Олон улсын хөл бөмбөгийн нийгэмлэгүүдийн холбооны ерөнхийлөгч Йозеф Блаттер голландын шүүгч Ричард Ниувенхейзений амь үрэгдсэн явдалд гүнээ харамсаж буйгаа илэрхийлсэн байна. Өсвөр насны хүүхдүүд шүүгчийг үхтэл нь зодсон энэхүү эмгэнэлт мэдээг сонсоод цочирдсон хэмээн Блаттер өгүүлжээ.
Голландын хөл бөмбөгийн нийгэмлэгт хаягласан FIFA-гийн ерөнхийлөгчийн захидалд “Хөл бөмбөг бол нийгмийн толь гэсэн үг. Харамсалтай нь, нийгэмд газар авсаар буй олон сөрөг зүйлсийн нэг болох хүч хэрэглэх үзэгдэл манай тоглоомонд илэрсэн нь үнэхээр таагүй санагдаж байна” хэмээн дурдсан байна.
Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, маш хүнд гэмтсэн шүүгчийг эмнэлэгт хүргэсэн боловч удалгүй нас барсан аж. Голландын эрүүл мэнд, спортын яам болон хөл бөмбөгийн нийгэмлэгийн зүгээс энэхүү түрэмгийллийн хэлбэрийг “үгээр дүрслэхийн аргагүй тэнэг үйлдэл” хэмээн мэдэгджээ.
Дашрамд дурдахад, 41 настай талийгаач шүүгч Ричард Ниувенхейзен тухайн үед Амстердамын Nieuw Sloten ба Алмерийн Buitenboys багуудын хоорондох өсвөрийн хөл бөмбөгчдийн тэмцээнийг шүүж байсан ба Амстердамын багийг хожигдсны төлөө 15-16 насны хөгжөөн дэмжигчид нь шүүгчид уураа гарган, дайрч зодсоноос энэхүү эмгэнэлт явдал болсон билээ.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )