2013 онд дэлхийн эдийн засаг улам хүндэрч болзошгүй

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 19

Нью-Йоркийн их сургуулийн профессор Нуриэль Рубини ирэх жилийн хэтийн төлөв сэтгэл тайвшруулахаар бус харагдаж байна хэмээн мэдэгджээ.

Bloomberg TV-ээр өгсөн сүүлийн ярилцлагадаа тэрээр энэхүү төсөөллийн үндсэн таамаг нь хөгжилтэй орнуудын эдийн засгийн өсөлтийн удаашрал, эдгээрийн заримд нь бүр уналтын байдалтай байгаагаас урган гарч байна гэсэн байна. Бодит орлогын бууралт евро бүс, Их Британийг хамран, харин АНУ-г хараахан хөндөхгүй бөгөөд энэ нь ирэх жилийн дэлхийн эдийн засгийн суурь үзэгдэл болох аж.

Энэхүү суурь үзэгдлээс үүсэх таагүй байдал дэлхийн өнцөг булан бүрт нэгэн зэрэг явагдан, АНУ-д төсвийн хямрал нүүрлэн, Грекийг тойрсон асуудал улам гүнзгийрэх магадлалтай юм. Мөн Хятадын эдийн засгийн өсөлтийн удаашрал төсөөлснөөс илүү хүчтэй явагдан, нефтийн хүчин зүйл асар их нөлөө үзүүлэх аж.

Ойрхи Дорнодод өрнөөд буй үйл явдлаас шалтгаалан нэг баррель нефть 200 доллар хүртэл өсөж болзошгүй нь импортлогч орнуудад хүндрэл учруулахаар байна.

Иймэрхүү байдлаар 2013 онд үүсэх нөхцөл байдал 2008 оны хямралаас ч дор байж болзошгүй хэмээн шинжээчид таамаглаж байна. Энэ удаагийн хүндрэл нь 2008 оных шиг хөрөнгийн хөрвөх чадварын хангамжаас бус төлбөрийн чадваргүй байдлаас ихээхэн хамаарах бололтой.

Д.Мигаа 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top