АН, “Шударга ёс” эвсэл, ИЗНН анхдугаар чуулганы гацааг арилган хуралдааныг үргэлжлүүлж, УИХ-ын даргаа сонгосон. Үүнд МАН-ын гишүүд гомдолтой яваа.
МАН-ынхан “УИХ-ын даргыг хууль бусаар сонголоо. Тиймээс цаашид гаргах бүх тогтоол, шийдвэр нь хууль бус байна. Бид энэ асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандана” гэж мэдэгдсэн. Тиймээс эвссэн намууд МАН-ын гишүүдгүйгээр чуулганы хуралдаанаа үргэлжлүүлж, УИХ-ын даргаа сонгосон нь хуульд нийцэж буй эсэх талаар зарим хуульчийн байр суурийг сонирхлоо.
Өмгөөлөгч Ц.МОНГОЛ: МАН цөөнхийн үүргээ гүйцэтгэх байсан юм
-УИХ зарчмын хувьд олонхиороо асуудал шийддэг. Гэхдээ УИХ нам төвтэй болчихоод байна. Төрийн хуучин аппарат ажлаа өгч, ард иргэдийнхээ сонголтыг хүндэтгэх ёстой. АН, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл, ИЗНН чуулганы хуралдаанаа үргэлжлүүлж, УИХ-ын даргаа сонгосон нь зарчмын хувьд хууль зөрчөөгүй. Төрийн эрх ашиг намынхаас дээр байх ёстой. МАН цөөнхийн үүргээ гүйцэтгэж, үгээ хэлээд л явах байсан юм. Ахмад гишүүний хувьд хурал удирдахыг хүсэхгүй байгаа бол дараагийн ахмад гишүүн хурлаа удирдахад болохгүй гэх газаргүй. Энэ нь ч хууль зөрчөөгүй. МАН биднийг хуралд оролцоогүй байхад хууль бус шийдвэр гаргалаа гэж Үндсэн хуулийн цэцэд хандсан нь эрхээ эдэлж байгаа хэрэг. Мэдээж, үүнд маргаан үүсгэх үү, үгүй юу гэдэг нь Үндсэн хуулийн цэцийн шийдвэрлэх асуудал. Төрийн ажил тасралтгүй үргэлжлэх ёстой гэсэн ардчиллын зарчмын дагуу л ажиллах ёстой. Ер нь, сүүлийн дөрвөн жилд Хамтарсан Засгийн газар гэдэг утгаараа УИХ цөөнх, олонхигүй явж ирсэн. Энэ удаад цөөнх нь ард түмний эрх ашгийг дээдлэн ажиллах хэрэгтэй.
Өмгөөлөгч О.АЛТАНГЭРЭЛ: Дэгийн тухай хуулийн ганцхан заалтыг тойрсон маргаан
-Үндсэн хуулийн цэцэд хандсанаар энэ бол зөв, эсвэл буруу гэсэн хоёр шийдвэрийн аль нэгийг нь гаргаж таарна. МАН-ын гишүүдийг хуралдаанд оролцуулаагүй, ирц бүрдээгүй бол өөр хэрэг. Үндсэн хуулийн цэц “Хууль бус байна” гэсэн дүгнэлт гаргасан ч чуулганы хуралдаан, УИХ-ын даргыг сонгосон нь хүчингүй болохгүй. Өнгөрсөн хугацаанд гаргасан шийдвэр, үйл явдлыг буцаах боломжгүй.
МАН-ынхныг Үндсэн хуулийн цэцэд хандсаныг ойлгохгүй байна. Дэгийн тухай хуулийн нэг заалт тойрсон л маргаан гарсан болохоос Үндсэн хууль зөрчөөгүй. Чуулганы хуралдаан, УИХ-ын даргыг сонгох явц хууль зөрчөөгүй.
Хуульч Х.БАТ-ЯЛАЛТ: УИХ бүрэн бүрэлдэхүүнээрээ асуудлыг шийдвэрлэх ёстой
-УИХ-ын олонхийн шийдвэрлэсэн асуудлыг хууль зөрчсөн, зөрчөөгүй гэж би дүгнэлт хийхгүй. Гэхдээ УИХ бүрэн бүрэлдэхүүнээрээ асуудлыг шийдвэрлэх ёстой байсан юм. Энэ янзаараа цаашид 39 гишүүн шийдвэр гаргах боломжтой болох нь. Уг нь, УИХ 76 гишүүнтэй биз дээ. МАН-ын гишүүд чуулганы хуралдаанд оролцохгүй байгаа нь үндэслэлгүй. Тэгээд ч МАН-ынхан УИХ-д бүлэг байгуулсан тохиолдолд чуулганы хуралдааныг хаях эрхтэй болно. Тэд Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргаж эрхээ эдэлж байна. Гэхдээ Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээс хамаарч, хэрэв хууль зөрчсөн гэж үзвэл буруутай хүнд хариуцлага тооцох ёстой. Миний санаж байгаагаар, МАН сөрөг хүчний төлөөлөл, АН-гүйгээр асуудал шийдвэрлэж байгаагүй.
Хуульч Э.БАТБАЯР: Төрийн ажил тасралтгүй явах ёстой зарчмыг баримталсан нь зөв
-МАН-гүйгээр чуулганы хуралдаан үргэлжилж, УИХ-ын даргаа сонгосон нь хууль зөрчөөгүй. Хамгийн ахмад гишүүн хурал удирдаагүй тохиолдолд төрийн ажил тасралтгүй байх ёстой тул дараагийн ахмад гишүүн хурал удирдсан нь эрх зүйн зарчмын хувьд зөв гэж үзэж байгаа. Гэтэл энэ асуудлаар МАН Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргалаа. Цэц маргаан үүсгэх үү, үгүй юү гэдгээ шийдвэрлэх байх. Хуульч хүний хувьд төрийн үйл ажиллагаа тасралтгүй явах зарчмыг баримталж, ажилласныг нь зөв гэж бодож байна. Харин МАН УИХ-д хууль ёсны бүлэггүй боллоо. УИХ-ын тухай хуульд “УИХ-ын дарга сонгогдсоноос хойш 24 цагийн дотор намууд бүлэг байгуулахаа, бүлэгт орох гишүүдийн нэрээ бичгээр өгнө” гэсэн заалт бий. Гэтэл МАН-ынхан энэ заалтыг хэрэгжүүлсэнгүй. Ийм явдал энэ удаа л болж байгаа юм биш. 2004 онд “Эх орон” эвсэл задарч АН бүлэггүй болж, МАХН-ын бүлэгт орж “бүдүүн бүлэг” байгуулж байсан удаатай. МАН-ынхны хувьд эрх зүйн ийм үр дагавар гарч байна. Намын бүлэг бол УИХ-ын бүтцийн байгууллага шүү дээ.
Сэтгэгдэл ( 0 )