Хөл бөмбөгийн шигшээ баг алга болжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 04

Зүүн африкийн Эритрея улсын хөл бөмбөгийн шигшээ баг Угандад тэмцээнд оролцохоор ирсний дараа бүрэн бүрэлдэхүүнээрээ алга болжээ. 13 тоглогч эмчтэйгээ ор сураггүй алга болсон ба тэднийг хайж байгаа аж. Орон нутгийн хууль сахиулагчдын үзэж буйгаар, тамирчид улс төрийн орогнол хүсэх зорилгоор алга болсон бололтой.

НҮБ-ын төлөөлөгчдийн өгүүлснээр, Эритрея улс нь дэлхийн хамгийн хаалттай орон аж. Энэ онд олон улсын ажиглагчид ор үндэсгүй баривчилгаа, цаазлалт, олон мянган улс төрийн хоригдлуудынх нь төлөө тус орны эрх баригчдыг буруутган шүүмжилсэн байна.

Угандад ирсэн хөл бөмбөгийн шигшээ баг нь Зүүн ба Төв Африкийн Хөл бөмбөгийн холбооноос зохион байгуулж буй аварга шалгаруулах тэмцээнд оролцох ёстой байжээ.

Хөл бөмбөгчдийн алга болсон тухай баримтыг Угандын Хөл бөмбөгийн холбооны хэвлэлийн нарийн бичгийн дарга баталгаажуулсан байна. Алга болохын өмнө тэд Угандад амьдардаг хамаатнууддаа зочлох тухай ярьж байжээ.

НҮБ-ын тоо баримтаас харж байхад, Эритрея улсад эх орноосоо урвах үзэгдэл бараг л “спортын үндэсний төрөлд” хамаарахаар болсон аж. Хүмүүс бөөн бөөнөөрөө эх орноосоо зугатаж байна. Энэ удаагийн хөл бөмбөгчдийн орголт тус улсын хувьд анхных биш юм. Өнгөрсөн оны долоодугаар сард мөн 13 хөл бөмбөгчин оргож, Танзани улсаас орогнол хүссэн, 2009 онд шигшээгийн 12 тамирчин Кени улсад алга болсон гэх мэт.

Д.Мигаа

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top