Дэлхий нийтээр Израиль-Палестины эвлэрлийг хүлээж байна. Гэвч одоогоор яах нь тодорхойгүй байсаар байна. Палестины удирдагчдын зүгээс гал зогсоохыг зөвшөөрсөн боловч Тель-Авив хүлээгдэж байгаа аж. Эвлэрлийн гэрээнд гарын үсэг зурагдаагүйн улмаас хоёр талын цохилт үргэлжилсээр байна. Амь үрэгдэгсдийн тоо өдрөөс өдөрт өсөн, одоогоор 130 гаруй болоод байгаа аж.
Газын зурвасаас хөөргөсөн алсын тусгалт пуужин Тель-Авиваас холгүй орон сууцны барилгад тусан дөрвөн хүн шархдан, бас нэг пуужин Аждот хотод автомашин дээр тусан жолооч нь хүнд гэмтжээ. Иймэрхүү байдлаар Газын зурвасаас Израилийн хотууд руу цохилт өгөн, хариуд нь Израилийн цэргийн агаарын хүчин Газын зурвасыг бөмбөгдсөөр байна.
“Пуужин унахад бүх орон сууцны барилгууд доргиж, бид айсандаа чичрэн, хүүхдүүд орилолдон гадагшаа гүйж гарсан” хэмээн нэгэн израиль бүсгүй ярьжээ. “Хэн нэгэн бидэнд туслан, биднийг дэмжиж, дэлхий даяар бидний төлөө санаа тавих хэрэгтэй байна. Бид энэхүү сүйрлээс үнэхээр залхаж байна. Манай энд гэхэд одоо хүртэл нуранги дороос нэг охиныг гаргаж авч чадаагүй байна” хэмээн Газын зурвасын оршин суугчид өгүүлсэн байна.
Одоо Израильд АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон тус улсын Ерөнхий сайд Биньямин Нетаньяхутай уулзалт хийн, тулгамдаад буй асуудлыг дипломат арга замаар шийдэх ямар арга бололцоо байгаа талаар хэлэлцэж байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )