НҮБ Сирид буй ажилтнуудынхаа тоог багасгав

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 05

Сири улсад хүмүүнлэгийн тусламж, үйлчилгээ үзүүлж буй мэргэжилтнүүдийнхээ тоог НҮБ-ын зүгээс хорогдуулсан байна. Энэ талаар НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын бие төлөөлөгч Мартин Несирке сэтгүүлчдэд мэдэгджээ.

Тус оронд өрнөж буй иргэний дайны ажиллагаа сүүлийн долоо хоногт улам ширүүсэн, НҮБ-ын дөрвөн ажилтан Дамаск хотын ойролцоо шархдаж гэмтсэний улмаас ажилтнуудынхаа аюулгүй байдлыг харгалзан энэхүү шийдвэрийг гаргасан бололтой. Үлдсэн мэргэжилтнүүд нь Сирид үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн НҮБ-ын олон улсын хүнсний хөтөлбөр болон бусад чиглэлээр тусламжийн үйлчилгээг үзүүлж байна.

НҮБ-ын тоо баримтаас харахад, тус орны 2,5 сая хүмүүст хүмүүнлэгийн яаралтай тусламж шаардагдаж байгаа ба 500 мянга орчим сиричүүд аюулаас зугатан, бусад орны нутаг дэвсгэрт толгой хоргодож байгаа аж. Өнгөрсөн долоо хоногт НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Муны мэдэгдсэнээр, 2013 оны эх гэхэд сирийн дүрвэгсдийн тоо 700 мянгад хүрэхээр байна гэжээ.

Д.Мигаа   

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top