Сонгуулийн будлианаас үүдэн мөргөлдөөн гарчээ

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 22


Өнгөрсөн бямба гарагт баруун Африкийн Нигери улсад болсон сонгуулийн санал хураалтын дараа мөргөлдөөн гарсны улмаас 200 орчим хүний амь эрсэдсэн байна. Энэ тухай тус улсын хүний эрх хамгаалах байгууллагын төлөөлөгчид мэдээлжээ. Сонгуульд одоогийн төрийн тэргүүн, өмнөд нутгаас гаралтай христийн шашинт Гүдлак Жонатан ялалт байгуулсан бөгөөд албан ёсны мэдээгээр түүний төлөө сонгогчдын 57 хувь нь саналаа өгсөн байна. Мөргөлдөөний голомт нь тус улсын хойд нутаг бөгөөд тэнд сонгуульд удаалсан мусульман шашинт Мухаммед Бухарийг дэмжигчид голдуу амьдардаг юм. Санал хураалтын дүнг будлиулсан тухай маргааны улмаас умард нутгийн Кадуна, Сокото, Баучи, Гомбе мужуудад хоёр нэр дэвшигчийг дэмжигчдийн хооронд мөргөлдөөн гарсан байна. 150 сая хүн амтай Нигери нь газрын тосны олборлолтоор Африк тивд тэргүүлдэг экспортын хэмжээгээр дэлхийд наймд ордог томоохон улс билээ. Тус улсын хүн ам 260 гаруй омог аймгаас бүрддэг тул үндэстэн ястан болон шашин хоорондын мөргөлдөөн байнга дэгддэг аж.

Эх сурвалж: МОНЦАМЭ мэдээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top