Удаан хугацаанд өндөглөгчийн үүрэг гүйцэтгэж байсан британийн нэгэн эм тахиа шинэ эздээ гайхшруулсан байна. Тэрээр 8 хүртэл тоолж чаддаг аж.
Кэрол Вордерман хэмээх британийн телевизийн нэвтрүүлэгчийн нэртэй энэхүү тахиа хөзөр дээр дүрслэгдсэн 8 хүртэлх тоог төвөггүй ялгаж чаддаг байна. Өндөглөгч байсан тэрээр аарцгаа гэмтээсний улмаас фермээсээ “халагдан”, шувуудын асрамжийн газарт ирсэн аж.
Түүний шинэ эзэн, 47 настай Хелен Жонс хөзөр дээрх тоог ялгаж чадаж байгаад нь маш их гайхсан байна. Тахиа хөзөр дээрх тоотой яг адил тоогоор хошуугаараа хөзөр дээр товшиж байжээ.
Хелений өгүүлснээр, тэрээр 8 хүртэл тоолж чадаж байгаа ба цааш ахиулахаар хичээллэж байгаа аж. “Бид өдөрт 2-3 минут бусад шувуудаас зайдуу хичээллэдэг. Кэрол зөв хариултынхаа төлөө шагнал хүртдэг юм. Энэ нь бусад шувуудыг үнэхээр гайхуулж байгаа. Тэд түүнийг хараад бас амттанаар шагнуулахыг хүсэн 1-2 тахиа оролдож үзсэн боловч ямар ч амжилт олоогүй” хэмээн Хелен ярьжээ.
Хүнд гэмтэл авч фермээсээ “браклагдаж” байсан эм тахиа одоо Норфолкийн асрамжийн газарт аз жаргалтай амьдарч байна. Тэрээр энэхүү авьяасаа нээхээс өмнө шархтай учраас бусдаас зайдуу шоовдор маягтай амьдардаг байсан аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )