6 сая еврогийн торгууль ноогдуулав

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 27

Испанийн эрх баригчид The Basque Country өөртөө засах мужийн нэгэн хувийн компани Ираны цөмийн хөтөлбөрт ашиглагдах тоног төхөөрөмжийн хууль бус наймаа хийснийг илрүүлсэн байна. Уг үйлдэл нь Тегеран, НҮБ-ын хооронд хийгдсэн хэлцэл болон, үй олноор хөнөөх зэвсгийг түгээн дэлгэрүүлэхийн ба давхар зориулалтын бүтээгдэхүүний экспортын эсрэг чиглэсэн испанийн хуулиудыг зөрчсөн аж.

Дурангод байрладаг энэ фирмд хууль бус наймаа хийсний төлөө эрүүгийн хариуцлага хүлээлгэн, 6 сая еврогийн торгууль оногдуулсан байна.

2009 оны есдүгээр сард уг фирм Иран руу атомын цахилгаан станцад хэрэглэгддэг турбины эд ангийг үйлдвэрлэх зориулалтын зургаан суурь машиныг экспортод гаргах лицензийг хүсэн татгалзсан хариу авсан аж. Эрх мэдэлтнүүдийн зүгээс тэрхүү тоног төхөөрөмж нь давхар зориулалтын тул Ираны цөмийн хөтөлбөрийг өргөжүүлэхэд ашиглагдах боломжтой хэмээн үзэж хориглосон байна.

Анхны оролдлого бүтэлгүй болонгуут уг фирмийнхэн тоног төхөөрөмжөө Туркээр дамжуулан Иран руу гаргах зальтай арга сэджээ. Үүний тулд ираны түншүүдийн Стамбулд байгуулсан фирмийг ашигласан байна. Испанийн гааль бичиг баримтын бүрдүүлэлт хийн, ачаа Турк рүү илгээгдсэн аж.

“Үнэн хэрэгтээ, бүх зүйл эсрэгээр явагдан, уг тоног төхөөрөмж Стамбулд очингуут цаашаа шууд Иран руу илгээгдсэн” хэмээн вант улсын татварын агентлаг мэдээлжээ.

Саяхан Испанид цөмийн зэвсэг болон материалыг түгээн дэлгэрүүлэхгүй байх тухай журмын хэрэгжилтэд чиглэсэн “Какум” ажиллагааны хоёр дахь шатны шалгалт явагдах үеэр тус компанийн төв байранд нэгжлэг хийн, гаалийн ажилтнууд тоног төхөрөөмжтэй холбоотой бичиг баримтууд илрүүлснийг шалгаж байгаа аж.

Д.Мигаа  

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top