Лондон Сири улс руу довтлохоор төлөвлөж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 12

Их Британийн зүгээс Сири улс руу хязгаарлагдмал цэргийн довтолгоо хийх боломжийг авч үзэж байна. “Сири рүү хийх Их Британийн цэргийн халдлага өнөөгийн нөхцөл байдалд зайлшгүй шаардлагатай байна. Сири улс дахь хүмүүнлэгийн нөхцөл өдөр ирэх тутам улам муудсаар байгаа нь тус улс руу хязгаарлагдмал цэргийн довтолгоо хийхэд хүргэж байна” хэмээн Их Британийн хамгаалалтын албаны дарга, генерал Дэвид Ричардс мэдэгджээ.

Түүний өгүүлснээр, цэргийн ажиллагаа ямархуу хэлбэрээр явагдахыг олон улсын хамтын нийгэмлэг шийдэх аж. Ойрхи Дорнодын энэхүү орон руу цэргийн отрядууд энэ өвөл илгээгдэх бололтой. “Бид энэхүү асуудлыг шийдэх боломжуудыг байнга эрэлхийлж байна. Миний ажлын гол зорилго бол биелэгдэхүйц төлөвлөгөөг боловсруулах явдал” хэмээн генерал өгүүлжээ.

Сирийн Ерөнхийлөгч Башар Асад энэхүү үйлдэлд чиглэсэн өөрийн хариуг хэлжээ: “Хэрэв Сири рүү гадны улс орнууд халдах юм бол дайн бүх дэлхийг хамарсан байдалд хүрч болзошгүй. Иймэрхүү ажиллагааны үр уршиг Атлантаас Номхон далай хүртэл доргиох болно. Баруун энэ чиглэлээр хөдөлнө гэдэгт би итгэхгүй байна. Хэрэв Барууны орнууд үүнийг хийхэд хүрвэл үр дагавар нь юу болж өнгөрөхийг хэн ч хэлж чадахгүй” хэмээн өгүүлсэн байна.

Д.Мигаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top