Ясир Арафатыг буцаан оршууллаа

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 27

Иордан голын баруун эрэгт мавзолейд хадгалагдаж байсан Палестины удирдагч Ясир Арафатын цогцсын задлан шинжилгээ дуусан, шинжээчид хэрэгцээт биоматериалаа авсны дараа түүнийг ёслол төгөлдөр буцаан оршууллаа.

Одоо Орос, Франц, Швейцарийн мэргэжилтнүүд цогцсоос авсан материалаа ашиглан Ясир Арафат полони-210-аар хордсон эсэхийг тогтоох үлдлээ. Одоогоор материалуудыг ямархуу байдлаар судлан шинжлэх, хэзээ үр дүнг нь зарлах талаар тодорхойгүй байгаа аж.

Эрх баригчдын шийдвэрийн дагуу задлан шинжилгээний бүхий л үйл ажиллагааг нууцалж байсан ба мавзолейн газар нутгийг бүслэн хамгаалж, тентээр хучсан байна. Уг ажиллагаанд оролцсон бүх хүмүүс сэтгүүлчдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх хориотой аж.

Арафатын үхлийг мөрдөж буй зөвлөлийн тэргүүн Тауфик Тирави “Манайд Арафатыг израильчууд хордуулж амийг нь хороосон гэсэн цуу яриа түгээмэл байдаг. Иймд Ясир Арафатын үхлийн талаар үнэнийг тогтоох зайлшгүй шаардлагатай байна” хэмээн өгүүлжээ.

Д.Мигаа 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top