Анжелина Жоли: Эр нөхөр төдийг бус, ирээдүйн хүүхдүүдийнхээ эцгийг хай

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 23

Нэгэн ярилцлагадаа нэрт жүжигчин бүсгүй өөрт нь эмэгтэй дотны найз бараг байдаггүй хэмээн өгүүлжээ. Үнэхээр ч түүний шүтэн бишрэгч бүсгүйчүүд алсын зайнаас түүнээр бахархахыг эрхэмлэдэг аж. Харин эрчүүдийн хувьд, 2007 онд Британичууд бүхий л цаг үеийн секс-билэг тэмдэг хэмээн нэрлэсэн энэхүү бүсгүйн өмнө толгой бөхийхгүй байж үнэхээр чаддаггүй гэлцэнэ. Сая сая охид бүсгүйчүүд түүний тухай өгүүлсэн сэтгүүлүүдийг өдөр бүр худалдаж аван, хэрхэн түүн шиг сэтгэл булаам, секси болохыг мэдэж авахын тулд түүний зургуудыг анхааралтай ширтэн, ярилцлагуудыг нь шимтэн уншдаг аж.

Анжелинагийн өөрийн өгүүлснээр, тэрээр зөвхөн өөрөөрөө байхад суралцсан үедээ л төгс зохицолд хүрч чадсан гэжээ: “Би Камбожид кино зураг авахуулж байхдаа өөрийгөө сайхан гэж үнэхээр мэдэрсэн. Миний хамаг хөлс урсаад, үс маань зунгааралдаад даахирчихсан байсан атал би өөрийгөө хамгийн сайхан, секси байдалтай байгааг мэдрээд их аз жаргалтай байсан. Учир нь би амьдралдаа анх удаа өөрийнхөөрөө байсан юм”

Нэртэй жүжигчин эр Жон Войт, жүжигчин бүсгүй Маршелин Бертран нарын охин Анжелина Жоли Войт шиг холимог цустай хүмүүс ихэвчлэн дүрэлзсэн, гал дөлтэй араншинтай байдаг. Жоли гарал үүслээ даган словак, немец, франц-канад, голланд цусны холимог аж. Мэдээж, иймэрхүү олон цусны хольцтой хүүхэд тайван суугаад байх нь ховор, ийм “дүрэлзсэн” удамшлыг гэр бүлийн суурь хүмүүжлээр засаж залруулж болно. Харин түүний эцэг эхийн хувьд охиныхоо зан араншинг ажиглаж хянахтай манатай байж.

Энжиг дөнгөж ой хүрэхтэй үгүйтэй байхад эр нөхрийнхөө байнгын араар тавилтаас залхсан ээж нь түүнээс салсан байна. Ингээд хүүхдүүдээ хөл дээр нь босгохын тулд тэрээр хамаг цаг заваа зураг авалтад зарцуулах болжээ.

Энжигийн хувьд элдэв зөрчил маргаан, эцэг эх нь байнга байхгүй тийм л гэр бүлийн бараан дурсамж хүүхэд насанд нь үлдсэн аж: “Би бүх ертөнцийг, үр хүүхдээ орхиж явсан бүх эцэг эхчүүдийг үзэн яддаг байлаа. Би ямар ч хайр дурлал, үерхэл нөхөрлөлд итгэдэггүй байсан бөгөөд өөрийн ирээдүйгээс ямар ч гэрэл гэгээтэй зүйл хүлээдэггүй байлаа” хэмээн жүжигчин бүсгүй нилээн сүүлд тухайн үеийн өөрийн сэтгэл санааны байдлаа дурсан өгүүлсэн билээ.

Иймэрхүү ертөнцийг үзэх санаа бодолтой өсвөр насны охин яг л хутганы ирэн дээр явж буй мэт амьдарч байсан аж. Түүнийг сургууль дээр үеийнхэн нь ч, багш нар нь ч хүлээн авдаггүй, бүр сэтгэл зүйн тусламж шаардлагатай сурагчдын нэрсийн жагсаалтад түүний нэр ордог байжээ. Яг тэр үед өвөөгийнхөө оршуулганд оролцсон нь түүнд хүчтэй нөлөөлсөн байна. Тэрээр орчин тойрныхоо хүмүүст оршуулгын товчооны эзэн болохыг мөрөөддөг тухайгаа ярин, хичээлийн дэвтрүүдээ загалмай, авсны зургуудаар дүүргэдэг болсон аж. Чухам тэр үед л амьдралынхаа хоёр “галзуу” хүслээ олж авчээ: хар өнгийн хувцсанд ба буу зэвсэгт дурлах.

13 настайгаасаа Энжи хутга цуглуулж эхэлжээ. Түүний бүхий л гар хуруу нь зүсэгдсэн явдаг байж. Түүгээр ч тогтохгүй, бараг бүх төрлийн хар тамхийг хэрэглэж үзжээ. Тэрээр үсээ хурц нил ягаанаар будан, 14 настайдаа найз хөвгүүнээ гэртээ авчран хоёр жил хамт амьдарсан байна. Хөвгүүд юунаас ч айдаггүй энэ охины хажуугаар анзаарахгүй өнгөрч чаддаггүй байж.

Гэвч нэгэн удаа энэхүү зан араншингаасаа болж золтой л тэнэг зүйл хийчихсэнгүй. Тэрээр хамтран амьдрагчтайгаа сексийн үед хутга оролцуулсан тоглоом туршдаг байжээ. Сексийн сэрэл мэдрэмжээ галзууруулахын тулд нэг нэгийгээ хутгаар зүсдэг байсан аж. Иймэрхүү шөнийн дараа ор дэрний хэрэгслээ хаяхад хүрдэг байж. Харин нэг удаа секс тоглоомын үед гол судсаа санамсаргүй хэрчин, эмч нар амийг нь аврахын тулд нилээн юм болжээ. Ингээд ямар ч сонирхолтой зүйлд зохих хязгаар байдгийг ойлгосон байна.   

18 настайдаа Анжелина кинонд зураг авахуулж эхэлжээ. Тэрээр байнга шинэ соргог зүйл эрэлхийлэн, илэн далангүй эротик зураг авалтанд оролцохдоо ч огт ичдэггүй байсан аж. Нэгэн удаа ярилцлага өгөхдөө эрчүүдтэй унтсанаас эмэгтэйчүүдтэй унтахад хамаагүй илүү таатай байдаг хэмээн ярьсан байна. Гэвч түүний зөвхөн секс дээр тогтсон энэхүү богино хугацааны харьцаа нь багадаа мэдэрч амжаагүй хайр, хамаарлыг нь нөхдөг байсан бололтой.

Нэгэн удаа өөрийгөө “Киборг-2” кинонд харсны дараа аймшигтай мэдрэмж төрөн мэргэжлийн алуурчинд өөрийнхөө аллагыг захиалан, нөгөөх нь түүнийг ятгаж болиулсан тухай домог шиг цуу яриа түгсэн байна. Иймэрхүү цууг тэрээр өөрөө тараадаг байсан аж.

Гэвч түүний “солиотой” зан авираас айгаагүй нэг хүн гарч ирсэн байна. Анжелина “Хакерууд” киноны зураг авалтын талбай дээр жүжигчин Жонни Ли Миллертэй танилцжээ.

Киноны нээлт болох үед тэдний бие биедээ шунан тэмүүлэх хүсэл улам дүрэлзэн, улмаар өөрсдийн стилээр хурим хийцгээсэн байна. Ёслолын ажиллагаан дээр сүйт бүсгүй хар савхин өмд, хайртынхаа нэрийг дээр нь цусаараа бичсэн цагаан футболк өмссөн байв. Гэвч “цусан баталгаа” хосуудыг тийм ч удаан тогтоосонгүй. Тэд хоёулаа хэт олон зүйл сонирхдог байсан ба удалгүй салан, харин найзууд хэвээр үлджээ. Тэр үед л Анжелина хүүхэд байхаасаа хайж ирсэн хэн нэгний нөмөр нөөлгийн мөн чанарыг ойлгон, хүчтэй ба сул дорой шинжийг хамт агуулж байхаар шийдсэн аж.

Ингээд эцэст нь Энжи өөрийн эмэгтэйлэг байдалд анхаарч эхэлсэн байна. Түүний сүүлд өгүүлснээр: “Хакерууд” киноны дараа түүнийг савхи өмссөн, богино халимагтай, атаман маягийн эршүүд хүүхнүүдийн дүрд тоглуулах олон санал ирсэн боловч тэрээр татгалзсан аж.  Жоннитой хамт амьдарсан туршлагаасаа тэрээр бүсгүй хүний хамгийн гол зэвсэг нь маш эмэгтэйлэг байдал юм гэдгийг ухаарсан байна. Этгээд зан стилээр эрчүүдийг татаж болох хэдий ч зөвхөн эелдэг, эмэгтэйлэг байдлаар л тэднийг тогтоож барьдгийг ойлгожээ.

1999 онд Анжелина “Girl, Interrupted” кинонд бүтээсэн дүрээрээ “Оскар” \туслах эмэгтэй дүрийн\ авсан билээ. Тэрээр шагнал гардуулах ёслол дээр өөрийн ахдаа хичнээн их хайртайгаа хэт сэтгэлийн хөдөлгөөнөөр илэрхийлсэн нь Холливудаар нэг хачин цуу яриа дэгдэхэд хүргэсэн байна. Энэхүү утгагүй шуугианыг намжаахын тулд Энжи яаравчлан хоёр дахь удаагаа гэрлэхээр болсон аж.

Энэ удаа түүний сонгож авсан хүн нь жүжигчин Билли Боб Торнтон байлаа. Анжелина түүнд үнэхээр татагдан, “Биллийн тухай бодох үед амьсгал боогддог” хэмээн тухайн үедээ ярьдаг байсан аж. Гэвч энэхүү холбоо нь насан туршид үргэлжилнэ гэдэгт итгэлтэй бус байжээ.

