Бүх дэлхийг хамарсан интернет сүлжээ ашиглагчид Шинэ Зеландын зурагчин Жон Кроуфордын бүтээлүүдийг өндрөөр үнэлжээ.
Энэхүү зурагчин нь 1980-аад оноос эхлэн нүцгэн эхнэрийнхээ гэрэл зургийг тэнгэрээс, нисдэг тэрэгнээс авдаг байсан аж. Зураач эр янз бүрээр хийсвэрлэн сэтгэж, эхнэрээ гахайн ферм рүү, галт тэрэгний дугуйн дор, тариалангийн талбай дээр гээд хаа сайгүй аваачин, нүцгэнээр зургийг нь авдаг байжээ.
Кроуфордын бүтээлүүд дотор хүрээлэн буй байгалийн үзэсгэлэн, нүцгэн биеийн гоо сайхантай маш сайхнаар хослон харагддаг байна.
1984-1987 онуудад авсан гэрэл зургийн кадрууд дөнгөж сая л интернетэд тавигдаж байгаа ба гэрэл зураг сонирхогчдын дунд ихээхэн шуугиан тарьж байгаа аж.
Кроуфорд өөрийн вэбсайтыг нээн, түүндээ сүүлийн 30 жилийн турш хийсэн бүтээлүүдээсээ шилдгүүдийг нь байршуулжээ. Эхнэрээ нүцгэнээр, өндрөөс зургийг нь авах санаа анх түүнд “үндсэн ажлаа” хийж байх үед нь толгойд нь орж ирсэн аж.
Кроуфорд ажил үүргийн шугамаар нисдэг тэргээр их явдаг байсан бөгөөд өндөр дээрээс байгалийн гоёмсогийг ажиглах маш их дуртай байжээ. Түүний өгүүлснээр, тэдгээр зургуудаараа байгалийн үзэсгэлэнг бахдах сэтгэлийг илэрхийлэн, түүний фон дээр хүн гэгч хичнээн өчүүхэн харагдаж байгааг толилуулахыг зорьсон байна.
Жон Кроуфордын авсан гэрэл зургуудыг дэлхийн олон орны фото сонирхогчид өндрөөр үнэлж байгаа ба тэрээр энэхүү алдраа ашиглан, Нью-Йоркт өөрийн зургийн үзэсгэлэнгээ гаргахаар төлөвлөж байгаа аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )