Европ даяар ажил хаялаа

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 15

Эрх баригчдын төсвийн бодлогын эсрэг чиглэсэн бүх европын ажил хаялт олныг хамарсан эмх замбараагүйтлээр өндөрлөжээ. Европын 23 оронд эсэргүүцлийн жагсаал өрнөсөн ба хамгийн өргөн хүрээтэй нь Испани, Португалид болсон байна. Жагсаал, цуглаан нь цагдаагийнхантай мөргөлдөх хүртлээ даамжирсан аж.

Жагсагчид “Ажил огт алга” гэсэн плакат барьцгаажээ. Ажилчид төсвийн таналтын эсрэг тэмцэн, энэхүү бүх нийтийн ажил хаялт нь Европ тивийг саажилтын байдалд оруулсан байна.

Уг ажиллагааг үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо санаачилсан аж. Европын хотуудад нийтийн тээвэр явахаа больж, нисэхийн компаниуд олон зуун нислэгээ хойшлуулан, сургуулиуд хаагдан, улсын байгууллагууд ажлаа зогсоосон байна.

Ажил хаялт шөнө дунд эхэлсэн ба өглөө гэхэд асуудлыг тайван замаар шийдвэрлэх боломжгүй нь тодорхой болжээ. Орон болгоны нийслэлд жагсагчид эхлээд парламентын байрны гадаа, дараа нь цаашаа хотын төв рүүгээ явцгаасан байна. Тэнд жагсагчдыг цагдаагийнхан угтсан ба үг хэлээр учраа ололцохооргүй хэмжээнд жагсагчид хилэгнэсэн байжээ.

Испанийн жагсагчдын нэг Мануэль Карденас: “Хүмүүс ямар их эгдүүцэж байгааг та нар харж байгаа биз дээ. Нөхцөл байдал тэсэрч дэлбэрэхдээ хүрээд байна. Замбараагүй ажлаас халалт, шилжүүлэлтээс хүмүүс үнэнхүү залхаж байна. Иймээс бидэнд өөрсдийн эрхийн төлөө тэмцэх зайлшгүй шаардлага тулгаран, үүнийгээ илэрхийлэх цорын ганц арга бол ажил хаян гудамжинд жагсах явдал юм” хэмээн өгүүлжээ.

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top