Тэдний хоорондын харьцаа Энжиг байнга дагаж байсан ганцаардлын бараан сүүдрийг үлдэн хөөгөөсэй гэсэндээ бүсгүй боломжтой бүх зүйлийг хийдэг байв. Хосууд шивээсээ солилцон, хуруугаа зүсч цусан баталгаа хийн, нууцаар гэрлэсэн байна. Ингээд янз бүрийн этгээд бэлэг дурсгал хөвөрсөн, гэр бүлийн жолоогүй амьдрал урсаж эхэлсэн аж. Биллид энэхүү жүжиг шиг амьдрал таалагдаж байсан бол Анжелина өөрийгөө асар их ядарч байгааг удалгүй мэдэрчээ. Тэрээр өөрийнхөө олон жилийн туршид бий болгосон хэв загварынхаа боол болсныг ойлгосон байна. Ингээд жүжигчин бүсгүй аз жаргал гэдэг иймэрхүү зүйлд биш огт өөр зүйлд оршдог юм байна гэдгийг ухаарч эхэлжээ.

Камбожид зураг авахуулах үедээ өөрөө өөрийгөө нээж олсон Анжелина амьдралын хэв маягаа эрс өөрчлөхөөр шийдэн нэгэн асрамжийн газарт танилцсан камбож хүүг үрчилж авсан байна. Тэрээр Мэддокс хүүдээ бүх анхаарлаа хандуулан үнэхээр үлгэр жишээ ээж болж чаджээ.

“Миний хоёр удаагийн гэрлэлт аль аль нь гурван жил ч болоогүй. Миний хажууханд ирээдүйн хүүхдүүдийн маань эцэг байгаа гэдэгт би үргэлж итгэлтэй байсан бөгөөд тийм хүнээ ч олсон” хэмээн Энжи ярьж байна. Анх удаа Жоли өөрийн төлөө бус бусдын төлөө амьдарч эхэлжээ. Гэр бүлд нь Мэддокс бий болсонтой зэрэгцэн Анжелина НҮБ-ын дүрвэгсдийн асуудал эрхэлсэн Комиссын дэргэдэх сайн санааны элч төлөөлөгч болсон байна. Хүмүүнлэгийн ажлаар тэрээр Камбож, Пакистан, Эквадор, Танзани болон өөр олон орноор явсан аж. Очсон газруудынх нь ядуу буурай аймшигтай дүр зураг түүнийг өөрийн бүхий л амьдралаа ядуурлын эсрэг тэмцэхэд зориулах шийдвэр гаргахад хүчтэй нөлөөлжээ.  Анжелина кинонд тоглож олсон орлогоо ихэнхийг нь буяны үйлст зориулж байна. “Хэрэв чи хэн нэгэнд чин сэтгэлээсээ, хариу тус нэхэхгүйгээр сайн үйл хийвэл хэзээ нэг цагт хувь заяа чиний төсөөлж байгаагүй сайхан зүйлээр чамайг шагнадаг” хэмээн Энжи хэлэх дуртай.

“Мистер ба миссис Смит” киноны зураг авалтын үеэр Анжелина амьдралынхаа хамгийн чухал эр хүн, Холливудын царайлаг жүжигчин Брэд Питтэй танилцжээ. “Алуурчин-хосуудын” дэлгэцийн хайр сэтгэл бодит амьдрал дээр биеллээ олсон аж. Брэдийн эхнэр Женнифер Энистоныг бодолцон тэд удаан хугацаанд өөрсдийн харьцааг үгүйсгэж байсан боловч жирэмслэлтийг яагаад ч нуух аргагүй болсон байна. Ингээд аль эртнээс аав болохыг мөрөөдөж байсан Брэд Питт Энистоноос салсан аж.

Ингэж шүтэн бишрэгчид нь “Бранджелина” хэмээн нэрлэдэг Холливудын хамгийн алдартай хос үүссэн түүхтэй. Өнөөдөр хосууд Жоли-Питт гэсэн овогтой зургаан хүүхэдтэй ба үүнийгээ хязгаар гэж үзэхгүй байгаа аж. “Брэд манай гэрийн эзэгтэй” хэмээн Анжелина эелдэгээр инээмсэглэн өгүүлж, тэр гэрийнхнийхээ өглөөний унданд зориулан хэрхэн амттайхан блинчик хийдэг тухай ярьж байна.

“Заримдаа би ийм гайхамшигтай сайн нөхөр яагаад надтай хамт байгаад байдаг юм бол. Би үнэхээр хангалттай сайн эхнэр мөн бил үү” хэмээн боддог гэж Анжелина өгүүлжээ. Тэд хамтдаа буяны үйлст зүтгэн, үр хүүхдүүдээ хүмүүжүүлж, кинонд зураг авахуулан, онгоц жолоодохыг сонирхдог. Тэдэнд маш бага чөлөөт цаг гардаг учраас маргалдах зав ч байдаггүй гэнэ. Энд л тэдний аз жаргалын гол нууц оршиж байна!

Д.Мигаа

 

 

.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top