“Агентлагийн дарга нарыг улс төрийн албан тушаалтан болгоно”

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 25

Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны  тухай мэдээллийг Ерөнхий сайд Н.Алтанхуягаас шууд авах боломжийг Улаанбаатар дахь дипломат төлөөлөгчийн газруудын тэргүүн, байнга ажиллаж байгаа сурвалжлагч нарт олгох арга хэмжээг тогтмол зохион байгуулахаар болсны эхнийх нь  ГХЯ-нд  боллоо.


“Ерөнхий сайд ба 10 асуулт, 10 хариулт” арга хэмжээнд зориулан дипломат төлөөлөгчийн газар,  байнга ажиллаж байгаа сурвалжлагч нараас асуултуудыг нь 10 дугаар сарын 22-ноор тасалбар болгон урьдчилж авчээ.  Энд нийт 60-аад асуулт ирснээс  давхардсан асуултуудыг нэгтгэж 10 асуулт болгон багцалсан байна. Энэхүү асуултуудад Ерөнхий сайдын өгсөн хариултыг хүргэж байна.

- Засгийн газар мөрийн хөтөлбөрөө УИХ-аар батлуулаад үйл ажиллагаагаа эхлээд явж байгаа. 2013 оны хувьд Засгийн газраас тавьж байгаа гурван гол зорилт юу вэ?
- Ерөнхий сайд, Засгийн газраас тавьж байгаа нэгдүгээр зорилт нь бүтээн босголтын шинэ төслүүдийг хэрэгжүүлж эхлэх явдал.  Бүх аймгийн төвүүдийг хатуу хучилттай замаар холбох ажлыг  үргэлжүүлнэ. Төмөр замын бүтээн байгуулалтын ажил өмнийн говийн бүсэд эхэлнэ. Иргэдийг орон сууцжуулах, гэр хорооллын иргэд амины орон сууцтай болгох ажил томоохон бүтээн байгуулалтын нэг байх болно. Сайншандын аж үйлдвэрийн паркийг босгох чиглэлийн эхний судалгааны томоохон ажлуудыг хийнэ. Хоёрдахь зорилт нь манай ард иргэдийн амьжиргаанд нөлөөлж байгаа том зүйл болох инфляцийг дагаж давхидаг биш, удирдах чиглэлд Засгийн газар, Монголбанктай хамтарч бодлого, үйл ажиллагаагаа явуулна. Бид энэ ажлыг эхэлсэн.  Нефть бүтээгдэхүүн, мах, гурил, нүүрс зэрэг өргөн хэрэглээний барааны үнийн өсөлтийг зогсоох, зарим боломжтойг нь бууруулах ажлыг бид хийнэ. Гуравдахь гол зорилт төрийн хүнд суртлыг арилгаж, нээлттэй тунгалаг болгох чиглэлээр хийж эхэлсэн ажлаа үргэлжлүүлнэ. Хүнд суртал авилгатай тэмцэх ажлыг 2013 онд шинэ шатанд гаргана.

-Дотоодын авлига Монгол Улсад  хөрөнгө оруулахад таатай газар гэсэн ойлголтод сөргөөр нөлөөлөхөөс гадна  иргэн бүрийн өдөр тутмын зардлыг өсгөж байгаа. Монгол дахь авлигыг бууруулах талаар юу хийхээ төлөвлөж байна вэ?
- Шинэчлэлийн Засгийн газрын нэг чухал зорилт авлигыг устгах явдал гэдгийг би түрүүн хэлсэн. Энэ чиглэлээр тодорхой ажлууд хийж эхэлсэн. Монголын төрийг нээлттэй, тунгалаг болгох, иргэдийн санаа бодлыг байнга сонсож байх чиглэлээр сар бүр иргэдээ сонсдог “222” арга хэмжээ авч байгаа. Үүний гурав дахь удаагийнхийг 11 дүгээр сарын 5-нд  Сүхбаатар аймагт зохион байгуулна.  Мөн иргэдээ сонсож байх “111” төвийг байнгын ажиллагаанд оруулсан. Энэ төв байгуулагдаад 10-аад хонож байна. Өнөөдрийн байдлаар 5400 гаруй иргэд энэ төвд ханджээ.  “111”  төв зөвхөн санал сонсдог төв биш, саналын дагуу арга хэмжээ авч ажил болгох үүрэгтэй.  Манай иргэд нүүрсний үнийн өсөлт хэтэрлээ гэж ойрын өдрүүдэд маш их ярьсан.  Тийм учраас өчигдөр бид нүүрсний үнийн асуудлаар Багануурын уурхай дээр очиж ажиллалаа. Өөрчлөлтийг бид өөрсдөөсөө, дарга нараас, төрийн байгууллагаас эхэлнэ. Тиймээс яамдын уялдаа холбоо хариуцлагыг нэмэгдүүлэх, гарсан шийдвэрийн хэрэгжилтийг хангах зорилгоор “Хариуцлага, хэрэгжилт, хяналт”  арга хэмжээг сар бүрийн төгсгөлд зохион байгуулж байгаа. Манай хуулиар авлига өгсөн, авсан хоёулаа шийтгэгддэг. Энэ байдлыг өөрчилж авлигыг аргагүйн эрхэнд өгсөн хүн энэ хэргээ илчилсэн тохиолдолд тодорхой хэмжээгээр хариуцлагаас чөлөөлөгддөг байхаар хуулийн төсөл бэлдэж байна.

-Монголын эдийн засаг сүүлийн жилүүдэд нэлээн өсөлттэй байгаа ч хүн амын гуравны нэг нь ядуу байгаад Засгийн газар хэрхэн анхаарлаа хандуулах вэ? Энэ чиглэлээр ямар арга хэмжээ авах вэ?
-Хоёр зорилт тавьж байна. Ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр Засгийн газар бодлого үйл ажиллагаа явуулна. Тиймээс Хөдөлмөрийн яам байгуулж, үйл ажиллагаагаа эхлээд явж байна. Хоёрдахь нь аль болох хөдөө орон нутагт иргэд өөрсдөө ажил хөдөлмөр эрхлэх, үйлчилгээ явуулахад нь дэмжлэг үзүүлэх, зорилгоор Сумын хөгжлийн санг дэмжинэ.  Өнөөдрийн байдлаар Сумын хөгжлийн сан 50 сая төгрөгтэй байгаа. Энэ санг 150 сая төгрөг болгож байгаа, цаашдаа ч нэмэгдүүлнэ.  Жижиг дунд үйлдвэрийн сангийн эх үүсвэрийг 500 тэрбум төгрөгөөс доошгүй  болгох зорилттой ажиллаж байна. Одоо бараг 400 орчим тэрбум төгрөгийн эх үүсвэртэй байгаа.  Аж ахуйн нэгжүүдэд ажлын байр нэмэгдүүлэх, бизнесийн үйл ажиллагааг нь  дэмжихийн тулд дэмжлэг үзүүлнэ. Жилийн борлуулалтын орлого нь 1,5 тэрбум төгрөгөөс илүүгүй аж ахуйн нэгжүүдэд төлсөн орлогын албан татварынх нь 90 хувийг буцааж олгоно. Энэ нь үндсэндээ нийт төлөх  татварынхаа 10 хувийг л төлнө гэсэн үг.  Шинэчлэлийн Засгийн газар халамжийн хавтгайрсан бодлогоос татгалзсан. 2,8 сая хүнд бүгдэд нь сар тутам мөнгө өгнө гэдэг бодлогоос татгалзаж, оронд нь зорилтот буюу 18 нас хүрээгүй хүүхдэд сар бүр 20 000 төгрөг өгөх бодлого гаргаж, хэрэгжүүлж байна. Энэ арга хэмжээнд нэг сая орчим хүүхэд хамрагдаж байна.

