Есдүгээр сард Москвагийн эмч нар хоёр настай хүүд нь хоёр хоногийн амьдрах хугацаа үлдлээ хэмээн Хабаровскийн залуу хосуудад мэдэгдсэн байна. Тэдний бяцхан хүү цусны хорт хавдрын хүнд хэлбэрийн өвчин туссан аж.
Орост хүүг эмчлэх ямар ч боломжгүй хэмээн мэдэгдсэн тул эцэг эх нь шуурхайлан гадаадын эмчилгээний төвүүд рүү хүсэлт илгээсэн байна. Ингээд Японы Токиогийн эмнэлэг хамгийн түрүүнд Савелий хүүг хүлээн авахад бэлэн хэмээн мэдэгджээ. Мөн Герман, Өмнөд Солонгос, Израилийн эмнэлгүүд зөвшөөрсөн байна.
Зунаас хойш олон нийтийн сүлжээгээр мөнгө хуримтлуулах кампанит ажил өрнүүлсний ачаар Савелий хүү эцэг эхийн хамт аравдугаар сард Японы эмнэлэгт эмчлүүлэхээр ирсэн аж.
Бяцхан Сава хүү эмнэлгийн амьдралд аль хэдийн дасчээ. Дуслын шингэн дамжуулах уян зүү бэхэлж боосон гар нь хүүг өрдөг тоглоомоороо цамхаг байгуулан, зураг зурахад огт саад болдоггүй аж. Арванхоёрдугаар сард хүү хоёр ойндоо хүрэх ба түүний амьдрал эмнэлгийн өрөө, ээжтэйгээ хөтлөлцөн химийн эмчилгээндээ очдог нарийхан хонгил гудамжаар хязгаарлагдаж байна. Гэвч бяцхан хүүгийн эрүүл мэндийн байдал үхлийн ирмэгт тулж очиж байснаа бодвол харьцангуй сайжирчээ. Боолттой гарыг эс тооцвол гаднаасаа цоо эрүүл хүүхэд шиг харагдаж байгаа аж.
Савелий хүүгийн биеийн байдлыг япон эмч нар маш амжилттай хэмээн дүгнэж байгаа ба сүүлчийн найдвар болох чөмөг шилжүүлэн суулгах мэс ажилбарыг гүйцэтгэх нөхцөл бүрдээд байгаа юм байна. Харин мэс заслын үнэ болох 250 мянган доллар залуу гэр бүлд байхгүй байгаа учир саяхнаас интернетэд “Саваг аварцгаая” гэсэн тусгай вебсайт ажиллан хандив цуглуулж эхэлжээ. Эмчилгээний зардал бүрдсэн тохиолдолд чөмөг шилжүүлэх мэс заслыг нэгдүгээр сард хийхээр төлөвлөж байгаа аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )