АНУ-д “зад хямдралаар” зул сарын бэлгээ авцгаалаа

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 23

Эртний уламжлалт баяруудын нэг Талархлын өдөр АНУ-д өндөрлөж байна. Америкчууд энэхүү өдрөө уламжлалт баярын жагсаалаараа тэмдэглэн, гэр бүлийн хүрээнд цангисийн соусаар амталж шарсан цацагт хяруулын мах зооглон баярлацгаав. Тус улсын олон хотод баярын жагсаал болсон ба хамгийн том сүрлэг нь Нью-Йорк хотод боллоо. Хотын төв гудамжуудаар 86 дахь удаагийн гоёмсог сүрт жагсаал өнгөрөн, 3 сая гаруй хүмүүс бодитоор үзэн, 50 сая гаруй америкчууд гэртээ үндэсний телевизээр уг жагсаалыг тольдлоо.

1924 оноос эхлэн их дэлгүүрүүдийн хүчирхэг сүлжээ Macy”s уг жагсаалыг зохион байгуулж байгаа билээ. Энэхүү жагсаал нь хүүхдүүдийн дуртай хүүхэлдэйн кинонууд, үлгэрийн баатрууд болох Микки Маус, хүн-аалз Спайдерман, Кунг-фу панда, Китти муур, Кермит мэлхий, Харольд цагдаа, видео тоглоомын баатар Сонник зараа зэргийн дүрс хэлбэр бүхий аварга том агаарын бөмбөлгүүд хөөргөдгөөрөө алдартай юм. Саяын арга хэмжээний үеэр 60 гаруй ийм аварга бөмбөлгүүд хөөрчээ.

Мөн АНУ-ын томоохон мегаполис хотын гудамжаар тус орныг үндэслэгч Жорж Вашингтон, Авраам Линкольн нарын аварга дүрс, “далайн дээрэмчдийн” дарвуулт хөлөг онгоц, тусгай зассан тавцан дээр том улаан алимны дүрс бүхий Нью-Йорк хотын том макет, аварга том цацагт хяруул явж өнгөрсөн байна. Түүнээс гадна, тамирчид, алиалагчид, акробатчид,төрөл бүрийн оркеструуд, тэр бүү хэл, Нью-Йоркийн хөрөнгийн биржийн “тоглогчдын” хамт олон жагсаалаар өнгөрөн үзэгчдийн нүдийг хужирлажээ.

Жагсаалын төгсгөлд Jingle Bells шинэ жилийн дуутай хамт Санта-Клаус гарч ирэн, том тавцан дээр буга хөлөглөсөн чарган дээрээ суун хотын гудамжаар өнгөрч АНУ-д Зул сарын сезон эхэлснийг зарлалаа.

Олон америкчуудын хувьд энэхүү баяр бүх барааны үнэ 40-90% буурдаг  “хар Баасан гаригийн” зад хямдралаар эхлэн зул сарын бэлгээ энэ үед ихэвчлэн худалдаж авдаг байна.

Статистик мэдээллээс харахад, сүүлийн жилүүдэд энэ өдрийн орлого 10 тэрбум доллар даван, 150 сая гаруй хүмүүс худалдан авалт хийж байгаа аж.

Д.Мигаа 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top