ИХ-ын гишүүн Р.Гончигдорж, Д.Батцогт, Д. Эрдэнэбат нар өнөөдөр Төрийн ордны хуралдааны Б танхимд хэвлэлийн бага хурал хийж, УИХ-ын дарга З.Энхболдод өчигдөр өргөн барьсан “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийнхөө талаар мэдээллээ. Энэхүү төслийг дээр нэр бүхий гишүүдээс гадна Х.Болорчулуун, Р.Бурмаа нар хамтран санаачилжээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн 59-1 дэхь хэсэгт “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ”, 2 дахь хэсэгт “Нутгийн өөрөө удирдах байгууллага бол аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал, тухай Хурлын хуралдааны чөлөө цагт түүний Тэргүүлэгчид мөн”, 60 дугаар зүйлд “Аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны нутаг дэвсгэрт төрийн удирдлагыг тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг хорооны Засаг дарга хэрэгжүүлнэ” гэж тус тус заасан байдаг. Өөрөөр хэлбэл нутгийн өөрөө удирдах байгууллага нь тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх төрийн удирдлагыг хэрэгжүүлэх эрх бүхий этгээд болох Засаг даргад нэр дэвшигчийг эрж олох, нэр дэвшүүлэх бүрэн эрхтэй байдаг байна..Гэтэл сүүлийн жилүүдэд нутгийн өөрөө удирдах байгууллагаас Засаг даргыг шилж сонгох, нэр дэвшүүлэхдээ улс төрийн намын харьяаллаар талцан хуваагдаж, үл ойлголцон маргалдах болсон төдийгүйн хүн ам цөөтэй сумын түвшинд энэ асуудал удаа дараа давтагдаж, зарим тохиолдолд бүтэн 4 жилээр сумын Засаг даргаа нэр дэвшүүлж, томилж чадахгүй өнгөрүүлсэн тохиолдол ч гарсан байна.
Ийм нөхцөлд иргэд, нам, эвсэл, эрх бүхий албан тушаалтнуудаас сумын Засаг даргыг сумын сонгогчдоос шууд сонгох харилцааг хуульчлах асуудал тавигдаж байгаа бөгөөд энэ нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг шаардаж байгаа юм. Харин уг асуудлыг Үндсэн хуульд нийцүүлэн, уг хуульд өөрчлөлт оруулахгүйгээр хууль тогтоогч өөрийн бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэх боломж хуульзүйн хувьд байгаа бөгөөд сумын Засаг даргад нэр дэвшигчийг иргэдийн оролцоотойгоор тодруулах нь ардчиллын нэг дэвшил болно гэж хууль санаачлагчид үзэж байгаа аж.
Энэ үндсэн дээр тухайн сумын нийт багийн Иргэдийн нийтийн хуралд санал хураалт явуулах зарчмаар нэр дэвшигчийг тодруулан, тодорсон хүнийг сумын ИТХ-аас Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хуульчлах шаардлагатай байгаа учир нэр бүхий таван гишүүн эл төслийг өргөн барьжээ.
Хуулийн төсөл батлагдсанаар Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлд нэмэлт, өөрчлөлт орохоос гадна одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа зарим харилцаанд өөрчлөлт орно. Тухайлбал, сумын засаг даргад хуульд заасан шаардлагыг хангасан аливаа иргэн өөрийгөө санал болгох эрх нь нээлттэй болох бөгөөд уг асуудлыг тухайн сум дахь багуудын нийтийн хуралд оролцогч нийт иргэдийн олонхийн саналаар шийдвэрлэх юм.
Түүнчлэн Ерөнхий сайд болон дээд шатны Засаг дарга нь доод шатны Засаг даргыг томилох эсэх асуудлыг шийдвэрлэхдээ өөрийн үзэмжээр шийдвэрлэдэг зохицуулалт эрс өөрчлөгдөж, зөвхөн нэр дэвшүүлэх ажиллагаа хууль бус явагдсан бол томилохоос татгалзах эрхтэй болно. Энэ нь нутгийн өөрөө удирдах байгууллагын хүсэл зориг, эрх мэдлийг хангаж, хамгаалж байгаа эрхзүйн зохицуулалт юм гэж гишүүд тайлбарлалаа.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )