Британид худал яригчдын тэмцээн болно

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 19

Жил бүр дэлхийн өнцөг булан бүрээс олон арван туршлагатай худал яригчид “хааны титмийн төлөө” уралдахаар Английн баруун хойд зүгийн Сэнтон Бридж тосгонд цуглардаг билээ.

Улс төрчид болон хуульчдыг уг тэмцээнд оролцохыг хориглодог ба зохион байгуулагчдын үзэж буйгаар тэд худал ярих урлагийг дэндүү сайн эзэмшсэн байдаг ажээ.

Худалчдын энэхүү том тэмцээн XIX зуунд Сэнтон Бридж-д амьдарч байсан нутгийн помещик Уилл Ритсонд зориулан зохиогддог аж. Тэрхүү эр барон Мянгуужингаас дутахааргүй ер бусын түүхүүдийг өгүүлдэг байжээ. Ритсон өөрийн ярьсан зүйлээ үргэлж жинхэнэ үнэн хэмээн баталдаг байсан аж. Жишээ нь: “Уэйсдейл хөндийд ургасан амтат тарвас асар том, түүний ганцхан зүсмийг тэр нутгийн бүх хүн идээд цадна, ухаж авсан хальсан дотор нь хонин сүрэг бэлчээж болно” гэх зэргээр “сайхан залдаг” байжээ. Сэнтон Бридж-д энэхүү домогт худалчийн нэрэмжит паб байдаг ба тэнд хэн хүссэн нь орж, өөрийн ер бусын түүхээ бусадтай хуваалцаж болдог юм байна.

Тэмцээнд оролцогч тус бүрт үнэмшилтэй бөгөөд ер бусын түүхээ ярихад нь таван минутын хугацаа өгдөг аж. Тэд ямар нэгэн хүний бүтээлээс болон гэртээ урьдчилж бэлдсэн зүйл ярихыг хориглодог юм байна.

Нэгэн удаа лам “Би амьдралдаа ганц ч удаа худлаа хэлж үзээгүй” гэсэн ганц өгүүлбэр хэлээд аварга болж байжээ. Энэхүү тэмцээний түүхэн дэх хамгийн алдартай худалч нь нутгийн оршин суугч Жон Грэм аж. Мөн 1994-2008 оны хооронд дэлхийн шилдэг худалчаар долоон удаа шалгарч байсан Жонни Лжец орж байна.

Д.Мигаа 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top