Египетийн Синайн хойг дээрх эмнэлгүүд Газын зурваст болох үйл явдалтай уялдан, бэлэн байдалд ороод байна. Энэ талаар Хойд Синайн бүс нутгийн эрүүлийг хамгаалах газрын дарга Тарек Хатер мэдэгдлээ.
“Бүс нутаг маань Газын зурвастай хиллэдэг учраас шархдагсдыг нааш нь авчрах магадлалтай” хэмээн тэрээр өгүүлжээ.
Израилийн агаарын цэргийн хүчин “Хамгаалалтын багана” хэмээх томоохон ажиллагааны хүрээнд Газын зурваст нилээн хэдэн цохилт өгсний уршгаар 12 палестин иргэн амь үрэгдсэн байна. Үүний хариуд палестины зүгээс 50 орчим пуужингаар бууджээ.
ИТАР-ТАСС мэдээлж буйгаар, Египет, Израилийн хил дээр Нахаль хил хамгаалах элит бригадын анги нэгтгэлүүд цугларч байгаа аж. Рафах, Керем-Шалом хилийн постын районд байлдааны цэрэг, техник цугларан, агаарт байлдааны нисдэг тэргүүд хүржигнэж эхэлжээ.
Энэ үеэр Египет дахь Израилийн элчин сайд ба дипломат ажилтнууд Каираас буцсан байна. Үүнээс өмнө Арабын улсын удирдагч Мухаммед Мурсийн шийдвэрээр египетийн дипломатууд Израилаас татагдсан аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )