Америкийн долоон муж АНУ-ын бүрэлдэхүүнээс гарахаар зэхэж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 15

Америкийн долоон мужийн оршин суугчид АНУ-ын бүрэлдэхүүнээс гарахад шаардагдах гарын үсгээ цуглуулан, одоо холбооны засгийн газраас ирэх албан ёсны хариуг хүлээж байгаа аж.

Одоогийн байдлаар 40 мужийн оршин суугчид салан тусгаарлах талаар хүсэлт гаргаад байгаа ба эдгээрийн 7 нь шаардагдах хэмжээний 25 мянган гарын үсэг цуглуулаад байгаа юм байна.

Хамгийн их нь Техас муж 100 мянга орчим гарын үсэг цуглуулжээ. Тус муж АНУ-ын эдийн засгийн тулгамдсан асуудлууд нь цаашид холбооны засгийн газрын төсвийн бодлогыг шинэчлэх чадваргүй гэдгийг харуулж байна хэмээн үзэж байгаа аж. Мөн Техасын оршин суугчид нисэх буудлууд дээр Аюулаас хамгаалах газрын ажилтнууд зорчигчдод үзлэг хийн хүний эрхийг зөрчиж байна хэмээн гомдол гаргасан байна. Бас үүнтэй зэрэгцэн тус мужийн нийслэл Остин хотыг АНУ-ын бүрэлдэхүүнд хэвээр үлдээх эсрэг саналууд ч гарч ирсэн аж.

Техасаас гадна Луизиана, Флорида, Хойд Карролина, Алабама, Жоржи, Теннеси мужууд 25 мянган гарын үсгийн босгыг давжээ. Флоридагаас бусад эдгээр мужуудын ихэнх оршин суугчид Обамагийн өрсөлдөгч Митт Ромнид саналаа өгсөн юм байна.

Америкийн шинжээчдийн үзэж буйгаар Цагаан ордны зүгээс аль нэгэн мужид улсын бүрэлдэхүүнээс гарах зөвшөөрлийг олгох явдал бараг бүтэхгүй аж.

Сүүлийн удаа 1860, 1861 онуудад, Авраам Линкольнийг ерөнхийлөгчөөр сонгогдсны дараа 11 муж холбооны бүрэлдэхүүнээс гарсан ба түүний уршгаар цус урсгасан Иргэний дайн эхэлж байжээ.

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top