-Монгол Улсын Засгийн газар илүү мэргэшсэн, иргэдэд чиглэсэн, намын харьяалалгүй байна гэж тодорхойлсон. Гэсэн ч сонгуулийн дараа Засгийн газар шинээр байгуулагдаж, улс төрийн  болон удирдах түвшний хүрээнд олон албан хаагчид шинэ ажлын байранд очлоо. Энэ ил тод зөрчлийг хэрхэн тайлбарлах вэ?
-Засгийн газраас төрийн албыг нийтийн алба болгох  хуулийн төсөл санаачлан, энэ долоо хоногт УИХ-д өргөн барьсан. Төрийн алба гэдэг нь нийтийн алба байж , ард иргэдэд нийтлэг үйлчилгээ үзүүлж байх ёстой гэж үзэж байгаа. Харин цөөхөн тооны улс төрийн албан тушаалтан байх, ямар ямар албан тушаалтан байх нь маш тодорхой, тэд нь хариуцлага хүлээдэг байхаар хуульчилж байна. Монголын хувьд энэ тоо цөөхөн. Өнөөдрийн байдлаар улс төрийн албан тушаалтан сайд, дэд сайд нар байгаа. Одоо 16 төрийн нарийн бичгийн даргыг мөн 28 агентлагийн даргыг  улс төрийн албан тушаалтан болгохоор хуулийн төсөлд оруулсан. Ингэхээр энэ хуулийн үр дүнд 44 хүн улс төрийн албан тушаалтан болж, хариуцлага хүлээх чадвартай болно. Хариуцлага хэн хүлээх нь ойлгомжтой болж байна. Бусад шатны төрийн албан хаагч гэж бидний нэрлэж байсан, одоо нийтийн албан хаагчид ил тод өрсөлдөөнт шалгаруулалтад хамрагдаж ажиллах боломж нээж өгч байгаа юм.

-Шинэ төмөр зам барих зэрэг дэд бүтцийн болон хөрөнгө оруулалтын томоохон төслүүдийг хэрэгжүүлэх хэтийн төлөв ямар байна вэ?  Тавантолгойн баруун Цанхийн нүүрсний ордыг ашиглах стратегийн хөрөнгө оруулагчдыг сонгон шалгаруулах ажил хэзээ сэргэх вэ?
-Тавантолгойгоос урагш явж байгаа төмөр зам, Тавантолгойгоо Сайншанд руу явж байгаа төмөр зам,  Сайншандаас Сүхбаатар, Дорнод аймаг руу явж байгаа төмөр замыг нэгдсэн сүлжээ байхаар Засгийн газар бодлогоо тодорхойлсон. Монголын төмөр зам компани энэ ажлыг хариуцан одоо хийж эхэлнэ. Тавантолгойн баруун Цанхийн нүүрсний ордыг ашиглах стратегийн хөрөнгө оруулагчдыг сонгон шалгаруулах ажлыг бид хийсэн.  Харамсалтай нь хөрөнгө оруулагчид эцэслэж тохирсон хувь хэмжээнээс ухарсан. Тиймээс энэ асуудлыг дахиж хэзээ ярих вэ гэдгийг шийдэж чадаагүй байна.

-Засгийн газрын гадаад орнуудтай харилцах харилцааны шинэлэг байдал юу вэ?
-Агуулгын хувьд шинэлэг зүйл төдийлөн байхгүй ч хэлбэрийн хувьд олон төрлийн шинэлэг арга хэмжээ зохион байгуулна. Шинэчлэлийн Засгийн газар гадаад бодлогынхоо залгамж халааг үргэлжлүүлнэ. Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогынхоо хүрээнд хоёр хөрштэйгээ тэнцвэртэй харилцаж, сайн хөршийн ёсоор өргөн хүрээтэй хамтын ажиллагаа хөгжүүлэхийн зэрэгцээ гуравдагч хөршийн бодлогын хүрээнд дэлхийн болон бүс нутгийн нөлөө бүхий улсуудтай найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлэхийн тулд чармайж байна.

-Стратегийн ордын салбарт гадаадын хөрөнгө оруулагчийг хязгаарлахтай холбогдуулан тус хуулийг хэрэгжүүлэх журам болон тодорхой хэрэгжүүлэх төлөвлөгөө байгаа юу? Хэрэгжүүлэх байдал явцын талаар тус хуульд дахин өөрчлөлт оруулах болон хүчингүй болгох боломж бий юу? Тус хуулийг хэрэгжүүлж эхэлснээс хойш гадаадын хөрөнгө оруулагчдыг татах өөр бодлого боловсруулсан уу?
-Юуны өмнө хэлэхэд Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль бол хөрөнгө оруулагчдын эсрэг чиглэсэн хууль биш. Харин том хөрөнгө оруулагчид орж ирэх нөхцөлд Монгол Улс гадаадын томоохон компани болон үндэстэн дамнасан корпорациудтай ижил тэгш хэмжээнд харилцан ойлголцоход дэмжлэг үзүүлэх зорилготой баталсан хууль. Энэ хуулийн талаарх гадаадын хөрөнгө оруулагчдын эргэлзээ, тээнэгэлзээ нь сонгуулийн өмнө богино хугацаанд гарсан, тодорхой хэмжээнд ярьж ойлголцоогүйтэй холбоотой гэж үзэж байна. Стратегийн ач холбогдолтой салбарт эрдэс баялаг, банк санхүү, хэвлэл мэдээлэл харилцаа холбоо гэсэн гурван салбарыг тодорхойлсон. Энэ бол хориглосон биш, зөвшөөрөл олгох тухай хууль байгаа. Сонирхоод байгаа заалтыг нь хэлэхэд “стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн гадаадын хөрөнгө оруулагчийн эзэмших хувь хэмжээ 49 хувиас илүү гарвал Засгийн газрын өргөн мэдүүлснээр УИХ шийдвэрлэнэ” гэсэн. Дараа нь мөн “гадаадын хөрөнгө оруулалтын нийт хэмжээ 100 тэрбум төгрөгөөс давах тохиолдолд Засгийн газрын өргөн мэдүүлснээр УИХ шийднэ” гэсэн байгаа. Эргэлзээ тээнэгэлзээ байхгүй учир дараагийн уулзалтаар тодруулж болно. 11 дүгээр сард багтаан Засгийн газраас энэ хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой журам баталж гаргана.

-Засгийн газар болон Оюутолгой компанийн хооронд хийсэн гэрээнд өөрчлөлт оруулснаар Монгол Улсыг гуравдагч хөрш орнуудын хөрөнгө оруулалтад сөргөөр нөлөөлж болзошгүй. Энэ талаар таны бодол. Төсвийн тооцоонд Оюутолгой компанид тавих өсөн нэмэгдэх орлогын татварын тухай тусгасан нь хөрөнгө оруулалтын гэрээтэй зөрчилдөхөөр байна. Энэ гэрээг дахин задлахгүйгээр талуудыг хэрхэн зохицуулахаар төлөвлөж байна вэ?

-Засгийн газраас хөрөнгө оруулалтын гэрээг бүхэлд нь өөрчлөх буюу шинээр авч үзэх санал гаргаагүй байгаа. Харин өмнө байгуулсан гэрээнийхээ хэрэгжилтийг авч үзье. Шаардлагатай бол хэрэгжилтийг нь хангах үүднээс гэрээний зарим заалт дээр ярилцах нь зүйтэй гэсэн байр суурьтай байна. Жишээ хэлэхэд, хөрөнгө оруулалтын гэрээний хамгийн гол зүйл нь анхны хөрөнгө оруулалт. Энэ нь гэрээгээр тохиролцсоноор бол 4,7 тэрбум ам.доллар. Гэтэл өнөөдрийн байдлаар анхны хөрөнгө оруулалт 7,1 тэрбум ам.доллар болоод байна. Энэ нь Монгол Улсын гаргаж байгаа хувь хэмжээ, зээлээр авч байгаа мөнгөний хэмжээ их болж байна. Манай гэрээнд анхны хөрөнгө оруулалт өөрчлөгдвөл техник эдийн засгийн үндэслэлд нөлөөлнө. Улмаар энэ гэрээгээр тохирсон хувь нийлүүлэгчдийн ашиг сонирхол хөндөгдөж байна гэж үзэж байгаа. Иймээс дахин ярья гэж байгаа.

