Египетийн Ерөнхийлөгч Мухаммед Мурси өөрийн эрх мэдлээ өргөжүүлэхээр шийджээ. Тэрээр түүний гаргасан хууль шийдвэрүүд дахин хянагдахгүй байхаар эрх зүйн баримтыг боловсруулж гаргасан байна.
Мурси тус орны шинэ үндсэн хуулийг боловсруулах ажлын явцыг хурдасгахаар шийдэн, Парламентын дээд танхим болон шүүх засаглалын зүгээс эх хууль дээр ажиллаж буй комиссын үйл ажиллагаанд оролцохыг хориглосон аж.
Түүнээс гадна, төрийн тэргүүн “хувьсгалыг хамгаалахын тулд дурын арга хэмжээг” авч хэрэгжүүлэх эрх мэдлийг өөртөө авсан байна. Үүнтэй зэрэгцэн тэрээр Египетийн ерөнхий прокурорыг ажлаас нь чөлөөлжээ.
Тус орны хотуудын гудамжинд төрийн тэргүүнийг дэмжигчид болон эсэргүүцэгчид ахин цуглаж эхэлсэн аж. Цагдаагийнхан эсэргүүцэгчдийг хөөн тараахын тулд нулимс асгаруулагч хий ашиглан, Тахрир талбайтай зэргэлдээ Дотоод явдлын яамны байрыг хуягласан техникүүдээр хаасан байна.
Ойрын хэдэн өдөр Египетэд тайван бус байгаа аж. Хэдэн арван хүний амь авч одсон цуст “нэгдүгээр сарын 25-ны хувьсгал” нэг жилийн ойндоо хүрэх гэж байна. Тахрир талбай дээр египет залуучууд олноор цуглах болжээ. Тэд янз бүрийн шаардлага тавьж байгаа ба нэгдмэл удирдлага, зохион байгуулалт байхгүй байгаа аж.
Эрүүлийг хамгаалах яамны мэдээллээр, мөргөлдөөний үед 120 хүн бэртэж гэмтсний 30 нь цагдаагийн ажилтнууд байжээ. Эмх журамгүй байдлыг дэвэргэсэн 118 хүнийг баривчилсан байна. Аль-Жазира телесувгийн оффис, Америкийн их сургуультай зэргэлдээ орших францын дунд сургуулийн байр шатсан аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )