Америкчууд Талархлын өдрөө тэмдэглэх гэж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 22

Өнөөдөр АНУ-ын иргэд эртний уламжлалт баяруудын нэг болох Талархлын баяраа тэмдэглэх гэж байна. Энэ өдөр бүх нийтийн амралтын өдөр, маргааш Баасан гаригт мөн ажиллахгүй учраас олон сая америкчууд ах дүү, амраг садандаа зочлохоор алсын замд гарах бөгөөд статистик тооцоогоор, 40 сая гаруй америкчууд баярын үеэр автомашинаар аялах аж.

Уламжлал ёсоор гэр бүлийн баярын ширээний ард хэдэн үеэрээ цуглацгаан, оны турш болж өнгөрсөн сайн сайхан зүйлсийн төлөө талархлын үгс хэлцгээн хундага өргөцгөөдөг. Энэ өдрийн гол идээ бөгөөд бэлэгдэл нь цангисийн сиропоор амталж шарсан цацагт хяруулын мах байдаг. Түүнийг амттайхан жигнэмэг, элдэв жимсээр чимэглэн дагалдуулна.

Талархлын өдрийг тэмдэглэх уламжлал 1621 онд Массачусетс мужийн Плимутад английн суурьшигчид ирэх үеэр индианчууд тэднийг угтан төмс, улаан лооль, зэрлэг шувууны мах өргөн барьж байсан тэмдэглэлт үйлээс үүссэн түүхтэй аж.

Зуун зууны туршид Талархлын өдөр арваннэгдүгээр сарын янз бүрийн өдрүүдэд тэмдэглэгдэж байсныг 1941 онд АНУ-ын Конгресс арваннэгдүгээр сарын дөрөв дэх долоо хоногийн Пүрэв гаригт тэмдэглэж байхаар хуульчилсан байна.

Д.Мигаа  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top