-Засгийн газар 2013 оны төсвийн тухай хуулийн төслийг өргөн барьсан. Энэ төсөлд 2013 оны төсвийн алдагдлыг Дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр хувиас хэтрүүлэхгүй байхаар оруулж ирсэн. Тэгсэн атлаа төсвийн орлогыг 35 хувиар нэмэгдүүлэхээр оруулж ирсэн. Энэ хоёр үзүүлэлтийг хангах бодит боломж бий юу?
-2013 оны төсөв бол хэд хэдэн онцлогтой. Нэгдүгээрт энэ төсөвт шинэчлэлийн Засгийн газрын бодлого хараахан тусч амжаагүй. Өмнөх засгийн газруудын хийж байсан хөрөнгө оруулалт, бодлого дийлэнх болсон төсөв. Бид Дотоодын нийт бүтээгдэхүүний  хоёр хувьтай зарлагаа тавихаар оруулсан. Төсвийн орлогыг нэмэх олон боломжийг Засгийн газар эрж хайж тусгасан байгаа. Ерөнхий сайд 50 тэрбум төгрөг дангаараа нэг юманд хэрэглэх гээд байна гэж манай гишүүд УИХ дээр асууж байгаа.  Ийм зүйл байхгүй. Шинэчлэлийн Засгийн газрын өмнө тулгарч байгаа төсөвт суугаагүй маш олон асуудал бий. Энэ асуудлыг хэрэгжүүлэхийн тулд 50 тэрбум төгрөгийн эрхийг УИХ өгөөч гэж байгаа юм. Энэ мөнгөөр шинэчлэлийн ямар бодлогыг хэрэгжүүлэхээ зарлаж байгаа.

-Хэрэв Чингис хаан өнөөгийн цаг үед амьдарч байсан бол тэр хөдөө биш Улаанбаатар хотод амьдрахыг хүсэх болов уу?
-Тэгэх байсан байх. Гэхдээ хэлэхэд хэцүү. Улаанбаатарт бүх юм байгаа учир Чингис хаан энд л амьдрах байсан байх. Гэхдээ Монгол Улсын шинэчлэлийн Засгийн газрын бодлого зорилго бол 4 жилийн дараа Чингис хаан 21 аймгийн төвийн хаана нь ч гэсэн очоод амьдрах тийм нөхцөл бүрдүүлэхийг зорьж байна. Бид бүх аймгийн төвийг хатуу хучилттай замаар холбож дуусгана. Аймгийн төвүүдийнхээ замуудыг шинэчилнэ. Дулаахан амьдрах орчин бүрдүүлж, орон сууцжуулах ажлыг зөвхөн хотод биш аймгийн төвүүдэд ч хийнэ. Оношилгоо эмчилгээг заавал нийслэлд биш аймагтаа хийх  нөхцлийг бүрдүүлнэ. Автозамаар холбогдож болохгүй байгаа газар нисэх онгоцоор хүрэх боломжийг бүрдүүлнэ.

“Засгийн газраас баримталж буй бодлого, үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг Монгол Улсад суугаа элчин сайдууд, дипломат төлөөлөгчид, олон улсын байгууллагын удирдлагуудад нэг дороос өргөн хүрээтэйгээр өгөх зорилгоор ийм уулзалтыг цаашид тогтмолжуулах тул та бүхэн сонирхсон асуултаа бидэнд ирүүлээрэй” гэж Ерөнхий сайд уулзалтын төгсгөлд онцлоод, Шинэчлэлийн Засгийн газраас эхлүүлж буй ажлуудыг дэмжиж хамтран ажиллана гэдэгт итгэж байгаагаа илэрхийллээ.

“Ерөнхий сайд ба 10 асуулт, 10 хариулт” арга хэмжээний дараагийнх нь ирэх сард болох юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top