Өчигдөр АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама “Сэнди” хар шуурганд өртөж 100 орчим байшин шатаж сүйрсэн Квинс, Стэйтен-Айленд районуудыг агаараас нисдэг тэргээр тойрон харжээ.
Обаматай хамт Нью-Йорк хотын захирагч Майкл Блумберг, Нью-Йорк мужийн амбан захирагч Эндрю Куомо, АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын сайд Жанет Наполитано, Барилга, хот төлөвлөлтийн сайд Шон Донован, Нью-Йорк мужийн сенатын төлөөлөгчид Чарльз Шумер, Кирстен Жиллибренд нар тус районуудаар тойрч танилцсан байна.
Агаараас танилцсны дараа Ерөнхийлөгч Обама хар шуурганаар ихэнх байшин нь нурж сүйрсэн Стэйтен-Айлендын нэг гудамжаар явганаар яван тэндхийн оршин суугчид болон сэргээн босголт дээр ажиллаж буй хүмүүстэй уулзаж ярилцжээ. Мөн хар шуурганаар хоёр хүүгээ гараасаа алдсан эцэг эх Гленда, Дэмиен Мур нартай уулзсан байна.
Стэйтен-Айлендын гудамжууд одоо хүртэл олон тонн хог нурангинд дарагдсан хэвээр байгаа аж. Нийтийн тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөн бүрэн гүйцэд сэргээгдээгүй, олон хүмүүс тусгай тоноглогдсон хоргодох байруудад амьдарч байна.
Ерөнхийлөгч Обама АНУ-ын Засгийн газраас Нью-Йоркт урт хугацааны тусламж дэмжлэгийг үзүүлэх болно хэмээн мэдэгджээ.
Стэйтен-Айлендын олонх оршин суугчид тэдэнд туслах талаар засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээнд сэтгэл дундуур байгаа аж. “Обама одоо биш, харин гэрэл цахилгаангүй байж, олон гудамж үерт автсан байх үед ирж харах ёстой байсан юм” хэмээн нэгэн оршин суугч эмэгтэй өгүүлжээ.
Нью-Йорк мужийн амбан захирагч Засгийн газраас 30 тэрбум доллар сэргээн босголтод зориулан хүссэн байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )