Ардчилсан хувьсгал ялж, хүний эрх чөлөөг дээдэлдэг улс орны тоонд багтсанаас хойш төрийн эрх барих дээд байгууллагынхаа түшээдийг иргэд сонгодог болсон. Эдүгээ зургаа дахь сонгуулиа хийж, үр дүн нь гарчихаад байна. Ээлжит сонгуулиар АН үнэмлэхүй ялалт авч чадаагүй ч, олны итгэлийг хүлээн парламент дахь олонхи болчихлоо. Харин төрийн алтан жолоог бараг л завсаргүй атгаж явсан 90 гаруй настай, энэ улсын анхны улс төрийн хүчин МАН цөөнхийн суудалд шилжив. Сонгогчдын итгэлийг хүлээж, энэ удаад олонхи болж чадаагүй нь ардын намынханд хүнд цохилт болсон байх. Тиймээс ч удирдлагууддаа хариуцлага тооцон, үүрэгт ажлаас чөлөөлж, намын Бага хурлыг товлон хуралдуулж өөр нэгнийг тохоон томилсоор. Удирдах зөвлөл нь ч бүрэн бүрэлдэхүүнээрээ огцров. Тэд ялагдлын буруутнууддаа ийнхүү хариуцлага тооцлоо. Шинэхэн дарга нар нь үүрэгт ажилдаа орж, тамга тэмдгээ хүлээн авсан биз. Тиймээс намын үйл ажиллагаа нь ч хэвийн үргэлжилсээр. Харин тус намын бага хурлаас шалтгаалан төрийн ажил гацаанд орчихоод байна. Анхдугаар чуулганы үйл ажиллагаанд оролцохгүй хэмээн сонгогдсон 25 гишүүн нь гөжүүдлэж, намын байр руугаа л гүйж буй. Гурав хоног хуралдаж байгаа ч ирц нь бараг л 100 хувьд хүрсэн тухай яриа байна. Ирцээ гүйцээхийн тулд товлосон хугацаагаа ганц нэг цагаар хойшлуулж ч байгаа. Ардуудын нам гэж өөрсдийгөө тодорхойлдог улс төрийн хүчнийхэн нэг иймэрхүү. Энэ зуур улс орныг хөгжүүлэх, хууль батлах, хэлэлцэх ажил зогсонги байдалд орчихлоо. Тодруулбал, төрийн үйл ажиллагааг намынхаасаа доогуурт тавьж байна гэхэд хилсдэхгүй. Уг нь, олны итгэл хүлээн, төр улсаа хөгжүүлж, түмэн олныхоо амьжиргааг дээшлүүлнэ гэж л тэрхүү 25 хүн сонгогдсон. Гэтэл юун хэлсэн үг, амласан зүйлээ биелүүлэх. Ажлаа хаян зугтаж, намынхаа үйл ажиллагааг дээшлүүлэхээр зүтгэж байна.
Нэгэнт ажил хаялт зарлаж чуулганы хуралдаанд суухгүй байгаа тул бусад хүчин ирцээ бүрдүүлэн УИХ-ын даргаа сонголоо. Мөн бүлэг байгуулах, бүтцийн асуудлаа хэлэлцэн шийдвэрлэсээр. Үүнд нь, МАН-ынхан хорсч бидэнгүйгээр хуралдах ёсгүй, хууль зөрчлөө хэмээж буй. Ер нь, тэд өмнөх сонгуулиудад оролцохдоо зөв, буруу ямар нэгэн аргаар ялж байсан. Гэхдээ тэр нь илчлэгдэж байгаагүй гэдэг. Ялагдаж сураагүй тул хор шар нь хөдөлж, сонгогдсон гишүүдээ чуулганд оруулахгүй байгаа болов уу. Тэгэхээр 90 жил төлөвшиж, улс төрийн соёл гээчийг дээд зэргээр олж авсан гэж ярьдаг ууган намынханд дээрх бүхэн суугаагүй нь ажиглагдаж байна. Үнэхээр соёлжиж, төлөвшчихсөн юм бол хэдхэн хормыг төрийн төлөө зарцуулж болоогүй юм байх даа. Тусгаар тогтнолын ордноос парламентын саарал ордон хүртэл таван минут л явах биз. Спикерийг тодруулахад мөн таван минут болно. Нийт аравхан хором. Ийм хугацаанаас болж Бага хурлынх нь үйл ажиллагаа гацаанд орохгүй. Тэгээд ч хангалттай ирцтэй байгаа болохоор 25 хүнээр дутахааргүй. Ядаж бүгдээрээ биш юм гэхэд тал нь сууж болох. Иймээс зогсолтгүй эргэх ёстой төрийн механизмд гацаа үүсгэх шаардлага байгаагүй болов уу. Гагцхүү ийм зүйл хийх ухамсар ардын намтангуудад алга. Намын удирдлага сонгох ажил төрийнхөөс дээгүүрт байх ёстой гэж үү. Тус намын гишүүдийн хувьд төрийн ажил юу ч биш бололтой. Харин намынх нь эрх ашиг нэгд. Магадгүй хуралд суухгүй байгаагийн шалтгаан нь тэрхүү сонгогдсон гэх түшээд хурлынхаа үед дарга, генсекээр хэнийг сонгох талаар хор найруулж, бантан хутгахад хүчин зүтгэж явсан биз. Үүнээс болж тэдний төлөө санал өгсөн тойргийнх нь сонгогчдын эрх ашиг хөндөгдөж байна. Магад ингэхийг нь мэдсэн бол яах гэж түшээ болгох замыг нь засч, саналаа өгөв өө хэмээн халаглаж, хурал тасал гээгүй түүнд оролцож өөрсдийнхөө төлөө хууль баталлуулахаар илгээсэн шүү дээ гэж ярьж суугаа. Үүнээс гадна анхдугаар чуулганы хуралдааныг тасалдуулж, гацаанд оруулахын тулд хамгийн ахмад настай Д.Дэмбэрэлийг шахаанд оруулсан байж болох талтай. Тодруулбал, анхдугаар чуулганаар УИХ-ын даргыг сонгох хүртэл хамгийн ахмад настай гишүүн хуралдааныг даргалах хуулийн заалттай. Монгол ёс уламжлалаа дагасан, ахмадаа хүндлэх тэрхүү заалтыг нь өөрсдөдөө ашигтайгаар, өрөөл бусдад хортойгоор ашиглахаар шийджээ. Өнөөдөр тус намынхан дор бүрнээ хууль тайлбарлах болов.
Түүндээ “ахмад настай нь, хууль тогтоох байгууллагад суудалтай бүх улс төрийн хүчинтэй зөвшилцөөгүй байж” гэх мэтийн үгийг хайр гамгүй хэрэглэж эхэлсэн. Өмнөх парламентын үед МАН олонхи байхдаа анхдугаар чуулганаар УИХ-ын даргыг сонгохдоо ИЗНН-тай зөвшилцөөгүйг С.Оюун гишүүн хэлсэн. Тэгэхээр заавал зөвшилцөх албагүй мэт. Өөрсдөө энэ мэт алдаа дутагдал гаргаж байсан хэрнээ өнөөдөр цөөнхийн байр суурьт шилжихээрээ хууль ярьж тайлбарлах нь хэр оновчтой юм бол. Тэд ахмад настай нь хурал даргална гэдэг үгийн утгыг ойлгохгүй байгаа бололтой. Ерөнхийдөө хамгийн өндөр настай нь МАН-д байгаа юм чинь эрх мэдэл манай намынх, хуралдааныг гацааж ч болно гэж ойлгож. Энэ мэт байр суурь, бодлын зөрүүгээ арилган чуулганы танхимын зүүн хэсэгт залрах цаг болоогүй юм уу. Зугтаж биш зүтгэж ажиллахаар уриалсныг нь сонгогчид дэмжин саналаа өгсөн. Харин анхдугаар чуулганыг гацааж, АН болон бусад хүчнийг бойкотолж, зугатаад байгаарай гэж итгэл үзүүлээгүй байх. Өргөсөн тангаргаа умартсан бол дахин нэг удаа уншиж, ухаарах нь зүйтэй мэт. Иргэд, сонгогчид МАН-ын гишүүд чуулганы танхимд хэзээ морилохыг хүлээсээр л...
Захиалгатай нийтлэл
Сэтгэгдэл ( 0 )