Өчигдөр орой Израилийн зүгээс Газын зурваст байрлуулсан дунд зайны алсын тусгалын пуужин хөөргөх зориулалттай газар доорх төхөөрөмжүүдийг агаараас бөмбөгдсөн байна. Израилийн армийн хэвлэлийн албанаас мэдээлснээр, бүх онилсон бай устсан аж.
Энэхүү агаарын цохилтууд нь сөрөг талынхны хөөргөсөн алсын тусгалт пуужингийн хариу юм байна. Уг пуужин Газын зурвасаас 65 км зайд орших Тель-Авивын өмнө хэсэгт хүрч, хэдийгээр дэлбэрэлтэд хүн өртөөгүй ч гэсэн хүн ам олноор суурьшдаг хотын иргэдийг цочролд оруулсан аж. Өнгөрөх Бямба гаригаас хойш тооцоолоход эсрэг дайчдын зүгээс Израиль руу 250 пуужин тавьж, 380 гаруй буудалт хийгджээ.
Газын зурвасын хил рүү Израилийн арми хуурай замын хүчээ төвлөрүүлж байна: хуягласан техникүүд, бульдозерууд, саперын машинууд, явган цэргүүд гэх мэт. Зайлшгүй тохиолдолд 30 мянган нөөц хүч дуудаж болохыг цэргийнхэнд зөвшөөрсөн байна. Зарим эх сурвалжаас мэдээлж буйгаар, армийн эдгээр хүчийг нөхцөл байдал зайлшгүй тулгарсан үед ашиглах ёстой ба одоогоор палестины хил орчмын дайчид руу довтолж эхлэх шийдвэр гараагүй байгаа аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )