Есүгэн охины дурсгалыг хүндэтгэх, хүүхдийн эрхийг хүндэтгэх өдөр болгоно

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 24

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж есдүгээр сарын 3-нд амь насаа алдсан Есүгэн охины аав Б.Батсайханыг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл нар байв.

-Өнөөдөр та бүхнийг хүрэлцэн ирэхийг хүссэн явдал бол есдүгээр сарын 3-нд барилга дээрх хариуцлагагүй үйл ажиллагаанаас болж Есүгэн гэдэг 12 настай охин амиа алдсантай холбоотой. Есүгэн охины аав Батсайхан надад хандан захидал ирүүлсэн юм. Захидалд охины хийж бүтээхийг хүссэн зүйлс, хүсэл мөрөөдлийн тухай бичсэн байсан. Би адилхан аав хүний хувьд охины талаар сонсоод элэг эмтэрч, сэтгэл өвдөн энэ асуудалд анхаарах ёстой гэж бодож байна. Болсон явдлыг сонсоод төрийн албаныхан бид энэ байдлыг яаж өөрчлөх талаар ярилцаж л байгаа. Гэхдээ хүүхдэд ийм эмгэнэлт зүйл тохиолдсоныг онцгой анхаарууштай санагдаж байна. Тиймээс ч   УИХ-ын гишүүн эмэгтэйчүүдийн төлөөлөл, холбогдох сайд нар энд байгаа юм.
 
Асуудлыг нэг сайн ярилцмаар байна. Би бол Есүгэн миний охин л гэсэн үг гэж бодож хандаж байна. Ер нь бүх аав, ээж нар тэгж хандаж байгаа байх. Төрд ажиллаж байгаа нь ч, бусад хүмүүс ч ингэж хандвал байдлыг өөрчлөхөд ахиц дэвшил гарна гэж бодож байна. Бид эхлээд Есүгэн охины аав Батсайханы үгийг сонсъё гэж Ерөнхийлөгч хэллээ.
 
-Бидний уй гашууг хуваалцаж, бас саналаа солилцохоор ирсэн та бүхэнд баярлалаа. Ганц охиноо бус ийм эмгэнэл тохиолдсон олон олон хүнийг төлөөлж байгаа гэж би өөрийгөө бодож байна. Охиныхоо тухай товч хэдэн үг хэлье. Миний охин их хүсэл эрмэлзэлтэй хүүхэд байсан. Бичсэн тэмдэглэсэн зүйлийг нь, шүлгүүдийг нь, авсан шагнал өргөмжлөлийг танд илгээсэн. Та анхааран танилцсан байх. Охин маань энх тайвны бэлгэдлийг хүүхэлдэйнээс илүүд эрхэмлэж ирсэн. Энэ нь ч ямар хүүхэд, ямар ертөнц болохыг нь илтгэж байсан гэж боддог. Миний охин бяцхан тэмцэгч байсан. Тэр багахан насанд ямар их зүйлийг хийж бүтээж болдгийг надад харуулсан хүүхэд. Тэр ч үүднээс би охиноосоо суралцаж, хүсэл мөрөөдлийг нь бага ч атугай биелүүлэх юмсан гэж та бүхэнтэй уулзаж байна. Нэрээр нь нэг сан байгуулъя, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд эрхэмлэдэг энх тайвны бэлгэдлийг нь тусгасан хөшөө босгоё гэж бодож байгаа. Захидалдаа “Хууль эрх зүйн орчныг сайжруулж өгөөч” гэж ганцхан хүсэлт тавьсан. Ингээд Ерөнхийлөгчийнхөө саналыг сонсъё гэж бодож байна хэмээн Батсайхан хэлэв. 
 
-Бид сэтгэл санаагаараа тантай хамт байгаа. Төр үүргээ орхигдуулснаас ийм зүйл боллоо. Тиймээс охины хүсч мөрөөдөж байсан зүйлийг бид биелүүлэх, үргэлжлүүлэх ёстой. Охины хүсч явсан тэр энхийг эрхэмлэсэн эрх чөлөөт аюулгүй нийгэм Монголд тогтох учиртай. Батсайхан захидалдаа сүүлийн жилүүдэд ийм ослоос амиа алдсан, гэмтсэн хүмүүсийн тоог дурдаад энэ бол зүгээр нэг тоо биш, хүний амь, айл өрхийн амьдрал, бодит хүн байгаа гэж бичсэн байсан. Хүний амь үрэгдлээ гээд орой телевизээр харуулж байгаа нь арилжааны зар биш шүү гэж бас бичсэн байсан. Бид  ингэж л хүлээж авах ёстой. Засгийн газар, Барилга, хот байгуулалтын яам шийдвэртэй арга хэмжээ авна гэж бодож байна. Хүн ардынхаа амьд явах эрхийг онцгой анхаарах цаг болжээ. Саяхан барилгын хичнээн осол болсон талаар тоо гаргууллаа. 2007 онд 73 осол гарч 40 хүн, 2008 онд 73 осол гарч 18 хүн, 2009 онд 43 осол гарч 11 хүн, 2010 онд 37 осол гарч 21 хүн, 2011 онд 46 осол гарч 19 хүн, өнөө жил 39 осол гарч 22 хүн, бүгд 108 алтан амь эрсэдсэн байна. Би хувьдаа иргэдийн ярьж буй, Батсайханы ярьж байгаатай санал нэг байгаа. Хүнд суртал, авлигалаас үүдэлтэй аллагад миний охин өртлөө гэж та бичсэн байсан. Ашгийн төлөө, албан тушаалын төлөө улайрсан ёрын бодлогын үр дүн гарч байна гэж би хувьдаа бодож байгаа. Ард түмэн амь насаа төлөөс болгосон энэ байдлыг бид зогсоох ёстой, өөрчлөх ёстой. Осол гаргасан аж ахуйн нэгж хариуцлага хүлээдэг болох ёстой. Газрыг нь олгосон этгээдүүд хариуцлага хүлээдэг байх ёстой. Батсайхан ч ийм хүсэлтэй байгаа байх.
 
Ганц барилгын биш бүх салбарт хариуцлагыг хатуу тооцдог болох учиртай. Барилгын хуулийг Есүгэний хууль гэж өөрчлөх юм уу, эсвэл түүнд Есүгэнтэй холбоотой заалт оруулах хэрэгтэй. Охины амь насаа алдсан есдүгээр сарын 3-ныг Есүгэний дурсгалын өдөр болгож, хүүхдийн эрхийг, хүний амьд явах эрхийг хүндэтгэх, барилгын осол зөрчлийг шүүн ярилцдаг өдөр болгох хэрэгтэй. Холбогдох сайд, дарга нь ноднингийн есдүгээр сарын 3-наас өнөөдрийг хүртэл ийм ажил хийж, дэвшил гаргалаа, ийм дутагдал оршиж байна гэдгээ ярьдаг байя. Хуульдаа зөвхөн тэр барилга дээр ажиллаж байгаа хүний бус тэрний орчимд яваа хүмүүсийн амь нас, аюулгүй байдлыг хамгаалах заалтуудыг оруулъя.
 
 Энэ осол бол зөвхөн Улаанбаатарт бус барилга барьж буй газар бүрт гарч байгаа байх аа. Тэгэхээр газар бүр ажиллаж байгаа Засаг дарга, төрийн албан хаагчид сэрэх цаг болсон. Улаанбаатар хотын удирдлагуудтай ярилцаж байгаад хуулийн төслүүд боловсруулж, төр зөвшөөрөл өгдгийг болиулъя гэж бодож байгаа. Мэргэжлийн байгууллагууд нь зураг зөв, аюулгүй байдлыг хангасан байна , барьж болно гэж шийдвэрлэснийг л төр бүртгэн хяналт тавьж байх ёстой. Зөвшөөрөл өгдөг төр бол ард түмний төр биш. Үйлчилдэг төр бол ард түмний төр. Ийм болохын тулд тэр мэргэжлийн аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагуудад нь эрхийг нь өгч дараа нь төр хариуцлага тооцож байя. Төрийн олон гарын үсэг байхгүй болсноор тэр хүндрэл, хүнд суртал алга болно. Ийм хувьсгал бий болоосой гэж Есүгэн охин мөрөөдөж явсан гэж би бодож байна. Түүнийг нь бид хийх ёстой.
 
Шинэ хуулиудад эдийн засгийн хариуцлагыг нь мөнгөөр нь, хэн хэнтэй тооцохыг нь нэг бүрчлэн тодорхой зааж өгье. Манай иргэдэд нэг хачин зүйл бас ажиглагддаг. Хариуцлага, шударга ёс гэж нэхдэг мөртлөө хэрэгжүүлээд эхлүүт шүүх, хуулийн байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцдог, улс төр хийх гэдэг. Бүгдээрээ л нэг байр суурин дээр байя л даа. Ингэж шударга нийгэм болж урагшлая л даа. Хуулийг юман чинээ боддоггүй, хүний амийг юман чинээ тоодоггүй  энэ урхагшсан ёрын бодлого, сэтгэл зүйг бүгдээрээ өөрчилье л дөө. Ерөнхийлөгчөөсөө аваад жирийн иргэдээ хүртэл нэг хүн шиг зогсож чадвал бид ахиц дэвшил гаргана, амжилтад хүрнэ. Улс орон урагшаа явна. Бид хүүхдүүддээ сайн сайхан  нийгмийг байгуулахад нь тус хүргэж чадна гэж Ерөнхийлөгч хэлээд оролцож буй хүмүүсийн саналыг сонсъё гэлээ.
 
Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан: Юуны өмнө Есүгэн охины аавд эмгэнэл илэрхийлж байна. Барилгын салбар сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа. Мөнгөтэй, хөрөнгөтэй хүмүүс энэ салбар руу олноороо орох болсон нь хариуцлага сулрахад хүргэжээ гэж дүгнэж байгаа. Ерөнхийлөгчийн хэлснээр сахилга, хариуцлагыг сайжруулах, хууль, эрх зүйн орчныг өөрчлөх чиглэлээр бид ажиллаж байна. Мөн барилгын салбарт хөдөлмөр эрхэлж буй иргэдийн дунд хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны чиглэлээр сургалт явуулах, тэдэнд цэнхэр карт олгохоор бид төлөвлөж байна. Ингэснээр зөвхөн тухайн карт бүхий ажилтан барилгын талбайд ажиллах юм. Өргөх байгууламжтай холбоотой нийт долоон стандарт баталж мөрдүүлэхээр болж байгаа. Цемент шахдаг хоолойн хувьд мөн стандартуудыг мөрдүүлэх болно. Барилгын салбарт мөрдүүлэх норм дүрмүүдийг шинэчлэн боловсруулж байна. Ингэж шинэчлэхдээ иргэдийн аюулгүй байдал, амь нас, эрүүл мэндтэй холбоотой заалтуудыг илүүтэй анхаарч оруулсан.
 
Барилгыг эхлүүлэхэд маш олон тооны зөвшөөрөл авдаг. Иймээс барилгын компаниуд зөвшөөрлөө хөөцөлдөж их хугацаа алддаг хэмээн гомдол мэдүүлдэг. Иймээс тусгай зөвшөөрлүүдийг өөрчлөх, халах, эсвэл ТББ-д шилжүүлэх асуудлыг анхаарах ёстой. Танил тал, арын хаалгаар тусгай зөвшөөрөл өгдөг энэ тогтолцоог өөрчилж, барилгын салбарыг ил тод, түргэн шуурхай, мэргэжлийн боловсон хүчинтэй, тоног төхөөрөмжтэй болгох тал дээр анхаарч ажиллах болно.
 
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж:
 Тусгай зөвшөөрөл байж болно. Харин тэр зөвшөөрлийг төр өгөх ёсгүй. Барилгын салбарт ийм олон асуудал гарч байгаа учраас Барилгын хуулиас бид өөрчлөлтөө эхэлмээр байгаа юм. Барилгын мэргэжлийн компаниуд тэр зөвшөөрлийг өгөх үйлчилгээ үзүүлдэг байх ёстой. Хэрэв хариуцлага алдвал төр тухайн байгууллагатай хариуцлага тооцдог байх хэрэгтэй. Стандартыг хуулиар тогтоож өгөх нь зүйтэй.
 
Нэг хүний амь нас үрэгдсэнээс бид сургамж авч, дахин ийм тохиолдол гаргахгүй байх ёстой. Нэг удаа цемент шахдаг хоолой унаад хүн дарсан бол энэ эмгэнэлт явдлыг давтуулахгүйн төлөө зохицуулалтыг хийсэн байх шаардлагатай. Хэрэв ингэж чадаагүй бол бүх барилгын үйл ажиллагаа зогсох ёстой. Дэлхийд анх нисэх онгоцыг зохион бүтээхэд хоёр онгоцны нэг нь сөнөж байсан. Түүхэн явцад техник технологи сайжирсаар өнөөдөр онгоц хамгийн найдвартай тээврийн хэрэгсэл болоод байна. Бид аливаа ослоос сургамж авч, дахин гаргахгүйн тулд бүхий л арга хэмжээг авах ёстой. Хуулийн байгууллагууд хоцрогдоод байна гэдэг шиг манай барилга, хот байгуулалтын систем хуучин социализмд ямар байсан тэр чигээрээ байна. Иймээс бид энэ салбарыг өнгөц биш үндсээр нь өөрчлөх хэрэгтэй.
 
Үндсээр нь өөрчилнө гэж хуулиа хийх нь зүйтэй. Барилгын шат бүхнийг хариуцлагатай, стандарттай үйлчилгээтэй болгоё. Жишээ нь барилгын зураг гэхэд тухайн хариуцсан газраар үнэлүүлээд баталгаа авсан байх ёстой. Харин төрөөс зөвхөн үүн дээр л хяналт тавьдаг байх учиртай. Барилгын суурийг цутгахад тухайн мэргэжлийн нэг байгууллага байх ёстой. Гэтэл манайд бараг нэг гэр бүл барилгын зургаа ч хийдэг, барилгаа ч барьдаг, аюулгүй байдлаа ч давхар хангахыг оролддог болжээ. Манай хотын иргэд гэрээ найдвартай сайн барьж чаддаггүй хүмүүс шүү дээ. Гэтэл барилгын ажил маш нарийн. Орчин үеийн хотуудын стандартыг одоо бид нэвтрүүлмээр байна. Шат бүхэн нь хариуцлагатай, чанартай үйлчилгээ үзүүлдэг байх хэрэгтэй.
 
Харин тухайн шатанд асуудал гарвал төр хариуцлага тооцдог байя. Төр бол хууль хэрэгжүүлдэг байгууллага болохоос биш хүний өмнөөс зөвшөөрөл өгч, авлига авч баяжиж суудаг албан тушаалтнуудын байгууллага биш. Хөрөнгөтэй хүмүүс барилгын салбарт орсон нь зөв, бид урамшуулах ёстой. Харин албан тушаалтнууд хутгалдаж, тэр хөрөнгөтэй хүмүүсээс мөнгө авдаг энэ тогтолцоог халах ёстой. Албан тушаалтнууд тэдэнд зөвхөн үйлчилж, стандарт, хууль, журмаа таниулах үүрэгтэй.
Иймээс энэ сэтгэхүйг өөрчилмөөр байна. Жишээ нь саяхан хоёр машин мөргөлдөж шатсан хэрэг гарсан. Гэтэл манай иргэд энэхүү эмгэнэлт явдлыг кино үзэж байгаа мэт суугаад харж байсан гэж сониноос уншлаа. Монголчуудын тусархуу зан, бие биеэ гэх сайхан сэтгэл хаана байна аа. Машиныхаа галын хорыг авч очоод тэр дүрэлзэх галыг унтраах ёстой. Энгийн иргэдээс эхлээд төр нь хүртэл тусч байх хэрэгтэй. Тэр ослын үеэр утсаараа зураг аваад зогсохын оронд хиймэл амьсгал хийж, эмнэлэг рүү өвчтөнийг үүрээд гүйх ёстой байсан. Харин төрөөс энэ бүгдэд туслах ёстой. Төр, албан тушаалтнууд 70, 80 жилийн турш буруу үлгэр дууриал үзүүлсний гор гарч байна. Би хувьдаа энэ эмгэнэлт явдлыг ингэж үзэж байна.
 
Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл:
Харамсалтайгаар амь эрсэдсэн охины ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлж байна. Энэ бол манай нийслэлчүүдийг цочроосон аймшигт явдал болсон. Судалж үзэхэд эцсийн бүлэгтээ аж ахуйн байгууллага, төрийн хариуцлагагүй үйл ажиллагаанаас энэхүү эмгэнэлт явдал болсон байсан. Ялангуяа Улаанбаатарын барилгын салбарт хулгайгаар барилга барьдаг газрууд цөөнгүй байна.
 
Бидний эрүүл амьдрах орчин баталгаатай байна уу, эсэн мэнд амьдрах эрх бидэнд байна уу гэдэг асуултыг Есүгэн охины амь нас хөндсөн юм. Энэ эмгэнэлт явдлын дараа иргэд маань энэ асуултыг хурцаар тавьж эхэлсэн. 1992 оны Үндсэн хуулийн зургадугаар зүйлийн хоёрдугаар хэсэгт “Монгол Улсын иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй” гэж заасан байдаг. Харин арванесдүгээр зүйлийн хоёрдугаарт нь энэ эрхийг хангаж өгөх үүргийг төрд ногдуулсан байдаг. Гэтэл бид иргэдээ аюулгүй орчинд амьдруулах талаар дорвитой зүйлийг хийхгүй, бодохгүй байна. Зөвшөөрөлгүй талбайд барилга барьж байна, хөдөлмөрийн аюулгүй байдал хангагдаагүй байна гэхэд очоод зогсоох арга хэмжээг хэн ч аваагүй байна. Үүний оронд мэдэгдэл өгөөд л хаячихсан байдаг.
 
Энэ мэт зүйлээс болж цөөнгүй хүний амь нас хохирлоо. Бид нийслэлийн зүгээс иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах эрхийг зөрчих ёсгүй гэсэн нэг л шаардлага барилгынханд тавьж байна. Барилга барьж, зам байгуулж болно.
 
Би Ерөнхийлөгчтэй санал нэг байна. Барилгын салбарын ажилтнууд барилгын ажлаа эхлэхийнхээ өмнө тангараг өргөдөг байх ёстой. Учир нь зүгээр явж байсан хүнийг хохироож байна гэхээр энэ нь хүний ухаан санаанд багтамгүй явдал юм.
 
Ард иргэддээ төрийн албан тушаалтнаас эхлээд ингэж хүйтэн хөндий сэтгэлээр хандаад эхлэхээр энэ нь сүүлдээ ёс зүйн хэв хэмжээ болж хувирах гээд байгаа мэт санагдаж байна.
 
Ингээд бид Үндсэн хуульд  дурдсан дээрх заалтуудыг хэрэгжүүлэхийн төлөө, хэмжээ, стандартуудыг шинэчлэх, дүрэм журмыг сайжруулахын төлөө цаашид ажиллах болно.
 
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж:
Энэ жилээс л асуудлыг ярьж эхэлж байна. Нэг хүний амь нас үрэгдэхэд л хүмүүс ярьж, үр дагавраар нь хуульд өөрчлөлт оруулж, хариуцлага тооцдог байх ёстой. Хамгийн гол нь иргэд, аж ахуйн нэгжүүдийн хариуцлагын асуудал байна. Зөвшөөрөлгүй эхлүүлсэн барилгыг шууд зогсоож хуулийн хариуцлага хүлээлгэдэг болох ёстой. Хэн нэгэн очоод энэ миний газар гээд булаацалдаад эхэлнэ гэсэн ойлголт байж болохгүй. Бид хуультай нийгэмд амьдарч байна. Ардчилсан, эрх чөлөөтэй нийгэм гэдэг нь хууль дүрэм хэрэгждэг нийгэм юм.
 
Энэ бүгдийг хуульд оруулж өгвөл дур зоргоороо авирлах хариуцлагагүй байдлыг зогсоож чадна. Торгуулиуд нь хэлбэрийн төдий байдаг. Харин хариуцлага бол бүр байхгүй. Х.Тэмүүжин сайд хуулийн салбарт өөрчлөлт хийж байгаа гэж бид найдаж байна. УИХ-д оруулж буй хууль бүрийн хариуцлагын заалт нь нэг хуудас биш арван хуудас байх ёстой. УИХ-ын гишүүд ч мөн адил үүнийг шаардаж байх хэрэгтэй.
 
Хууль зөрчвөл тухайн этгээд албан тушаалаасаа чөлөөлөгддөг байх ёстой. Эрүүгийн болон захиргааны ямар хариуцлага хүлээлгэх, төрд дахин ажиллуулах  эсэхийг шийддэг байх нь зүйтэй.
 
Нэгэнт хуульд тусгасан бол олон нийт шаардана гэж би бодож байна. Иргэд “Өнөөдөр энэ сайдад хариуцлага тооцъё, яагаад байлгаад байна” гэж ярих болно.
 
Хууль зүйн сайд Х.Тэмүүжин: Үнэхээр бидний сүүлийн үед бий болгосон энэ хариуцлагагүй нийгмийн хариуцлагагүй байдлын гайгаар хүч хэрэглээгүй аллага энэ улс оронд газар авлаа л даа. Түүний том илэрхийлэл нь Есүгэн охины хувь заяа байлаа. Төрд ажиллаж байгаа маш олон албан тушаалтнууд, албан хаагчид төрийн төлөөлөл гэж ажиллаад байгаа болохоос нийтийн эрх ашиг, хувь иргэний эрх чөлөөний төлөө ажилладаг, тэдний төлөө толгойгоо ухаанаа зардаг, эзэмшсэн боловсрол, ур чадвараа дайчилдаг байдал нь алга болчихлоо. Өөрсдийгөө зөвтгөхөөрөө бид төрийн ажил хийж байна гэж хэлдэг боловч тэр төрийн ажил нь иргэдэд хумсны толионы чинээ ч очдоггүй. Энэ том гажиг байдлыг засахын тулд үнэхээр даацтай шинэтгэл үгүйлэгдэж байгаа. Иргэн хохирдог, хохироосон этгээдийг төр торгоод мөнгийг нь төсөв рүүгээ авдаг. Хохирсон хүн нь ч нөхөн төлбөр авч чаддаггүй, хохироосон хүн нь ч олигтой хариуцлага хүлээдэггүй.  
 
Бодит байдал дээр харсан чинь ямар нэгэн гэмт хэрэг, зөрчил, хууль бус буруутай үйлдлийн дунд төр өөрөө ашиг олоод сууж байдаг тийм буруу тогтолцоо болоод хувирчихсан байна. Ийм нэг увайгүй, харалган, алсын хараагүй, иргэндээ ашиг тусгүй хуулийн орчинд бид болоод байна гэж яваад байна. Үүнийгээ бид үнэхээр өөрчлөх ёстой. Ерөнхийлөгчийн зүгээс болон Хууль зүйн яамны зүгээс Эрүүгийн хуулийг цогцоор нь шинэчилж байна. Эрүүгийн хууль зөвхөн хувь хүнтэй холбоотой байж болохгүй юм байна. Байгууллага, аж ахуйн нэгжүүдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг тогтолцоотой болох ёстой юм. Нөгөө талаар иргэдэд тэр дундаа хохирогч нарыг хохирсон дээр нь хохироодог хуулийн систем байж болохгүй. Хуулийн салбарт томоохон шинэтгэл хийхээр төлөвлөж байна. Яах аргагүй бид эргээд харахаар тодорхой буруутай этгээдүүдэд хариуцлага тооцохдоо ч, шүүгч нар шийдвэр гаргахдаа ч алдаад байна.
 
Хэн нэгэн хувь хүнийг хурдхан олж аваад, жишээ нь тэр осол гаргасан жолооч руу бүх бурууг чихээд байгаа болохоос биш тухайн үед хөдөлмөрийн аюулгүй байдлыг нь хариуцаж байсан мэргэжилтэн нь, аюулгүй байдлынх нь дүрмийг барьдаггүй аж ахуйн нэгж юу хийж байсан юм, энэ аж ахуйн нэгжийг улсад бүртгүүлээд ашиг орлогыг нь өөрийнхөө халаас руу хийгээд явж буй эзэн нь хэн байгаа юм, энэ барилга дээр хяналт тавиад төрийн нэрийн өмнөөс ажиллаж байсан нөгөө мэргэжлийн хяналтын байцаагч нь, тийм хүмүүсийг ажилд аваад томилоод гарын үсгээ зураад баталгаажуулаад явж байсан дарга нар нь хэн байгаа юм гээд цогцоор нь хараад хариуцлага тооцдог систем байх ёстой. Иргэний журмаар гомдлоо гаргаж байгаад үнэхээр тэр барилгыг барьчаад олох ашгийнх нь тал хувиар торгох хэрэгтэй. Тэр мөнгийг нь хохирогчид өгөх хэрэгтэй. Тийм хэмжээний мөнгийг зөвхөн тэр компани үүрэхээсээ гадна ард нь зөвшөөрөл өгсөн албан тушаалтнууд бас хуваалцах ёстой. Тэгж байж энэ зах зээлийн нийгэм дотор хариуцлагагүй үйлдлийнх нь төлөө бас амьдралаараа өөрсдөө хохирдог юм шүү гэдгийг тэр хариуцлагагүй нөхдүүдэд нь мэдрүүлэх ёстой. Ингэж байж хууль өөрөө хариуцлагыг тодорхойлж, бас тулгаж чаддаг юм байна аа, энэхэн зуурын авлигынхаа мөнгийг бодоод гарын үсгээ зурчихсан хүн авлига авсан мөнгөнөөсөө хэд дахин их мөнгийг хариуцлагагүй үйлдлийнхээ төлөө төлдөг юм байна шүү гэдгийг харуулах ёстой гэж бодож байна. Үнэхээр энэ мэргэжлийн хяналтыг анх байгуулагдахад нь яг ийм шүүмжлэл дагаж байсан.
 
Бүх юмыг хянана гэж эрх мэдэл авчихаад эрх мэдэлдээ дарагдаж унаад ажлаа хийж чадахгүй байгууллага болно шүү гэж. Гэтэл мэргэжлийн хяналтын байгууллага одоо хөдөлмөрийн аюулгүй байдлыг нь ч хянаж чаддаггүй, барилгын норм норматив, стандартыг ч хянаж чаддаггүй, бүгд өөрт нь эрх мэдэл нь байж байдаг. Төрийн албан хаагчийн буруутай хариуцлагагүй үйлдлээс хохирол учирсан бол эхний ээлжинд төр хохирлыг барагдуулаад дараа нь хариуцлага алдсан албан тушаалтнуудтай төр учраа олох ёстой. Ийм  шаардлагаа тавиад эхлэхээр дараа нь ямар ч албан тушаалтан хэн нэгнийг төрд нийтийн албанд ажилд авахдаа үүнээс болоод би дараа нь төлбөрт унах вий гэдгээ бодож хариуцлагатай сонголт хийдэг болно. Хамаатан садан, найз нөхөд гэж харахаас илүүтэйгээр бас хариуцлагаа хуваалцах мэргэжилтэн авч байгаа шүү гэдэг тал руугаа явах байх аа. Нөгөөтэйгүүр албан тушаалтанд мөнгө өгч хувийнхаа ажлаа амжуулах гэж байгаа хэнбугай ч нөгөө албан тушаалтантайгаа өгсөн мөнгөнөөсөө илүү төлбөрт унадаг юм шүү гэдэг нийгмийн хариуцлага, хуулийн хариуцлага Монгол Улсад тогтох ёстой гэж бодож байна. Үүний төлөө үнэхээр Есүгэн гэдэг 10 гаруйхан настай том мөрөөдөлтэй байсан охин монголд хариуцлагагүйн улмаас хүчирхийлэлгүйгээр аллага үйлдэгдээд байгааг том томруунаар харууллаа. Төр засаг тэр дундаа Хууль зүйн сайдынхаа хувьд Монгол Улсад хүч хэрэглэсэн байна уу, хүч хэрэглээгүй байна уу, хүний амь насыг алдагдуулдаг аллагын бүхий л хэлбэртэй хатуу тэмцэнэ гэдгээ хэлье.
  
Ерөнхийлөгч Ц.ЭЛБЭГДОРЖ: Юун түрүүн бид хуулиа л өөрчилж тэр албан тушаалтныг эдийн засгийн хувьд хариуцлага хүлээлгэдэг болгох хэрэгтэй. Энэ бол хамгийн сайн хариуцлага. Албан тушаалынх нь хувьд хариуцлага хүлээлгэдэг болгох хэрэгтэй. Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулъя. Нөгөө иргэн л хууль зөрчдөг гэдэг ойлголттой болохоос биш албан тушаалтан, дарга хууль зөрчдөг гэсэн ойлголт бараг байхгүй шүү дээ. Шинэ хууль гарах тусам Эрүүгийн хуульд зүйл анги нэмэгдээд яваад байж болно шүү дээ. Ингэхгүй бол явахгүй. Одоо бол Есүгэний амь насаа алдсан өдрөөс эхлээд эхлэх цаг тогтоох хэрэгтэй. Өнөөдрийн энэ уулзалтаасаа эхэлье л дээ.
Өмнө нь ийм замбараагүй, ийм муухай, ийм сэтгэлгүй явж ирсэн. Үүнийг бид зөндөө ярьсан, хүрдэггүй байсан. Одоо хүрдэг болгоё. Одоо бид хийж чаддагаа харуулах болсон.
УИХ-ын гишүүн Л.ЭРДЭНЭЧИМЭГ: Батсайхандаа дахин эмгэнэл илэрхийлье. Есүгэн охины ээж Баяржаргал бид хоёр Болгар Улсад 6 жил мөр зэрэгцэн хамтдаа суралцаж байсан. 18 настайдаа Болгар Улсыг зорьж явахдаа энэ сайхан монгол орноо эрдэм мэдлэг боловсролтой болж эргэж ирж хөгжүүлнэ л гэсэн сэтгэлтэй явдаг байлаа. Бид аюулгүй орчинд үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлнэ гээд том зорилго тавиад сонгуульд ялаад шинэчлэлийн Засгийн газрын уриа болоод явж байгаа шүү дээ. Өнөөдөр Улсын Их Хуралд 9 эмэгтэй гишүүнээ төлөөлөн сууж байгаа гэж бодож байна. Эмэгтэй гишүүд Улсын Их Хурлын танхимд хүүхдийн асуудал, цэцэрлэгийн асуудал, сургуулийн асуудал ярихаар та нар битгий жижиг юм яриад бай гэдэг. Яагаад гэвэл өнөөдөр гэр хороололд амьдарч байгаа өчнөөн хүүхдүүд гэртээ цоожтой, өвөл хичнээн хүүхэд гэртээ шатаж үхэхийг хэлж мэдэшгүй. Шийдвэр гаргах түвшинд байгаа манай улс төрчид дээрх асуудлуудыг аав хүний хувьд хардаг байгаасай гэж хүсч байна. Хүүхдийн эрхийг дандаа ярих болно.
 
Ийнхүү уулзалт бүх салбарын хууль, эрхзүйн орчноо, хүмүүсийнхээ сэтгэхүйг өөрчилж, хариуцлага тооцдог томоохон шинэчлэлийг энэ өдрөөс эхлүүлье гэсэн нэгэн зорилго, үзэл санаан дор болж өндөрлөлөө.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top