“Хар Баасан” гариг хэмээн нэрлэгддэг зад хямдралын үеэр гэр ахуйн цахилгаан бараа болон хувцас хунар хүмүүс ихээр худалдаж авчээ. Хямдрал туссан бараанууд дэлгүүрүүд нээгдсний дараахан лангуун дээрээс арчигдсан мэт алга болсон байна.
“Хэрэв та худалдааны танхимд орох эхний хүмүүс дотор багтаж амжвал бараг л бэлэг гэж хэлж болохоор асар хямдарсан барааг худалдаж авч чадна” хэмээн жижиглэн худалдааны нэгэн том хапермаркет дотор байсан хүмүүс сурвалжлагчид ярьжээ.
Walmart-д гэхэд 70 гаруй хувь хүртэл хямдарсан бөгөөд ихэвчлэн кофе чанагч, тоос сорогч, гал тогооны комбайнууд хямдралд хамрагдсан аж.
“Америкчуудын төлбөрийн чадвар өссөн нь харагдаж байна. Хүмүүс маш идэвхтэй худалдан авалт хийж байна. Хамгийн гүйлгээтэй бараанууд бага зэрэг хямдарсан ч гэсэн маш сайн зарагдаж байлаа” хэмээн Нью-Йоркийн Манхэттен районы 5-р авенюд байдаг нэгэн фирмийн дэлгүүрийн менежер Жон сэтгэл хангалуун өгүүлсэн байна.
Хамгийн гүйлгээтэй бараанд Apple фирмийн iPhone5 гар утаснууд, iPad планшет компьютерийн сүүлчийн загварууд орж байна. Мөн Өмнөд Солонгосын өрсөлдөгчдийнх нь смартфонууд их эрэлт хэрэгцээтэй байна. Ялангуяа Samsung Galaxy 3, Samsung Galaxy Note 2 их эрэлттэй байгаа аж.
Флоридад хамгийн их сүртэйгээр “хар Баасан” гаригийг угтсан байна. Орон нутгийн сурвалжлагчдын ярьж буйгаар Best Buy дэлгүүрүүдийг гэхэд шуурга мэт дайрцгаасан аж. Олон идэвхтэй нөхдүүд хэдэн өдрийн өмнөөс эхлэн дэлгүүрүүдийн ойролцоо палатка барин, гадаа хонож өнжин хямдрал эхлэх цагийг хүлээсэн байна.
Энэ жилийн хямдралын үеэр хүмүүс бүхэл бүтэн гэр бүлээрээ худалдан авалт хийж байна. Өмнө жилүүдэд ихэвчлэн эмэгтэйчүүд наймаа хийдэг байсан бол энэ жил тэд нөхөр, хүүхдүүдээ дагуулан ирж худалдаа хийж байгаа аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )