Шууд ардчилал ба шууд дарангуйллын зааг

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 25

Иргэн Дорж эрх мэдэл бүхий эрхэм даргатай ижил төвшинд зогсч, эн тэнцүү эрхтэй байх нь ардчиллын чанарын нэг үзүүлэлт билээ. Үүнийг даргыг хянах хэвтээ тогтолцоо ч гэж хэлж болох юм. Дарга дээрээс үүрэгдэх бус, даргатай зэрэгцэж очоод гаргах шийдвэр, хийх ажилд нь хошуу дүрнэ гэсэн үг. Үүнийг онолоор бол шууд ардчилал хэмээнэ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрөө ард түмнээс шууд сонгогдсон учраас тэр үү, ерөөс ардчиллын амин сүнс гэдэгт итгэдэг болохоор уу юутай ч “шууд ардчилал” хэмээх үгийг амнаасаа сул унагамтгай болоод удаж байна. Эрхэм Ерөнхийлөгчийн бодлогын төвлөрөл чухамдаа ард иргэдийг төрийн үйл хэрэгт шууд оролцуулахад чиглэгдэж буй тухай ч олонтаа ярьжээ.

УИХ-ын сонгуулийн дараа ч эрх баригч АН-ынхан “шууд ардчилал” хэмээх үгээр хэсэгтээ л давалгаалж, Төрийн ордон, нийслэлийн засаг захиргаа хаа сайгүй ийм нэртэй хэлэлцүүлэг, сургалт болов. Тухайн орон нутагтаа “шууд ардчилал”-ыг шууд зааж зааварлах багш нар ч бэлтгэгдэж эхэлсэн байна. Үндсэн хуулийн гуравдугаар зүйлд “Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэж заасан. Тиймээс Үндсэн хуулийн агуулгыг амьдралд хэрэгжүүлэх Төрийн тэргүүний алхмыг сайшаах нь зүйтэй. Тэр тусмаа ирэх оны эхнээс хэрэгжиж эхлэх Төсвийн тухай шинэ хуулиар төсвийн зарцуулалтыг орон нутгийн иргэдийн эрх мэдэлд шилжүүлсэн учир энд шууд ардчилал жинхэнэ утгаараа хамаатай.

Уг хуульд зааснаар орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төслийн асуудлаар баг, хороодын иргэдээс олон нийтийн нээлттэй санал асуулга авч, энэ үндсэн дээр шийдвэрлэхээр заасан. Тэндээс гарсан саналыг Иргэдийн нийтийн хурал хэлэлцэн, эрэмбэ дарааг тогтоох юм. Орон нутгийн иргэдийн саналыг аваагүй, тэндэхийн төсвийн төлөвлөгөөнд тусгаж батлаагүй зардлыг хөгжлийн сангаас санхүүжүүлэхийг хориглох заалттай. Хууль ном ёсоороо хэрэгждэгсэн бол Ерөнхийлөгч ярьсан яриагүй эл заалт л шууд ардчиллыг орон нутагт жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж чадах билээ. Харамсалтай нь хууль гууль болсон өнөөгийн нөхцөлд улстөрчид ярьдаг ч утга чанартаа замхраад өнгөрдөг жишиг давтагдаж мэдэх юм.

Мэдээж Ерөнхийлөгчийн ярьж буй асуудал, Засгийн газар, нийслэлийн засаг захиргааны дэвшүүлж буй шууд ардчиллын бодлого олон нийтэд таалагдаж байна. Гэвч Үндсэн хуулийн гуравдугаар зүйл дэх шууд ба төлөөллийн ардчилал хэмээх хоёр хөл эн тэнцүү “алхаж” гэмээнэ ардчиллын утга чанар хангагдана. Харамсалтай нь шууд ардчиллыг хэлбэрийн төдий шуурхайлан ярих эрх баригчид төлөөллийн ардчиллын үнэ цэнийг бүдгэрүүлсэн үйлдэл гаргасаар байгааг олон хүн буруушааж байна. Ардын намын бүлгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа ардчилалд харш үйлдэл гэж ойлгож л байгаа байх.

Эсвэл шууд ардчиллын давалгаа нөмөргөж орхивол олон нийт сонгосон төлөөллөө “мартаж” орхино гэж сэтгэсэн ч байж магадгүй. Гэтэл ардчилсан нийгэм байгуулсан он жилүүдэд монголчууд төлөөллийн буюу итгэж сонгосон төлөөлөгчөөрөө дамжуулан төрийн үйл хэрэгт оролцох ардчилалд илүү суралцсан. Өөрөөр хэлбэл, УИХ, аймаг, дүүрэг, сумын ИТХ-ыг сонгож байгуулах үйл ажиллагаанд илүү идэвхтэй оролцож, үр дүнд нь илүү итгэдэг гэсэн үг. Энэ ч утгаараа төлөөллийн байгууллагуудын үйл ажиллагааг ажиглаж, хянах ардчилалд бусдаас арай л илүү суралцсан байх юм. Олон нийт өнөөдрийн УИХ-д тэр тусмаа сэтгэл нэн дундуур байгаагаа ч зарим судалгааны явцад илэрхийлсэн байх юм.

Сонгогчдын 40 хувийн төлөөлөл болсон нэг намынх нь бүлэг өнөө хэр “мэндлээгүй” байгаа нь хэт нэг намын хүч түрэмгийллийг УИХ-д бодит болгосны баталгаа болов. Монгол Ардын намыг болон тус намаас нэр дэвшигчийг сонгосон сонгогч бүрийн толгойд өөрийнх нь эрх мэдэл, дуу хоолой төрд хэрэггүй болжээ гэсэн бодол л эргэлдэж байгаа нь лав юм. Товчхондоо бол тэд эрх баригчдад гомдож суугаа. Сүүлийн үед хүч аван дэгдэж буй Өвөрхангай аймгийн асуудалд ч ялгаагүй. Тус аймгийн сонгогчид олонхиороо сонгосон төлөөлөгчийг төрийн машины эрэг шураг бүхний хүчээр хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь мөнөөх л төлөөллийн ардчиллын гажуудлын хамгийн том жишээ болж байна.

Шүүх, цагдаа, прокурор төрийн дарангуйллыг хэрэгжүүлэх “мангас” болж, үүнд дулдуйдсан эрх баригчид өглөө бүр цөөнхөд “асуудалтай” гэдгийг нь сануулах болов. Бүрэн эрхтэй бүгд найрамдах улсын иргэн бид сонголтоо хийдэг. Энэ л маягаар сонгогдсон УИХ-ын гишүүнийг төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэх субьектүүд нийлж байгаад, нэг бодлогоор нухчин дарж байсан ийм тохиолдол ардчиллын жилүүдэд тохиолдож байсангүй. Ардчиллын дараагийн шат гишгүүр бол “шууд ардчилал” гэцгээх ч чухамдаа бол нэг алхам урагш, хоёр алхам хойш гэгч л болж байна. Шууд ардчиллын утга агуулгатай зөрчилдөж буй өөр нэг асуудал бол удахгүй болох орон нутгийн сонгуулийн хуулийн зарим заалт юм.

Орон нутагт иргэдийн эрх мэдлийг өндөрсгөе, тэнд амьдардаг иргэн хүн л аймаг, сум бүрийнхээ хаан шиг байг гэж амаа цууртал ярьсан эрх баригчид иргэдийн хуралд намын төлөөллийг шургуулахаар хууль баталсан. Шууд ардчилал иргэний оролцоо юм бол тэнд намын оролцоо илт давуугаар хүч түрэмгийлж эхлэх нь гэсэн үг. Иргэн таны саналаар хэрэгжих учиртай төсвийг А, Б нам “бодлого”-оороо л зохицуулчихна. Төсвийн эрх мэдлийг орон нутагт түлхүү өгсөн хуулийн хэрэгжилттэй зэрэгцээд эрх баригч хүчин намын бодлого далайлгаж буй нь мэдээж санамсаргүй хэрэг биш. Ингэж Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн голлох бодлогын хэрэгжилт амьдрал дээр асч чадахгүй унтрах нь байна.

Төрийн бодлогын чухал асуудал болох улсын төсвийн бодлого ч УИХ дахь Монгол Ардын Намынхны үүрэг, оролцоогүйгээр шахам батлагдах гэж байгаа нь бас л ардчиллын гажуудлын амьд жишээ. Төсөв татвар төлөгчдийн мөнгөнөөс бүрддэг. Ардын намыг сонгосон 40 хувь тэгвэл төлсөн татварын мөнгөө хэрхэн зарцуулах вэ гэсэн төрийн бодлогод оролцож чадсангүй ээ гэсэн үг. Энэ мэтээр ардчиллыг амьдралд буулгах арга хэлбэр, механизм, үзэл хандлага нь зөрчилдсөөр байна. Та биднийг төлөөлдөг төрийн хамгийн том бүтэц парламентын ардчиллыг төрийн машины эрэг шураг бүхнээр багалзуурдах эрх баригчид хөрсөн дээр буун иргэн Таны оролцоог элдэв хяналтгүйгээр шууд хангана гэдэг эргэлзээтэй санагдаж байгаа биз. Мэдээж шууд ардчилал ба шууд дарангуйлах хоёр хоорондоо харш. Гэвч амаараа шууд ардчиллыг тунхаглаж, гараараа шууд дарангуйллыг үйлдсээр байх ажээ.

Т.Буд
Эх сурвалж: "Монголын Үнэн"

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top