Гал зогсоох талаар хэлэлцээр хийгдэж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 20

Египетийн талын оролцоотойгоор Каир хотод Палестины ХАМАС хөдөлгөөн, Израилийн төлөөлөгчдийн хооронд байлдааны гал зогсоох тухай хэлэлцээр хийгдэж байна. “Аль-Арабия” телесувгийн мэдээллээр, ойрын хэдэн цагийн дотор талууд хэлэлцээрээ дуусгах аж. Ерөнхийдөө тохиролцоонд хүрсэн бөгөөд зарим нэгэн санал зөрөлдөөнтэй асуудлаар ярилцаж байгаа юм байна.

ХАМАС цэргийн ажиллагааг нэн даруй зогсоохыг шаардаж байгаа бол израильчууд эхлээд байлдааны галаа зогсоон, дараа нь Газын зурвасын хамгаалалтыг татан буулгах гэсэн хоёр үе шаттайгаар хэрэгжүүлнэ хэмээн үзэж байна.

Энэ үеэр Каирт болсон хэвлэлийн бага хурал дээр исламчуудын улс төрийн товчооны тэргүүн Халед Машааль тийм ч амархан бууж өгөхгүй гэдгээ илэрхийлжээ. Түүний өгүүлснээр, “Израиль анх Газын зурваст түрэмгийллийг эхлүүлсэн тул тэдний зүгээс эхэлж гал зогсоох талаар санаачлага гаргах ёстой. Хэн дайныг эхлүүлсэн нь бас дуусгах ёстой” гэжээ.

Дашрамд дурдахад, Катарын “Аль-Жазира” телесувгийн мэдээлснээр, Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху Палестины талаас пуужин харвахаа зогсоосон нөхцөлд Египет болон АНУ-ын хүсэлтээр Газын зурваст байлдааны ажиллагаа эхлүүлэх төлөвлөгөөгөө 24 цагаар хойшлууллаа хэмээн мэдэгдсэн байна.

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top