажиллана. Зөвлөл дээрээ асуудлаа ярьж саналаа нэгтгэж явна. Зөвлөл байгуулсан хойно Засгийн газарт орох уу, нийлэх үү, аль хууль дээр санал бодлоо нэгтгэх вэ гэдэг асуудал өөр.

Ц.Д:
-Бидний хийх гол зүйл бол мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх асуудал. Хэрэв санал болговол мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тулд хамтрахаас аргагүй. Ард байгаа сонгогчдынхоо төлөө явах ёстой. Засгийн газарт орох уу, үгүй юү гэх зэргийг зөвлөл байгуулсны дараа ярина.


-Үүний тулд бие даагчид мөрийн хөтөлбөрөөсөө Засгийн газрын хөтөлбөрт оруулах уу?


Ц.Д: -Хоёр арга бий. Нэгд, улсын нэгдсэн төсөв хэлэлцэх үед түүнд хөтөлбөрөөсөө жижиг асуудлуудыг тусгуулж болно. Хоёрт, гурав, дөрвөн жилд хэрэгжүүлэх том ажлуудыг Засгийн газрыйн хөтөлбөрт тусгуулахаас аргагүй.

-Та гурвын байр суурьтай олонхийн байр суурь нийлбэл олонхтой, цөөнхийнх нийлбэл цөөнхтэй хамтраад явах уу?

С.Г:
-Зөвлөлийн эрх ашгаас шалтгаалаад олонхитой бол олонхитой, цөөнхтэй бол цөөнхтэй хамтраад явна. Ард түмний эрх ашгийг аль бүлэг шийднэ, тэдэнтэй нийлээд явна.


Харин одоо УИХ-ын бүлгүүд бие биеэ шахаж гацаасан байдалтай байна. Ийм байж болохгүй. Сонгогчдын бэрхшээлийг шийдээрэй гэж тэднийг иргэд сонгосон. Гэтэл УИХ өөрөө ард түмний бэрхшээл болчихоод явж байна. Ийм байхад УИХ-ын гишүүдэд ттавар төлөгчдийн мөнгөнөөс цалин тавих ёстой юу, үгүй юү.

-Яамдыг нэмэх нь зөв үү, буруу юу?

Ц.Д: -Гишүүд эдийн засаг томорсныг, 17 дахин өссөнийг  ойлгохгүй байна. Асуудал түүнийг дагаад бас томорч байгаа. Яамд бодлого хийхгүй өдөр тутмын ажил хийж байна. Цомхон байна гэдэг чадварлаг гэсэн үг биш. Яам цөөн бол сайн гэж хэлж бас болохгүй. Яамны ачаалал хэр байна, тэр ачааллыг даагаад явах хүний нөөц ямар байна гэдэг чухал.

С.Г: -Яам байгуулахын тулд эхлээд ажлын байрны зураглал хэрэгтэй. Тэрнээс биш зарим газарт ажилтан нь хийх ажил багатайгаас хоорондоо чатлаад, зарим газар ачааллаа дийлэхгүй ухаан алдаж унаад байж таарахгүй. Үүнийг яамд байгуулахдаа зохицуулах ёстой.

Х.Б: -Одоо байгаа ажилтнуудаар оролдож халж солих хэрэггүй. Яам нэмэх нь тусгүй гэж үзэж байгаа.

-Явцын дунд та гурав аль нэг намд элсэх болов уу?


-С.Г:-Зөвлөл байгуулж хамтарч ажиллана гэдгээ л илэрхийлж байна.

Х.Б:
-Бид гурав гурван өөр аймгаас ард түмний итгэл хүлээж сонгогдсон. Зориг гаргаж, эрсдэл сөрч сонгогдсон. Одоогоор аль нэг намд орно гэсэн бодлого, зорилго алга. Цаашдаа намын аль нэг бүлэг дэмжиж ажиллахыг үгүйсгэхгүй.

А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top