Зөвлөлтийн болон оросын боловсролын туршлагаас Их Британи авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Математикт авьяастай сурагчдыг ЗХУ-ын үед тусгай гүнзгийрүүлэн сургаж байсан загварыг энд хэрэглэхээр болжээ. Ийм маягаар Нэгдсэн вант улсын боловсролын сайд Майкл Гоув төрийн өмчийн сургуулиудын математик сургалтын чанарыг сайжруулахаар төлөвлөж байна.
Энэ төрлийн анхны сургууль 2014 онд лондонгийн King”s College-ийг түшиглэн ажиллаж эхлэх аж. Энд сурагчдыг математикт гүнзгийрүүлэн сургаж, шилдэг их сургуулиудад элсэх бэлтгэлийг хангуулах юм байна.
Сурагчдыг сонгон шалгаруулахдаа ярилцлага, шалгалт, зуны курсуудын дүнг үндэслэн маш чанга шалгуураар авах аж. Одоогийн байдлаар King”s College боловсролын шинэ төсөлтэй холбоотой өөрсдийн стратегиа боловсруулж байна.
Загвар болгон дууриах сургуулиар британичууд Москвагийн улсын их сургуулийн дэргэдэх физик-математикийн алдартай дунд сургуулийг сонгож авсан аж. Энэхүү сургуулийг 1963 онд XX зууны нэртэй эрдэмтдийн нэг Андрей Колмогоров үндэслэсэн билээ. Тус сургуульд жил бүр хамгийн авьяастай 200 хүүхдийг сонгон авч, тэдэнд МГУ-ын багш, аспирант, оюутнууд хичээл заадаг аж.
Колмогоровын сургуулийг төгсөгчдөөс 300 доктор, 700 дэд эрдэмтэн төрсөн байна. Мөн компьютерийг вирусээс хамгаалах салбарын дэлхийн шилдэг мэргэжилтнүүдийн нэг Евгений Касперский энэ сургуулийг төгссөн аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )