Камчаткийн районд хоёр газар хөдлөлт болжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 01

Баасан гаригт Камчаткад Плоский Толбачик галт уулын районд 5,5 ба 4,8 баллын хүчтэй хоёр газар хөдлөлт болжээ. Гэвч гарз хохирол учирсангүй хэмээн Оросын Геофизикийн албаны Камчатка дахь салбараас мэдээлсэн байна.

Эхний 5,5 баллын газар хөдлөлтийн төв хэсэг нь “Северный прорыв” галт уулнаас зүүн зүгт байсан ба голомт нь гүндээ 7,6 км байжээ. Үүнээс хоёр цагийн дараа мөн энэхүү районд 4,8 баллын, гүндээ 9,4 км газар хөдлөлт болсон байна.

Эдгээр газар хөдлөлтүүд нь Плоский Толбачик галт уул аравдугаар сарын 27-ны орой буюу 1976 оны арванхоёрдугаар сараас хойш 36 жилийн дараа ахин сэргэж эхэлсэнтэй холбоотой хэмээн мэргэжилтнүүд үзэж байгаа аж.

Камчаткийн галт уул судлалын институтээс мэдээлснээр, галт уулаас урссан лав замдаа эрдэм шинжилгээний ажилтнуудын хэд хэдэн баазыг сүйтгэжээ.

Галт уул байнгын ажиглалтад байгаа ба одоогоор хүн амд учрах аюул хараахан мэдэгдээгүй байна. Энэхүү галт уул нь далайн түвшнээс дээш 3085 метрт оршдог бөгөөд Камчаткийн зүүн зүгийн Ключевскийн бүлэг галт уулст хамаарагддаг аж. Тэрээр Ключи суурингаас 63 км, Петропавловск-Камчатскаас 343 км зайд оршдог юм байна.

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top