Европын сүү үйлдвэрлэгчдийн эсэргүүцлийн жагсаал эмх замбараагаа алдан, цагдаа нартай сөргөлдөхөд хүрчээ.
Сүү худалдаалах үнийн бууралтыг эсэргүүцсэн тэдний жагсаал Даваа гаригийн өдөр Брюссель хотод Европарламентын байрны өмнө эхэлсэн ба оройхон болох үед тэд уг байшинг сүүгээр цацаж будсан аж. Уурлаж хилэгнэсэн жагсагчид 15 мянга орчим литр сүүг байшингийн ойр орчимд асган, хэв журам сахиулагчидтай зодолдоход хүрчээ. Тэднийг Европарламентын байр руу нэвтрэхээр дайрах үед цагдаа нар даралтат усан шүршүүр болон нулимс асгаруулагч хий хэрэглэн зогсоосон аж.
Парламентын хашаа бүхэл өдөржингөө чангатгасан харуул хамгаалалтаар хүрээлэгдсэн ба Люксембургийн талбай дээр Европарламентын байрны өмнүүр халуун агаараар үлээх систем бүхий хаалтыг татсан байна.
Жагсаал хоёр өдөр үргэлжлэх тул зохион байгуулагчдын зүгээс био бие засах газрын талаар санаа тавьж эхэлжээ.
Брюссель рүү бельгийн мужууд болон Франц, Голланд, Германы сүү үйлдвэрлэгчид 800 трактороор ирсэн бол бусад орны оролцогчид автобусаар иржээ. Цагдаагийн мэдээлж буйгаар, 2000 гаруй хүмүүс жагсаалд оролцож байгаа аж.
Гол төв замуудыг жагсагчид хаагаад байгаа тул замын хөдөлгөөнд хүндрэл учраад байгаа юм байна. Зохион байгуулагчдын төлөвлөснөөр бельгийн сүү үйлдвэрлэгчид Даваа гаригтаа буцацгаан, бусад орны жагсагчид Мягмар гаригт үргэлжлүүлэх тул Брюсселийн жолооч нар бас нэгэн “хар өдрийг” угтаж байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )