Сирийн сөрөг хүчнийхэн нэгдлээ

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 12

Сирийн босогчид Катарын нийслэл Дохад уулзалт хийн, сөрөг хүчний бүлгүүдийг нэгтгэсэн Сирийн үндэсний эвслийг байгуулсан тухай баримт бичигт гарын үсэг зурцгаалаа. Энэ талаар “Аль-Жазира” мэдээлсэн байна.

Үүнээс өмнө бусад бүлгүүдтэй нэгдэхээс татгалзаж байсан Сирийн үндэсний зөвлөл эвслийн бүрэлдэхүүнд оржээ. “Бидэнд үзүүлж байсан дарамт шахалтын улмаас бид шинэ байгууллагад нэгдлээ. Гэвч ямар ч баталгаа гаргаагүй болно” хэмээн СҮЗ-ийн дээд тушаалын гишүүн Ахмед Рамадан мэдээллээ.

Энэхүү үйл явдлын өмнөхөн СҮЗ-ийн удирдагчаар сонгогдсон Жорж Сабра “СҮЗ нь шинэ эвслийн хүрээнд ч гэсэн өөрийн үзэл бодлоо баримтлах болно” хэмээн тэмдэглэн хэлжээ. Тэрээр “СҮЗ бол Сирийн эртний сөрөг бүлэглэл, тэгээд ч ямар нэгэн эвсэл нь бусдыгаа өөрийн байгууллагын далбаан доор ажиллахыг тулган шаардах ёсгүй” гэж онцлон хэлсэн аж.

 Agence France-Presse-д мэдээлснээр, Сирийн үндэсний эвсэл Башар Асадын дайчдын эсрэг цэргийн ажиллагаа зохион байгуулж, босогчдын хяналтанд орсон бүс нутгуудыг удирдан чиглүүлэхээр төлөвлөж байна.

Дохад байгуулсан гэрээний дэлгэрэнгүй одоогоор тодорхойгүй байгаа аж.

Дашрамд дурдахад, Сирийн иргэний дайн 2011 оны хавраас хойш үргэлжилж байгаа ба энэ хугацаанд 35 мянга гаруй хүн амь үрэгдэн, 400 мянга гаруй сиричүүд хөрш зэргэлдээ орнууд руу дүрвэн зугтсан байна.

Жич: Сири (Араб: سوريا‎ Сурияа эсвэл سورية Сурияах), албан ёсоор Арабын Бүгд Найрамдах Сири Улс нь баруун Азийн орон юм. Баруун талаараа Ливан, баруун өмнөд талаараа Израйль, өмнөд талаараа Йордан, зүүн талаараа Ирак, хойд талаараа Турк улсуудтай тус тус хиллэнэ. Мөн баруун талд нь Газар дундын тэнгис ба Кипр арал оршино.

Сирийн хүн ам нь шүтлэгийн хувьд, 74% Исламын шашны Сунна урсгалыг дагагч, 13% нь Шиа урсгалыг мөрдөгч, 10% нь Христийншашинт, 3% Друз шашинт юм. Харин угсаатны бүтцээр, 90% нь Араб, үлдсэн 10%-ийн дийлэнх нь Курд юм.

 Д.Мигаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top