Сири улс интернетгүй болжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 30

Сирийн эрх баригчид өөрийн иргэдийг хооронд нь харилцуулахгүйн тулд зориуд интернет холболтоо тасаллаа хэмээн Америкийн төрийн департментын албан ёсны төлөөлөгч Виктория Нуланд мэдэгджээ. Энэхүү үйлдлийг АНУ-д хэлэлцэж байна хэмээн тэрээр өгүүлэв.

“Сири дахь орон нутгийн зохицуулах зөвлөлүүдээс Асадын дэглэм утсан холбоо, интернет гэх мэт бүх төрлийн холбоог улс даяар болон Дамаск, түүний ойролцоох хотууд, мөн Хама, Хомс, Тартуст салгахаар төлөвлөж байна гэсэн мэдээлэл бидэнд ирсэн. Сирийн ард түмнийг санал бодлоо илэрхийлэх, харилцан хамтран ажиллах боломжийг тасалдуулж байгаа энэхүү үйлдлийн талаар бид хэлэлцэж байна” хэмээн Нуланд тайлбарласан байна.

Түүний үгээр, энэ бол засгийн эрхийн төлөө улайран тэмцэж байгаа увайгүй үйлдэл хэмээн дүгнэжээ.

Энэ үеэр Сирийн мэдээллийн сайд интернетийн тасралтад террористуудыг буруутгасан байна. “Террористууд зарим районы интернет-кабелийг тасалсан” хэмээн сирийн телевизээр мэдэгдэл хийхдээ өгүүлжээ. Сайд мөн Дамаскийн олон улсын нисэх буудал хаагдсан тухай мэдээллийг үгүйсгэсэн байна.

Сөрөг хүчнийхэн нисэх буудлын талбайг минометоор буудсаны улмаас Emirates, Egypt Air компаниудын нислэгүүд цуцлагдсан аж.

Америкийн Renesys компанийн мэдээлснээр, Сири улсын Интернет Пүрэв гаригт, манайхаар,18 цаг 26 минутад тасарсан аж.

Дашрамд дурдахад, 2011 оны гуравдугаар сард тус улсад иргэний дайн эхэлснээс хойш 37 мянга гаруй хүн амь үрэгдээд байгаа билээ.

Д.Мигаа  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top