АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Вашингтонд Үндэсний хамгаалалтын их сургууль дээр илтгэл тавихдаа хэрэв Сирийн засгийн газар өөрийн ард түмний эсрэг химийн зэвсэг хэрэглэхээр шийдвэл үүнийхээ төлөө "хатуу хариуцлага" хүлээх болно хэмээн мэдэгджээ. Энэхүү анхааруулга америкийн тагнуулчдын зүгээс Сирид химийн зэвсэгтэй объектууд “хөл хөдөлгөөнд” ороод байна гэсэн мэдээлэл ирснээс үүдэлтэй аж.
“Сирийн Ерөнхийлөгч Башар Асад болон түүний хамтрагчид дэлхий даяар тэдний үйлдлийг ажиглаж байгаа гэдгийг анхаараасай хэмээн хүсэж байна. Бид химийн зэвсэг хэрэглэх явдлыг яавч байж болшгүй зүйл хэмээн үздэг, хойшид ч үзсээр байх болно” хэмээн Обама өгүүлсэн байна.
“Хэрэв та нар анхааруулсаар байтал энэхүү зэвсгийг хэрэглэн, эмгэнэлт алдаа гаргавал үр дагаврыг нь “хариуцах” болно. XXI зууны амьдралд өнгөрсөн зууны хамгийн аймшигт зэвсгийн хар сүүдэр бүү тусаасай хэмээн дэлхий дахинаар хүсэж байна” хэмээн онцлон тэмдэглэжээ.
Өмнө нь Цагаан ордны хэвлэлийн нарийн бичиг Жей Карни мөн энэ талаар сануулж байсан ба одоо Чехэд айлчлал хийж яваа төрийн нарийн бичиг хатагтай Хиллари Клинтон ч бас Сирийг химийн зэвсэг хэрэглэсэн тохиолдолд АНУ “тодорхой алхмууд” хийх болно хэмээн мэдэгдсэн байна. Харин ямар алхмууд хийх төлөвлөгөөтэй байгаа нь одоогоор тодорхойгүй байгаа аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )