Тель-Авиваас хийсэн видео хурлын үеэр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун Аюулгүйн Зөвлөлийн гишүүдийн өмнө илтгэл тавихдаа Израиль болон Палестины дайчдын хооронд гал зогсоох тухай хэлэлцээр хийгдсэн нь сүйрлийн ирмэгээс аврах гарц боллоо хэмээн цохон тэмдэглэжээ.
“Би эвлэрлийн тухай өнөөдрийн мэдэгдэлд баяр хүргэж, хоёр талын шийдвэрийг хөхүүлэн дэмжиж байна. Мөн энэхүү үйлсэд хүчин зүтгэж, эвлэрлийн шийдэлд хүрэхэд зуучилсан Египетийн Ерөнхийлөгч Мухаммед Мурсид гүн талархлаа илэрхийлж байна” хэмээн ерөнхий нарийн бичгийн дарга мэдэгдсэн байна. Түүний өгүүлснээр, олон улсын хамтын нийгэмлэг “гал зогсоох горимын мөрдөлтөнд итгэлтэй байх” ёстой ба “Газын зурвасынхан шаардагдах” хүмүүнлэгийн тусламжийг хүлээн авах болно гэжээ.
ХАМАС болон Израилийн хоорондох эвлэрэл манай цагаар өнгөрөх шөнийн 04 цагаас хүчин төгөлдөр болж байгаа аж. Гурван өдөр хэлэлцээр хийсний эцэст хоёр тал гал зогсоох зөвшилцөлд хүрчээ. Гэвч эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш 10 гаруй пуужин Израилийн нутагт туссан аж.
Дашрамд дурдахад, нэг долоо хоног үргэлжилсэн израилийн армийн ажиллагааны уршгаар 162 хүн амь үрэгдэн, түүн дотор 43 хүүхэд, 11 эмэгтэйчүүд байсан бөгөөд 2350 орчим палестинчууд шархдаж гэмтсэн байна. Израилийн хувьд пуужингийн буудлагаар таван хүн амь үрэгдэн, олон арван хүн шархдсан аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )