Ням гаригт болж өнгөрсөн Словенийн ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатанд экс-ерөнхий сайд Борут Пахор ялалт байгууллаа хэмээн тус улсын Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлжээ. Санал тооллогын эцсийн үр дүнгээр түүнийг нийт сонгогчдын 67,3% дэмжсэн байна.
Борут Пахор 1963 оны арваннэгдүгээр сарын 2-нд словенийн Постойна хэмээх багавтар хотод төржээ. Тэрээр Люблянскийн их сургуулийн социологи-улс төр, сэтгүүл зүйн факультетийг төгссөн аж. Борут Пахор төрийн гурван өндөрлөгийн албыг хашиж буй словенийн анхны улс төрч юм: 2000-2004 онд Их хурлын дарга, 2008-2011 онд Словенийн засгийн газрын тэргүүнээр ажиллаж байгаад 2011 оны есдүгээр сард парламентын гишүүдийн шахалтаар албан үүргээсээ чөлөөлөгдсөн аж.
Энэ удаагийн төрийн тэргүүний сонгуульд Борут Пахортой одоогийн Ерөнхийлөгч, 60 настай Данило Тюрк өрсөлдөн, сонгогчдын 32,7% санал авсан байна. Тэрээр ард түмэндээ хандан өөрийн ялагдлыг илэрхийлж, сэтгэлийн үгээ хэлжээ: “Өнөөдөр намайг дэмжсэн болон таван жилийн өмнө намайг улсын ерөнхийлөгчөөр сонгож байсан бүх хүмүүст хандан баярлаж талархаж буйгаа илэрхийлэхийг хүсэж байна. Өнгөрсөн хугацаанд Словенийн ард түмний төлөө миний болон манай багийн хамт олны гаргасан хичээл зүтгэлийг тодорхой хэмжээгээр үнэлнэ гэдэгт найдаж байна” хэмээн өгүүлсэн байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )