С.Баярцогт: Монгол бичиг, хэл, соёлоо хамгаалах, судлах нь
манай төрийн бодлогын нэг юм
УИХ-ын дэд дарга С.Баярцогт Канад Улсын Квебек хотноо Олон Улсын Парламентын Холбоо (ОУПХ)-ны 127 дугаар чуулганд оролцож байна. Тэрбээр 10 дугаар сарын 23-ны өдөр “Даяаршлагдсан дэлхий ертөнц дэх иргэний харьяалал, шинж байдал болон хэл, соёлын олон янз байдал” сэдэвт тусгай хэлэлцүүлэгт үг хэлэв.
УИХ-ын дэд дарга С.Баярцогт хэлсэн үгэндээ Монгол Улс ардчилал, шинэчлэлийн замаар сүүлийн 22 жил амжилттай хөгжиж, хүний эрх, эрх чөлөө, ардчилал, шударга ёсыг хүндэтгэсэн улс төрийн тогтолцоо, зах зээлийн эдийн засгийн дэг журмыг тогтоож байгааг хэлээд энэхүү шилжилтийг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрч буйн илрэл болж манай улс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг тэргүүлж байна.
Даяаршил, хотжилт, техник технологийн хөгжлийн нөлөөгөөр суурин соёл иргэншил давамгайлах болж, хүн амын амьдралын хэв маяг хурдацтай өөрчлөгдөж буй өнөө үед соёлын олон талт байдлыг харгалзан үзэхийн зэрэгцээ Монгол Улс түүх, соёл, урлагийн арвин их өв баялагтай бөгөөд үндэсний соёл нь монголын ард түмний оюуны суурь дархлаа, өвөрмөц дүр төрхийн илрэл бөгөөд монгол бичиг, хэл, соёлоо хамгаалах, судлах нь манай төрийн бодлогын нэг юм гэв.
ОУПХ-ны 127 дугаар чуулганд 130 орны 1500 гаруй парламент, олон улсын болон төрийн бус байгууллагын төлөөлөгч, үүний дотор 26 орны Парламентын спикер, 46 орны парламентын дэд дарга, парламентын гишүүд оролцож байна.
Канадын Парламентын Нийтийн танхимын спикер
Эндрью Шийэртэй уулзлаа
УИХ-ын дэд дарга С.Баярцогтыг 2012 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Канадын Парламентын Нийтийн танхимын спикер Эндрью Шийэр хүлээн авч уулзав.
Уулзалтаар Монгол Канадын харилцаа, хамтын ажиллагаа, түүний дотор идэвхтэй хөгжиж байгаа хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагааны асуудлаар ярилцаж, санал солилцов. УИХ-ын дэд дарга С.Баярцогт 2012 оны УИХ-ын сонгуулийн талаар, мөн Канадын хариуцлагатай уул уурхай, газар тариалан, барилга, замын стандартыг Монголд хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа тухай ярив. Тэрээр Канадын Парламентын Нийтийн танхимын спикер Эндрью Шийэрт УИХ-ын дарга З.Энхболдын мэндчилгээг уламжлан, спикер Э.Шийэрийг тааламжтай цагтаа Монгол Улсад айлчлахыг УИХ-ын даргын нэрийн өмнөөс урив. Э.Шийэр урилгыг талархан хүлээн авч Монгол Улсад айлчлах хүсэлтэй байгаагаа хэлэв.
Мөн өдөр УИХ-ын дэд дарга С.Баярцогт Канадын Парламентын Сенатын спикер Ноэл Кинселлатай уулзав. УИХ-ын дэд дарга ноён Кинселлад УИХ-ын дарга З.Энхболдын мэндчилгээг уламжлаад түүнийг Монгол Улсад айлчлах урилгатайг нотлов. С.Баярцогт Н.Кинселла нар Монгол, Канадын харилцаа, түүний дотор парламентын харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж байгаад сэтгэл хангалуун байдгаа харилцан тэмдэглээд цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Түүнчлэн УИХ-ын дэд дарга С.Баярцогт ОУПХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга А.Жонссонтой уулзав. Уулзалтаар УИХ - ОУПХ-ны харилцааны түүхэн уламжлалын талаар ярилцаж, цаашдын хамтын ажиллагааны тухай санал солилцлоо. С.Баярцогт ОУПХ-ны зүгээс манай улсын парламентыг дэмжин ажиллаж ирсэнд талархал илэрхийлж, цаашид ч манай улсын парламентын хөгжилд дэмжлэг үзүүлж байхыг хүсэв. ОУПХ-ны ЕНБДарга А.Жонссон МУИХ-тай хамтран зохион байгуулж байсан бүс нутгийн парламентын хурлууд амжилттай болж байсан талаар дурьдаад, Монгол Улсын Их Хурал – ОУПХ хоорондын цаашдын хамтын ажиллагааны асуудлаар тодорхой санал тавьж, хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв. Уулзалтуудад Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайд Т.Залаа-Уул оролцлоо.
Олон Улсын Парламентын Холбоо (ОУПХ)-ны 127 дугаар чуулганд оролцож байгаа УИХ-ын дэд дарга С.Баярцогт Тайландын Вант Улсын Сенатын Ерөнхийлөгч Н.Вайратпаниж болон Английн Парламентын Нийтийн танхимын дэд Спикер Н.Эванс, Канадын парламентын Канад-Монголын Найрамдлын бүлгийн дарга, сенатор Жозеф Дэйтэй уулзаж парламент хоорондын, парламентын бүлгүүдийн үйл ажиллагааны талаар санал солилцов.
Монгол-Японы харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов
УИХ-ын дэд дарга С.Баярцогт 10 дугаар сарын 24-ний өдөр Японы Парламентын Зөвлөхүүдийн танхим дахь Япон-Монголын найрамдлын бүлгийн дарга С.Эда, Зөвлөхүүдийн танхимын гишүүн Н.Сакагучи, Ш.Танигава нартай тэдний хүсэлтээр уулзав. Японы Парламентын гишүүд энэ жил хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой тохиож буйг тэмдэглэж, Монгол-Японы харилцаа, хамтын ажиллагаа, тэр дундаа эдийн засгийн хамтын ажиллагааг улам эрчимжүүлэх шаардлагатай байгааг хэлж, хоёр тал харилцааны зарим асуудлаар санал бодлоо дэлгэрэнгүй солилцов.
Сэтгэгдэл ( 0 )